Гишүүд гэрээсээ ажиллаж, 2021 оны төсвийг батлах уу?

Улс төр

Монгол Улс дотооддоо Covid-19-ийн халдварыг алдсан тул улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжээд байна.

Иймээс УИХ Байнгын хороо,  УИХ-ын чуулганы хуралдааны үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд УИХ-ын гишүүдийг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангасан гэдэг мэдээлэл байна.  Тодруулж хэлбэл, УИХ-ын гишүүд цахимаар холбогдож, хэлэлцэж байгаа хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа өгөх бололцоог бүрдүүлсэн аж.

Ингэхдээ УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр /2020.11.12/ онлайнаар хуралдаж, чуулганы өнөөдрийн хуралдааныг ямар дэгээр зохион байгуулбал зохистой вэ гэдэг асуудлаар санал солилцсон юм байна. Хоёр хувилбар яригдсаны нэг нь өмнөх парламентын үед УИХ-ын хаврын чуулганыг таван танхимд гишүүдийг хуваан суулгасан шиг хийх, эсвэл байгаа газраасаа хуралдаанд оролцох хувилбарын аль нэгийг сонгох нь зүйтэй гэж үзжээ.

Хуульд зааснаар УИХ Монгол Улсын 2021 оны төсвийн хуулийн төслийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах ёстой.  Иймээс өнөөдөр л 2021 оны төсвийн хуулийг батлах шаардлага тулгарч буй юм.

УИХ өнөөдрийн хуралдаанаараа Монгол Улсын 2021 оны төсвийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх учиртай юм.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2021 оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээс гадна дараах төслүүдийг хэлэлцэхээр жагсаалтад оруулжээ.