Тос даасан бор хөрс, буудай соёолсон талбай, зусландаа буусан Жаамаагийнх

Нийгэм, Эдийн засаг

 Мангиртын хөндийд соёолсон буудай

Зуны эхэн сарын зөөлөн бороо цонхны шил даган бөмбөрнө.  Үүрээр орсон бороо өдөржин зүсрэх  нь гарцаагүй.  Хэдхэн хоногийн өмнө цацсан үр хэдийнэ соёолох маяг орж,  хөндий тэр чигээрээ ногоон судал татсан харагдана.  Мангиртын хөндийд  нам гүм ноёлно.  Чийгний  тийм гэхийн аргагүй таатай үнэр хамар цоргиход  шөнөжин машинд бүүвэйлэгдсэн зочид эхнээсээ сэрж, “ Аа янзтай байна аа. Хөдөө ийм гоё шүү. Гар утасны сүлжээ ч барихгүй. Ардаа ажилгүй бол энд хэд хонохсон “  гээд  эвшээх,  суниах хоёрыг зэрэгцүүлнэ.  Ажилчдын байрны үүдний саравчны хөндлөн модон дээр  хоёр богширго боовны үртэс тоншиж байснаа  нэг нь амандаа юу ч юм  зуугаад нисч  одов. Бодвол ангаахай руугаа зөөж байгаа биз.  Өчигдөрхөн л тариан талбайд тоос татуулан хүржигнэж байсан тракторууд шиврээ бороонд угаагдан  гял цял  болжээ.   Параданд  хөл тавих гэж  байгаа цэрэг шиг л.  Саравчны дор дөрвөн залуу  их л сонирхолтой зүйлийг ярьж байгаа бололтой үе үе пир  хийтэл  инээх юм.  Насаар арай ахимаг  нь  байж мэдэх   жижигхэн бор  нөхөр өөдөөс харан зогсох залуугийн малгайг шүүрч дээш нь шидэхэд  тэднээс холгүй зогсч байсан  өндөр  залуу  үсэрч аваад  дамжуулж байгаа харагдав.  Залууст  их л зугаатай байгаа бололтой. Их ажлын ард гарсан хүмүүс арга ч үгүй биз.  Мангиртын  талд  шинэ өглөө ийн эхэллээ.

    Аваргын хүү аварга

Улсын тэргүүний Мандал сумыг зорих бүрт миний сэтгэл хөөрч догдлох  нь бий.  Очих бүртээ ганзага дүүрэн  олзтой ирдэг болохоор тэр.  Энэ удаад Засаг дарга асан Б.Цээпилдоржийн урилгаар  Хэрх тосгоны тариаланч, аймгийн  аварга Н.Эрдэнэбатыг зорьж гарсан нь энэ.  Засаг ноён биднийг  Түнхэл рүү эргэдгийн   үзүүр дээр тосч уулзангаа  “ Манай Н.Эрдэнэбат өдийд  Мангиртын хөндийд тракторынхоо кабинд л явж байгаа. Тариаланчид чинь үүр хаяарахтай зэрэгцээд л ажилдаа гардаг юм шүү дээ.  Аваргын хүү аварга л байдаг юм билээ. Та бүхэн уулзаад л мэднэ  гэсээр урд орон давхисан.  Үнэхээр тийм  байсан.   Биднийг түүний тариа бригад дээр очиход тэр эзгүй байв.   Тогоочийн хэлснээр,  тэрбээр  өчигдөр орой Эрдэнэшиш тариалсан талбай руугаа явжээ.  Биднийг  зуух тойрон сууж, унд цай болж байх зуур  “Тансаг тариа” ХХК-ий захирал, аймгийн аварга тариаланч Н.Эрдэнэбат талбайнхаа захад бууж байгаа харагдав.  “Манайх 640 га  эргэлтийн  талбайтай бөгөөд түүний 50 хувьд буюу 302 га-д д улаанбуудай,   20 га-д  эрдэнэшиш тарьсан.  Энэ жилээс эрдэнэшиш тариалж үзэж байгаа юм. Түүнийгээ эргэж яваад ирлээ,  туршилт гэхэд сайхан ургаж байна хэмээсээр  бидэнтэй уулзсан.

