Л.Оюун-Эрдэнэ: Иргэд 5 минутын дотор төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой боллоо

Нийгэм, Эдийн засаг

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн сан болох  “E-Mongolia”  системийн нээлт боллоо. 

Нээлтийн үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: "Алсын хараа 2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод "Цахим Монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлж, төрийн албаны хүнд суртал, үйлчилгээний давхцлыг багасгаж иргэдийн цагийг хэмнэх томоохон зорилтыг дэвшүүлсэн.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 100 хоногт багтаж төрийн үйлчилгээг нэгдсэн цонхонд төвлөрүүлэх зорилтыг дэвшүүлж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэ асуудал тусгагдсан байгаа гэдгийг та бүхэн мэдэж байгаа.

Энэ зорилтыг хангах хүрээнд "E-Mongolia"  хөтөлбөрийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарсан. Өнөөдрийн байдлаар төрийн 181 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байгааг албан ёсоор зарлаж байна. Цаашдаа бидэнд 492 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх зорилт тавиад манай мэргэжлийн баг ажиллаж байна.

Олон улсын туршлагаас харахад дижитал шилжилтийг хийхэд Монгол Улсад 5-7 жилийн хугацаа шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Мөн "E-Mongolia" нэгдсэн системийг хөгжүүлэхэд нэг жилийн хугацаа орохоор байгаа. Бүх системийг холболт хийхэд нэг жилийн хугацаа шаардлагатай.

Төрийн үйлчилгээг цахим болгосноор иргэдийн бухимдал, цагийг хэмнэх, төрийн хүнд суртлыг арилгах, цаас, цалингийн зардлыг хэмнэх зэрэг олон ач холбогдолтой.  Өөрөөр хэлбэл, иргэн нэг үйлчилгээ авахад дунджаар 1 цаг 30 минутыг зарцуулдаг харин бид цахим үйлчилгээнд нэвтэрснээр 5 минутын дотор авах бүрэн боломжтой болж байгаа юм. Эстони улсын жишигт нийцсэн загвараар төрийн болон хувийн хэвшлийн мэдээллийг нэг цонхонд төвлөрүүлж байна.

Цахим шилжилтийн цогц хуулийн төслийг намрын чуулганд оруулна. Энэ хуульд иргэний хувийн нууцлал, цахим гарын зэрэг асуудлыг тусгасан. Цахим хөгжлийн төлөө тасралтгүй ажилласан үе, үеийн Засгийн газарт талархал илэрхийлэх ёстой.  Цахим үндэстэн болоход иргэд болон иргэдийн нийгмийн байгууллагуудын оролцоо маш чухал.

Засгийн газрын бодлыг дэмжиж “E-Mongolia” системээс мэдээлэл авахад гар утасны дата унахгүй байх шийдэл гаргасан Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл компаниудад талархсанаа илэрхийлье" гэлээ.

Харилцаа холбооны зохицуулах газрын дарга Б.Болор-Эрдэнэ: “E-Mongolia” системийн албан ёсны нээлт аравдугаар сарын 5-ны өдөр болох бөгөөд тэр үеэр  иргэдэд хэрхэн ашиглах талаар мэдээлэл өгнө. Мөн ямар, ямар хувийн хэвшлүүд ямар үе шаттайгаа нээх талаар мэдээлэл дэлгэрэнгүй өгнө. Энэхүү систем нь аравдугаар сарын 1-нээс хойш ажиллаж эхэлсэн. Нэг өдрийн байдлаар 4000 гаруй иргэн “E-Mongolia” системийг ашиглаж төрийн үйлчилгээ авсан байна. Хамгийн их авсан үйлчилгээ иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгалын лавлагаа, авто тээврийн бүртгэлийн лавлагаануудыг авсан байна. Бид “E-Mongolia” системийн талаар иргэдийн санал хүсэлт, гомдлыг фэйсбүүк хуудас болон 1111 утсаар авч байгаа. Мөн системийг хэрхэн ашиглах талаар зөвлөгөө мэдээллийг 1111 утсаар өгч байгаа тул иргэд энэхүү утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.

Мобиком корпорацийн ерөнхий захирал Тацүяа Хамада: Өнөөдөр Засгийн газар "E-Mongolia"  хөтөлбөрийг эхлүүлж байгаад баяр хүргэе. Энэ хөтөлбөр нь олон жилийн өмнөөс эхэлсэн. Л.Оюун-Эрдэнэ сайдын хэлснээр Цахим Монгол хөтөлбөр хувийн хэвшил төрийн байгууллагын хамтын ажиллагааны тод томруун жишээ болж байна гэж бодож байна.

Засгийн газрын зүгээс Л.Оюун-Эрдэнэ сайд болон Б.Болор-Эрдэнэ дарга хамтран ажиллаж буй талархал илэрхийлж байна.  Төрийн үйлчилгээний 180 үйлчилгээ оруулсан байгаа. Мобиком корпораци MonPay үйлчилгээг холбож ажиллахаар болж байна. Ингэснээр улам хурдан ажиллах болов уу гэж бодож байгаа. Цахим үйлчилгээнд нууцлал нь нэн чухал асуудал учраас тоон гарын үсгийг холбон ажиллахаар болж байна. Мобиком корпораци энэ жилийг дуустал веб болон аппликейшнийг ашиглахад дата үйлчилгээг үнэгүй болгож байна.

Юнител группийн захирал Д.Энхбат: Энэ цаг үед төрийн манлайлалтайгаар "E-Mongolia" хөтөлбөрийн хүрээнд төрийн үйлчилгээ цахимжиж байгаа нь завшаантай хэрэг болж байна. Энэ нь аль ч салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа бизнес эрхлэгчид, ард иргэдэд маш том боломж юм. Энэ боломжийг олгож байгаа төрийн байгууллагууд, хувийн хэвшлийнхэнд талархал илэрхийлье. Юнител групп мөн адил дата үнэгүй болгож, цаашдаа дэмжиж ажиллана.