Д.Пүрэвдаваа пүрэв гарагт даваа давна

Улс төр

2020 ОНЫ АРАВДУГААР САРЫН 15-НЫ ӨДӨР, ПҮРЭВ ГАРАГ.

Эл өдөр орон нутгийн сонгуулийн санал хураалт болох өдөр бөгөөд нийслэлийн сонгуульд Ардчилсан намыг удирдаж оролцож буй Д.Пүрэвдаваагийн хувьд томоохон даваа давах өдөр. Тэрбээр өнгөрсөн хоёрУИХ-ын сонгуульд дараалан навс ялагдаад буй АН-ыг ялуулах үүрэг аван энэ удаагийн сонгуульд оролцож байна. Яагаад Д.Пүрэвдаваа гэж?

2020 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 11-НИЙ ӨДӨР.

УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдаад тун удаагүй байсан хүндхэн үед хоёрхон сарын дараа болох Нийслэл, орон нутгийн сонгуульд хэн удирдаж орохыг эл өдөр шийдэж байлаа. Өнгөрсөн 2016 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нийслэлийн гурван дүүрэгт л ялалт байгуулсан юм. Тодруулбал, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар дүүргүүд л дээ. Мэдээж ялалт байгуулсан дээрх гурван дүүргийн намын дарга нарын дотроос нийслэлийн намын даргыг сонгох хэрэг гарсан юм. Мөн хоёрхон сарын дараа болох сонгуульд ялалт байгуулах үүрэг өгөх болсон бөгөөд тэдний дундаас Д.Пүрэвдаваа тодров. Яагаад Д.Пүрэвдаваа гэж?

2000 ОН

Д.Пүрэвдаваагийн Ардчилсан намд элсэж, ухуулагчаар ажиллаж эхэлсэн он бол энэ. Тэрбээр 2010 онд Баянзүрх дүүргийн Ардчилсан намын дарга болтлоо анхан шатны намын байгууллагын бүхий л ажлыг хийсэн нэгэн. Түүнийг Баянзүрх дүүргийн ардчилсан намын дарга болоход тус дүүрэгт НИТХ-д Баянзүрх дүүргийг төлөөлөх есөн суудал бүгд МАН ялсан байлаа. Тэр бүү хэл ДИТХ-ын 35 суудал мөн л бүгд МАН-аас сонгогдсон, АНганц ч суудалгүй байлаа. Өөр үгээр хэлбэл Баянзүрх дүүрэгт Ардчиллын салхи ороогүй ув улаан дүүрэг байсан хэрэг.

2012 ОН

Дүүргийн намын дарга болсон Д.Пүрэвдаваагийн анхны том шалгалт тухайн онд тохиов. “Ув улаан” дүүргийн “цэнхэр” намын дарга болсон тэрбээр УИХ-ын гурван суудлын хоёр суудалд нь ялалт байгуулсан бөгөөд хожим нь МАН-аас ялалт байгуулсан нэг суудлын эзэн болох Д.Арвин асан ардчилсан намд элсэн орсноор үндсэндээ гурван суудалд гурвууланд нь ялалт байгуулсан юм.Мөн ДИТХ-ын2012 оны сонгуульд 41 мандатын 35-д нь ялалт байгуулж түүхэндээ анх удаа тухайн дүүрэгт Ардчилсан нам олонх болж, “цэнхэр” дүүрэг болов. Улмаар МУ-ын Ерөнхийлөгчийн 2013, 2017 оны сонгуулиудаар Ардчилсан намаас нэр дэвшигчид өгсөн саналын хамгийн өндөр хувийг Баянзүрх дүүргээс авч ардчилсан намаас Ерөнхийлөгч гарахад хамгийн томоохон үүрэг гүйцэтгэж байлаа.Мөн тэрбээр2016 онд ч Ардчилсан намыг дүүрэгтээ олонх болгож, “цэнхэр” дүүрэг болсныгдахин батласан юм.

2020 ОН

Тиймээс л Нийслэлийн ардчилсан намыг ирэх орон нутгийн сонгуульд удирдаж орох хариуцлагатай бөгөөд хүндхэн үүргийг журмын нөхөд нь түүнд оноосон хэрэг. Д.Пүрэвдаваа 2020 оны аравдугаар сарын 15-ны өдрийн пүрэв гарагт дахин нэг томоохон даваа давна. Хэр сайн менежер вэ гэдгээ, хоёрхон сарын дотор нийслэлийн намаа хэр сайн төвхнүүлсэн бэ гэдгээ тэрбээр харуулах л үлдлээ.