Н.Эрдэнэбатын ажил амьдрал, амжилтын талаар өгүүлэхээс өмнө түүний авга ах нарыг онцлох ёстой болов уу.  БНМАУ-ын хөдөлмөрийн баатар, улсын 10 удаагийн ургацын аварга, аваргуудын “автор” гэгддэг,   шинэ цагийн Монгол Улсын  анхны фермерч   Х.Цайван гуай түүний авга ах.  Баатрын том ах Х.Аюуш нь улсын ургацын  аварга тариаланч бол  Эрдэнэбатын  аав Х.Нямдаваа нь улсын хошой   аварга  гээд төсөөл дөө.  Улсын дөрвөн удаагийн ургацын аварга болно гэдэг хэн хүний мөрөөдөөд бүтдэг асуудал биш нь ойлгомжтой. Ийм гайхамшигтай хөдөлмөрч хүмүүсийн дунд төрж, өссөн  түүнийг ясны тариаланч гэлгүй яах  билээ. Авга нараараа гоёх тэрбээр  1995 оноос сэтгэлийнхээ дуудлагад хөтлөгдөн  газар тариалангийн салбар руу орсон аж. Түүний тэргүүлдэг   “Тансаг тариа” ХХК  өнгөрсөн намар 450 га-д тариалалт хийж га тутмаас 14,2 цн ургац хураасан амжилтаараа  аймагтаа тэргүүлсэн байна.  Тэрбээр дуу цөөтэй нэгэн бололтой.  Өөрийнхөө тухай ярих болохоор  “Дэмий байх аа. Манай залуучуудтай уулзвал яасан юм бэ. Тэдэнд маань урам өг л дөө”  гэх нь даруу хүний зан гэлтэй.  Н.Эрдэнэбат “ Миний хүүхэд нас энэ л хөндийд өнгөрсөн. Эдүгээ ч энэ л хөндийдөө ажиллаж, амьдарч явна. Би  хоёр дахь үеийн тариаланч.  Сэлэнгэчүүд  “Ах дүү гурван аваргын үр сад” хэмээн биднийг их хүндэлдэг. Тэр их  итгэлийг  нь даахын төлөө хэрэндээ л хичээх юм.  Би долдугаар ангиасаа л трактор барьж сурсан.  Трактор барьж сурах гэж боломж олдвол “Аав та жаахан амраач, би жаахан барьж үзий л дээ” гэнэ.  Эвдэж ч үзсэн, эвлүүлж ч сурсан.  Тэр үеийн аваргууд газрыг  хээлэх мэт  уран хагална.  Торгон утсаар  шаглаж байгаа мэт уран хагалгааг хийж сурахын төлөө их ч хичээсэн. Ах нарын энд хүрэхгүй ч өөрийнхөө хэмжээнд хагалж сурсан шүү. Энэ л миний эрдэм. Би мэргэжлийн үнэмлэх авахын тулд трактор комбаны курст элсэн суралцаж,  онолын мэдлэгийг тэндээс олж авсан. Дараа нь ХААИС төгссөн.  Аж ахуйн нэгжийг авч явахад эрдэм мэдлэг хэрэгтэй  шүү дээ. Түүнийхээ шидийг гаргаж амжаагүй л яваа. Ах нар, аавынхаа хэлж ярьж байсан зүйлийг амьдрал дээр хэрэгжүүлэхийн төлөө мэрийх л юм.   Газар тариалангийн салбарт амжилттай ажиллаж, сайн ургац хураая гэвэл хөрсөө сайн борд, уриншаа цаг тухайд нь хийх,  сайн чанарын үр тариалах явдал гэж ахмад тариаланчид зааж сургадаг.   Хэд хоног төв рүү  явж ирээд талбай руугаа ороход  “ чи хаачив” гэх шиг тариан түрүү шаагиж угтана  шүү дээ.  Шаргалтан найгах тариан түрүү  сайхан дууны аяаар  ээжийгээ хүлээх хүүхэд  босоод  ирдэг.  Энэ жаргалыг зөвхөн тариаланчид л мэдэрдэг. Газар амьтай  шүү дээ ” хэмээгээд  “Одоо болсон уу, би явж болох уу” гэх нь  түүний цаг үргэлж  ажилдаа сэтгэл зүрхээ зориулдгийг  илтгэх мэт.

