3334 тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлжээ

Нийгэм, Эдийн засаг

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар сайжруулсан түлшний үйлдвэр “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой санал, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийсэн ажлын тайлан, сайжруулсан түлш нөөцлөх ажлын хүрээнд цаашид авах арга хэмжээний талаарх танилцуулгыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хүргэсэн юм.

Тэрбээр “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 2, 3 дугаар бүст харьяалагдах айл өрхөд угаарын хий мэдрэгч төхөөрөмж тараах ажлыг зохион байгууллаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан сайжруулсан түлшний агуулахаас Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Улаанчулуутын агуулахад 1279 тонн, Баянзүрх дүүргийн 21 дүгээр бааз буюу Ганц худгийн ойролцоо агуулахад 30 тонн, нийт 1309 тонн түлш нөөцөлж эхлээд байна. Нэмэлтээр “Тавантолгой түлш” ХХК-ийн Баянзүрх дүүргийн ШШГЕГ-ын хорих 441 дүгээр ангийн байранд 205 тонн, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт дундын баазад 738 тонн, бусад дөрвөн дүүргэд байрлах 10 дундын саравчинд 1082 тонн, нийт 2025 тонн түлш нөөцөлсөн. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 3334 тонн түлшийг тээвэрлэж нөөцөллөө” гэв.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллах явцад төрийн албан хаагч нар, түлш борлуулагч, тээвэрлэгч, айл өрх, аж ахуйн нэгжид тулгамдаж байсан асуудал, дэвшүүлэх санал санаачилгыг нутгийн захиргааны нийт байгууллагууд, төрийн өмчит байгууллага, дүүргүүдээс авч нэгтгэлээ. Үүнд нийт 47 байгууллага давхацсан тоогоор нийт 404 саналыг ирүүлсэн. Үүнээс 323 нь дэвшүүлж буй санал, 81 нь тулгамдсан асуудлын талаарх санал байсан. Цаашид энэ хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр нутгийн захиргааны байгууллага болон төрийн өмчит байгууллагуудаас ирүүлсэн саналыг тус байгууллагад хүргүүлж хэрэгжүүлсэн ажлын тайланг сар бүр танилцуулах үүрэг чиглэлийг өгөх нь зүйтэй гэж орлогч Д.Мөнхжаргал онцолж хэллээ.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Сар бүрийн 25-ны дотор “Тавантолгой түлш” ХХК иргэд, олон нийт болон нутгийн захиргааны байгууллагуудаас ирүүлсэн саналын дагуу хэрэгжүүлсэн ажлын тайлангаа холбогдох албаны хүмүүст ирүүлж байх нь шаардлагатай. Мөн энд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар тодорхой үүрэг хүлээж ажиллана” гэдгийг онцоллоо.