Реппер Гинжин Тайванийн уран бүтээлчтэй хамтран “On Me” нэртэй дуу гаргажээ

Соёл урлаг, Спорт

Өнгөрсөн оны зургадугаар сарын 29-нд реппэр Гинжин Тайванийн нийслэл Тайпей хотод “Golden Music Awards” наадмын 30 дахь удаагийн үйл ажиллагаанд Монгол улсаа төлөөлөн оролцсон.

Тус наадмыг Тайванийн “Грэмми Авардс” хэмээн нэрийдэх бөгөөд Хятад болон Азийн орнуудын уран бүтээлчид нэг дор цугларч, өөрсдийн бүтээлээ танилцуулдаг онцлогтой.

“Golden Music Awards” наадамд оролцож байх үеэрээ реппер Гинжин Тайванийн Трап, Хип хоп урсгалын пионер реппер YZ болон Америкийн продюсер, реппер Жэй Изаак нартай хамтран “On Me” нэртэй дуу хийж, клипний зураг авалтыг Тайпей хотын төвд авсан байна.

Уг дууг энэ сарын 17-нд олны хүртээл болгон youtube хуудаснаа байршуулжээ.

 

Гинжинг  тус наадамд оролцсоны дараа Тайванийн хэвлэлүүд “Монголын хип хоп урлагийг дэлхийн тавцанд авчрах реппер” хэмээн онцолсон байна.

“On Me” дуугаар репперүүдийн амьдралын хэв маягийг өгүүлэх ба хүмүүс яагаад нэгнээ үзэн яддаг юм бэ гэсэн асуултыг нийгэмд хөндөхийг хүссэн аж.

Дууны аяыг реппер Lil Thug E хийсэн бөгөөд дууны бичлэгийг Жэй Изаак болон “B Production”-ий дууны инженер Цогтоо нар хамтран гүйцэтгэжээ.

Өнгөрсөн оны арван нэгдүгээр сарын 29-нд реппер Гинжин өөрийн анхны “Tоос (-ноос) Зоос руу" цомгийг гаргаж, бүрэн хэмжээний тоглолтоо хийж байсан юм.