   Б.Бат-Эрдэнэ:  Комбайны нүргээн, буудайн шаргиа хоёр нийлэхээрээ ямар гоё гээч

Билүүтийн адагт нэгэн эрхэмтэй уулзсан нь “Тансаг тариа” ХХК-ий тракторчин Б.Бат-Эрдэнэ. Тэрбээр  тоосон дунд дуу аялсан шигээ жолоогоо мушгина.  Түүний хувьд тоос бус тос даасан бор хөрс тэнгэр өөд тэмүүлж байгаа хэрэг гэнэ. Б.Бат-эрдэнийн  хувьд  18 дахь хавраа улаан буудай тариалж яваа  нь  энэ.  “Тансаг тариа” компанид ороод найман жил болж байгаа аж. Тэрбээр “ Би удам дамжсан жолооч. Миний аав Бат-Магнайг  энэ нутгийнхан андахгүй. Хадлангийн бригадад насаараа ажилласан нэгэн.  Би өөрийгөө  тракторын бүхээгт хүн болсон  гэж боддог. Хайртай хүү нь  учраас аавын өврөөс салдаггүй байсан хэрэг.   Энэ хавар манай “Тансаг тариа” ХХК 600 гаруй га талбайд улаан буудай тариалсны 80 орчим га-д би дангаараа тариалалт хийсэн.  Тариаланч хүний жаргал намар хамгийн ихээр мэдрэгддэг. Намрын шөнө  комбаний нүргээн,  буудайн шаргиа хоёр нийлэхийг сонссон шигээ тариа хураах   ямар гоё гэж санана.  Бид хавар  дөрвөн сарын дундуур гараад  өвлийн эхэн сарын цастай уралдаж гэрийн бараа хардаг. Хүнд хэцүү ажил мэт санагдаж болох ч  ард түмнээ гурил, талхаар хангадаг гээд бодохоор өөрөөрөө бахархдаг.  Манайх гурван хүүхэдтэй. Тэднийхээ ирээдүйн сайн сайхан амьдралын төлөө зүтгэж яваа  эцэг хүн, би.  Газар ээжийн буянаар тариаланч бид  элбэг хангалуун амьдардаг. Бидний хөдөлмөр ариун шүү дээ” хэмээн хууч хөөрчихөөд асаалттай орхисон трактор руугаа ганцхан харайгаад сууж одсон.  Тос даасан бор хөрс агаарт хөөрсөөр.  Эргэж буухдаа  буудай л болох байх даа.

 Зусландаа буусан Жаамаагийнх

Аймгийн алдарч уяачийн жинхэнэ нэр нь Ж.Жамсран.  Гэвч нутаг усныхан нь Жаамаа хэмээн авгайлан хүндэлнэ. Түүний мэдэхийн Жигмид агсны  үр сад хэдэн үеэрээ хурдан морь уяж байгаа   гэнэ.  Хурдан бор морины үр төл ч эдүгээ ч  хишиг буянаа хайрласаар байгаа аж. Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээнд газар газрын хурдан хүлгүүд шандас мэдэн уралдахад Жаамаагийн хурдан бор гуравлаж, торгон жолоогоо өргүүлсэн байна.  Мандалынхан, Хэрхийнхнээс Жамсран гуайг таних уу гэж асуувал мэдэхгүй гээд зогсч байж мэдэх ч уяач  Жаамаа гэвэл анхдахгүй таних юм билээ. Тэдний адуунд бидэртэй хонгор хоёр хөөрхөн морь байх.  Хүнтэй жишвэл ч  хорвоод хосгүй хөөрхөн бүсгүй баймаар.  Жаамаагийнх Мангиртын өвөр бэлд, Билүүтийн голд зусч байна лээ. Жилийн жилд энд л зусдаг гэсэн. Тэднийх гурван хүү, нэг охинтой. Хүүхдүүд нь өсч том болоод  эцгийн голомтоос гал таслан тус тусын мөрийг хөөцгөөжээ. Жаамаа ах ханиасаа хойш дунд хүү Даваахүүгийнхтэй  айл аймаг  явж байгаа аж.  Том хүү Ж.Жаргалсайхан, бага хүү Баасандаш нар  нь хотод, бага охин Золзаяа нь төрийн алба хашин Зүүнхараадаа амьдарч буй гэв.   “Зуны гурван сард  ач, зээ нарынхаа гэдсгийг цайлгангаа   эрхлүүлэх юм, хөвгүүд нь над шиг моринд хайртай гэж жигтэйхэн” гээд  тэрүүхэндээ мушийх Жаамаа ах яг тэр мөчид ханиа  зүрхнийхээ угт үгүйлэн дурссан болов уу. Түүний ханийг н.Хишиггарам гэдэг байж. Орсон гарсанд ундтай цайтай ханийг  нь эдүгээ ч Билүүтийн голын хөгшчүүл үгүйлэн дурссаар.   Жаамаа ах ч тусч нинжин сэтгэлтэй гэдгээрээ Мандалынхны хайр хүндэтгэлийг хүлээсэн өвгөн буурал.  Өвдөж зовсон нэгэн замд тааралдвал унаж яваа морио өгчихөөд өөрөө явган гүйсээр харих хүн. Бусдын алдсан  мал энд, тэнд явж байвал хэл сураг тавьж байгаад  л эзэнд нь  хүлээлгэж өгнө. Ийм нэг эрхэмтэй голын эхэнд таарч  мэнд амраа мэдэлцэн хууч хөөрөлдсөнөө уншигч танд хүргэлээ.

