Шинээр халдвар авсан есөн иргэний долоо нь Франкфурт-УБ-ын онгоцоор иржээ

Нийгэм, Эдийн засаг

ЭМЯ-наас өчигдөр коронавирусийн халдварын есөн шинэ тохиолдол илэрч, манай улсад нийт 337 тохиолдол бүртгэгдсэнийг мэдээлсэн. ХӨСҮТ-д өчигдрийн байдлаар 25 иргэн эмчлүүлж байгаагийн 11 нь хөнгөн, 14 нь хүндэвтэр байна. 

Халдвар авсан иргэд хаанаас ирсэн талаар ЭМЯ-наас тодруулахад, Франкфурт-УБ-ын онгоцоор ирсэн долоон иргэн, ХӨСҮТ-д хяналтад байсан хоёр иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн гэв. ЭМЯ-наас өнөөдрийн статистик мэдээллээ өдөр гаргах юм. 

Бямба гарагийн өглөө 05.30 цагийн орчим Франкфурт-УБ-ын онгоц газардсан бөгөөд энэ онгоцоор 258 иргэн эх орондоо ирсэн юм. Иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, бага насны хүүхэдтэй гэр бүл-35, өндөр настан-33, эрүүл мэндийн шалтгаантай-9, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 181 иргэн байгаа юм. 

Иргэдийг ХӨСҮТ, “Холидэй”, “White house” зочид буудал болон “Энхсаран” сувилал, “Синдүра мед” эмнэлэгт тусгаарлав.