П.Нүрзэд: Ардчилсан нам зоригтой өөрчлөлт шинэчлэлт хийнэ

Улс төр

 

Ардчилсан намын 10-р Их хурал энэ сарын 16-17-ны өдөр болох товтой байсан. Гэтэл “Ковид-19” цар тахал манай улсын дотоодод гарч  орон даяар гамшгийн үеийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа билээ. Ийм учраас  Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо, 10-р Их хурал нь тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон байна. Үүнтэй холбоотойгоор Ардчилсан намын  Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд:

-Ардчилсан нам арваннэгдүгээр сард хэд хэдэн хурал зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Тухайлбал, энэ сарын 15-нд буюу ням гарагт Үндэсний бодлогын хорооны хурлаа хийхээр товлосон. Мөн арваннэгдүгээр сарын 16-17-нд Ардчилсан намын 10-р Их хурлыг хийх бэлтгэлээ хангасан байсан. Гэвч цаг үеийн нөхцөл байдал, цар тахлын эрсдэлээс шалтгаалж уг хурал тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна. Өөрөөр хэлбэл 21 аймаг, сумд, нийслэл, нийслэлийн есөн дүүрэг дэх  Ардчилсан намын нэгжүүд Их хурлын бэлтгэл хангаж байсан ажлаа түр зогсоолоо. Ингээд нийт ард иргэд, болон Ардчилсан намын гишүүд дэмжигчдэдээ хандаж цар тахлын аюулын үед хөл хорионы дэглэмийг сахиж гэртээ байж, болзошгүй халдвараас урьдчилан сэргийлэхийг уриалж байна.  Монголчууд бидэнд өнөөдөр энэ цар тахлыг эрсдэл багтай даван туулах сорилт тулгарлаа. Энэ аюулт өвчныг бид хамтарч, нэгдмэл байж даван гарна. Иймд хүн бүр хичээж урьдчилан сэргийлж, дархлаагаа дэмжиж, хамтын хүчээр цар тахлын аюулыг сөрж чадна. Ардчилсан нам 10-р Их хурлаараа дүрмийн асуудлаа хэлэлцэх байсан. Ингээд намын дүрмийнхээ нэмэлт өөрчлөлтийн төслийг аймаг, орон нутгийн нэгжүүдэд тарааж хэлэлцүүлээд эхэлсэн байлаа. Дүрмийн төсөл хэлэлцүүлэг зохион байгуулж явсан ажлын хэсгийнхэн маань тухайн орон нутагт хөл хорионд ороод байна. Гэвч ихэнх аймаг, орон нутагт дүрмийн төслөө танилцуулж амжсан. Энэ төсөлд Ардчилсан намын даргыг хэрхэн сонгох, намын гишүүдийн татвар хураамж зэрэг асуудлыг цэгцлэн тусгасан.

Дэлхий нийт болон монголчууд бидэнд энэ цар тахлыг эрсдэл бага даван туулах сорилт тулгарлаа. Үүнийг бид нэгдсэн байдлаар зохион байгуулалттай, хувь хүн хөл хорионы дэглэмээ мөрдөж, өөрийгөө эрсдэлээс хамгаалж байж даван туулна. Монгол хүн эрүүл байх нь хамгийн том эрх ашиг юм. Ийм учраас хүн бүр эрүүл саруул байгаасай гэж хүсч байна. Ардчилсан намын гишүүд зарим гишүүд өөрсдөө аливаа үйл ажиллагаанд оролцохгүй байж хардах сэрдэх үзэгдэл гаргаж байгаа нь харамсалтай. Тэгэхээр цаашид ийм үйлдэл гаргалгүй намынхаа үйл ажиллагаанд оролцоод хардсан, сэрдсэн асуудлынхаа учгийг тайлаад явах боломж бий.

Ардчилсан нам хуучиндаа ухарч буцахгүй. Зоригтой өөрчлөлт шинэчлэлт хийнэ. Зөвхөн Ардчилсан нам гэлтгүй монголчууд бид ч цаг үеэ дагаад өөрчлөгдөх зайлшгүй шаардлага тулгарч байна. Ардчилсан намын нийт гишүүд дэмжигчид өөрчлөлт шинэчлэлт, эв нэгдлийг хүсч байгаа. Бид санал асуулга явуулахад гишүүдийн 86 хувь нь Ардчилсан намын даргын сунгааг болих ёстой гэж хариулсан. Бараг бүгд бид эв нэгдэлтэй байх ёстой гэсэн. Нөгөөтээгүүр Ардчилсан намын лидерүүд хоорондоо маргахаар түүнийг Ардчилсан нам гэж олон нийт хардаг тал бий. Гэтэл энэ нь шал өөр ойлголт, хувь хүмүүсийн хоорондын харилцаа байдаг. Тэгэхээр Ардчилсан намын үйл ажиллагаа, гишүүд дэмжигчдэд ямар ч хамааралгүй зүйл юм. Ийм учраас аливаа асуудлыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Ардчилсан нам, МАН хоорондоо эрс ялгаатай. Ардчилсан нам өнөөдөр намын эрх ашгаа өмнөө тавих ёсгүй. Улс эх орны эрх ашгийг ямагт дээгүүр тавина. Монгол хүний, монголчуудын асуудлыг бид ямагт өмнөө тавьж явна хэмээн мэдээллээ.