 Д.Батцэцэг:   Монгол Улс малчны эрэлд “мордож”  мэдэх вий

Билүүтийн голд Жаамаа ахынхтай саахалт  зусч байгаа айл бол Н.Пүрэвсүрэн  гуайнх.  Хоёр хөгшин тэтгэвэртээ гараад олон жил болж байгаа ч үр хүүхдүүддээ нэмэр болох үүднээс  сүүлийн хэдэн жил мал маллаж байгаа аж. Тэднийх гуч гаран сүүний чиглэлийн үнээтэй.  Хоёрхон хөгшин  авч явдаг гэхэд  эднийх цэвэр цэмцгэр байдлаараа миний үзэж сонирхсон  бусад  фермерийн  аж ахуйнуудаас хамгийн сайн нь байсан. Биднийг очиход  Н.Пүрэвсүрэн гуайнх зусландаа дөнгөж буугаад, гэрээ барьж байв. Билүүтийн голынхон эв найртай амьдарцгаадаг нь  илт. Ах,  эгч хоёрын гэрийг хэдхэн  минутын дотор барьж, эмэгтэйчүүд дуу шуу болсоор  хөшиг татаж,  авдар савыг нь эмхлүүлэн, тогоо шанага угсран цай цүй болцгоон шинэхэн цөцгийгөөр зочдоо дайлсан. Гэрийн эзэгтэйд хандан “Танай цөцгий маш өвөрмөц амттай юм аа. Нууц жор байна уу,  танд” гэхэд  тэрбээр “ Хүү минь  чамайг , Булганы Тэшигийн буриад эмгэн   гарынхаа цөцгийгөөр дайлж байна” хэмээн тэрүүхэндээ бардам суусан.  Д.Батцэцэг эгч эндэхийнх хүн болоод уджээ. Бараг л уугуул гэж хэлж болохоор. Наймдугаар анги төгссөн хоёр салаа гэзэгтэй жаахан охин тракторчин болохоор эцгийнхээ үгийг  зөрөн,  зөрөн гарсан тэр нэгэн намраас хойш энэ л нутгаар овоглох  болжээ.  Тодруулбал,  1977 он. “Эмэгтэй хүн трактор, комбайны завсарчнаар ажиллана гэдэг  санаан зоргоор хийх ажил биш шүү” гэж  үг өдөхөд  “Залуу байж ээ, 75 тракторын мотор шөнийн 00 цагт цохиж, чирүүлээд л орж ирэхэд өглөө 07 цагт   бүрэн  угсарч дуусаад ажилд нь гаргаж байлаа. Үүгээрээ эгч нь бахархдаг.  Сүүлдээ токорьчин болсон.  Газар тариалангийн салбарт барьж үзээгүй техник гэж байхгүй. “Нева” комбайн  жолоодон оюутнуудтай зэрэгцэн  тариа хурааж явснаа ер мартдаггүй. Намар,  тариа хураалт эхлэхээр өөрийн эрхгүй тариан талбай руу очмоор санагддаг. Нутаг гүйдэлтэй адуу гэдэг шиг.   Би ханьтайгаа  нутагт ханьтайгаа танилцсан. Манайх гурван хүүхэдтэй. Том нь хуульч, дунд хүү говьд хүнд даацын тэрэг барьж яваа. Уг нь эдийн засагч юм шүү дээ. Бага охиноо бид хоёр дэргэдээсээ холдуулахгүй гээд нутгаасаа гаргаагүй. Хэрхийн төв дээр амьдардаг. Төслийн шугмаар га илүү  талбайд хүнсний нарийн ногоо тариалж эхэлсэн. Өнгөрсөн жил боломжийн ургац хураасан. Түүндээ урамшаад энэ хавар ногооныхоо нэр төрлийг олшруулсан. Хөгшин бид хоёр Монгол Улс зах зээлд шилжихэд гурван үхрээ аваад  мал дээр гарсан. Мал маань өсч овоо хэд болсон. Энэ зун 30 гаруй үнээ саана. Зундаа туслах малчин хөлсөлдөг.  Өвөлдөө цахилгаан саалтуур ашигладаг учраас  би дөнгөчихдөг юм.   Манай өвөлжөө их ойрхон, Улаанбилүүтэд.   Фермерийн аж ахуй эрхлээд арав гаруй жилийн нүүр үзэж байна. Манай сарын орлого  гурван сая төгрөг.  Цэвэр ашгаараа охиндоо хоёр давхар дүнзэн байшин барьж өгсөн.  Ажил хийвэл ам тосдоно гэдэг дээ. Нэг үе малын түүхий эд шиг үнэгүй зүйл байхгүй байсан.  Одоо өөр болсон. Зөвхөн оройн саалиа  “Сүү” компанид нийлүүлж, өглөөний саалиар  цагаан идээ боловсруулаад байхад л амьдралд хүрэлцээтэй байна. Гэвч төр, засгийн чихэнд шивнэхэд,  залуу малчдаа бодлогоор  дэмжихгүй бол хэдхэн жилийн дараа Монгол Улс малчны эрэлд хатаж мэднэ. Ямаанд мөнгө өгөх биш, залуу малчинд мөнгөн урамшуулал хэрэгтэй байна”хэмэээснийг дамжуулах байна.

Саалинд дэвтсэн түүний гар зөөлөнөөс зөөлөн байсан.  Дал шүргэж яваа хэдий ч  маргааш хийх ажлынхаа тухай ярих энэ ижий буурлаас  нутгийн залуучууд цаг ямагт суралцсаар байдаг  гэдэгт итгэл төгс тэднийхээс мордсон.

  20 хүлэмж, 200 тонн нарийн ногоо, 600 сая төгрөг

Мангиртын амаас уруудаад нэгэн аж ахуйн нэгж дээр ирсэн нь Улаанбаатарын Барс захынхны  тариалж буй хүнсний нарийн ногооны талбай байлаа.  Монгол Улс гаднаас импортоор  хүнсний ногоо оруулж ирэхийг хориглосон Засгийн газрын шийдвэр цаг үеэ олсон хэмээн ногоочид баяртай байна лээ.   Аж ахуйн нэгж нь Улаанбаатарынх хэдий ч ажилчид нь Мандал сумын иргэд учраас  тэдэнтэй уулзах сайхан байв. Яриа хөөрөө нийлээд  тэр биз. Дээр нь Мандал сум эко хүнсний ногоогоор нийслэлийг хангах үүрэг хүлээсэн болохоор ногоочид сэтгэл тэнүүн зэрлэгээ зулгааж байсан.  Сэлэнгийнхэн ажилсаг, нарийн ногоог хэдийнээс тарьж сурсан  тул ажил олгогч компанид ч амар байдаг бололтой.

Тэд энэ жил 20 хүлэмжинд нарийн ногоо тариалжээ. Эрт ургацын байцаа тэргүүтэй ногоогоо зургаадугаар сарын дундуур зах зээлд гаргах гэнэ.  Тэдний тооцоогоор энэ зун, намартаа багтаж 200 тонн нарийн ногоо хураахаар төлөвлөсөн юм байх.  Олох ашгаа ч тооцоолж, 600 сая төгрөг.  Тэгэхээр хүлэмжийн аж ахуйг зөв эрхэлбэл ашиг олдог байх нь.  Мангиртын хөндийн  ногоочид өдөр нь компанидаа ажиллаад өглөө, оройдоо хашаандаа тарьсан ногоогоо арчилж торддог талаар ярьж байсан.   Ногоочин бүсгүй С. Туул  гэхэд гурван хүүхэдтэй. Хоёр нь оюутан гэнэ. Тэднийхээ сургалтын төлбөрийг  цалингаараа хийж,   дотуур байр, хоол, хувцасны мөнгийг хашаанаасаа  олдог хэмээсэн.  Гэхдээ энд нэг зүйлийг онцлоход,   сүүлийн үед монголчууд хашаанд тарьсан төмс, хүнсний ногоог илүү сонирхох болсон нь өрхийн тариалан эрхлэгчдийн амьдралд сайнаар нөлөөлж, урам зориг өгч буй талаар   бидэнд газарчилсан Мандал сумын Засаг дарга Б.Цээпилдорж үгийн далим гарах бүрт онцолж байв.  Өрхийн тариаланг дэмжиж, үрийн шинэчлэлтийг цаг алдалгүй тухай бүрт нь шинэчилснээр орлого нэмэгдэж, түүнийг дагаад өрх бүр хуримтлалтай болж чаджээ. Энд сонирхуулахад,  Мандал сум түүнийг засагласан найман жилд 17 тэрбум төгрөгийн хадгаламжтай болж, таван банк үйл ажиллагаагаа явуулдаг болсон байна. Сумын хөгжлийн гарцыг тодорхойлж чадсан тэрбээр эдүгээ аймгийнхаа хөгжлийг сэтгэлдээ зурагласан нь мэдээжийн асуудал. Түүнд амжилт хүсье.