Мөнгөөр төр байгуулж байгаа нь хамгийн том гажуудал

Улс төр

 

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй Орон нутгийн сонгууль болон улс орны аж амьдралын талаар ярилцлаа. 

 

-Та Монгол Улсад засаглал ямар хэмжээнд байна гэж дүгнэж байгаа вэ?

-Шинэ Үндсэн хуулиар засаглалынхаа загварыг тогтоосон. Гэвч манай засаглалын загвар Монгол Улсын хөрсөнд шингэж тохирохгүй байна. Монгол Улсад Өгөөдэй хааны үед Засгийн газраа анхлан байгуулсан түүхтэй. Ингээд монгол төр таван салаатай болсон. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалаас гадна хяналт, түшмэдийн гэсэн салаатай юм. Гэтэл өнөөдөр хяналт, төрийн  хүнээ бэлтгэх шалгаруулах хоёр салаа нь алга болчихсон. Үүнээс болоод монгол төр гурван хуруутай гар шиг болсонд би сэтгэл дундуур явдаг. Засаглалын тэнцвэрийг аваад үзвэл Монгол Улс өнөөдөр хүчтэй Ерөнхийлөгчтэй парламентын засаглалтай орон. Үүнийг өөрчилж болохгүй л дээ. Яагаад гэвэл Ерөнхийлөгчөө бүх ард түмэн сонгодог учраас эрх зүйн чадамж хамгийн өндөр субьект юм. Гэтэл Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж бүхнийг парламентад төвлөрүүлэх тухай яригддаг. Харин парламентын 40, 50 гишүүн нь хэрэгт холбогдсон асуудал гарсан. Ийм нөхцөлд Ерөнхийлөгч засаглал хүчтэй байх нь зөв. Уг нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр парламентаа хоёр танхимтай, хяналттай болгох санал байсан. Гэтэл уг хуулийн төсөл дээр ажиллаж байсан хүмүүс уг асуудлыг хэрэгжүүлж чадаагүй. Олгархи засаглалын эрхшээлд орчихсон юм. Нэг танхимтай, 76 гишүүнтэй парламент олигтой ажиллаж чадахгүй нь эхнийхээ чуулганаас харагдаж эхлээд байна.

 

Үргэлжлэл нь III нүүрт

Жишээ нь улс оронд, иргэдэд маш хэрэгтэй зээлийн хүү бууруулах асуудлыг хэлэлцлээ. Гэтэл уг асуудлыг өнгөц авч үзэж банкны эзэдийн захиалгаар асуудлыг шийдэж байна. Ингээд бодоход цаашдаа төрөө төгөлдөржүүлэх зорилт шаардлага зайлшгүй байгаа юм. 

-Тэгэхээр энэ шинэ парламент Үндсэн хуульд дахиж өөрчлөлт оруулж засаглалын алдаагаа засах боломж байгаа болов уу?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журамын тухай хуулиар долоо, найман жилийн хугацаанд дахиад хөндөх боломжгүй. Гэвч улс орны эрх ашгийн асуудал хурцаар тавигдсан үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болно шүү дээ. Үндсэн хууль гэдэг бол төр, ард түмэн хоёрын байгуулсан гэрээ. Тэгэхээр ард түмэн л шийднэ шүү дээ. Бүх нийтийн санал асуулгаар Үндсэн хуульдаа дахиад нэмэлт өөрчлөлт оруулая гэвэл шийдж болно. 

-МАН засаг барих хуга­цаан­даа хэт сүржигнэж, попорч байна гэх шүүмжлэлээс салахаа болиод удаж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Өнгөрсөн 30 жил бол Монголын улстөрийн намуудын төлөвшлийн түүх юм. Социалист нийгмийн үед МАХН авангард нам байсан. Бүхний өмнө туг бариад гүйдэг, тууз хачилдаг, тэгээд лоозогнодог нам байлаа шүү дээ. Өнөөдөр энэ нам өөрчлөгдөж л явна. Гэвч гүйцэд өөрчлөгдөж чадаагүй. Өнөөдөр нэг нам бүх эрх мэдлийг авах юм бол улс оронд тогтворгүй нөхцөл байдал үүснэ. Монгол Улс дэлхий нийтэд нээлттэй бодлого хэрэгжүүлдэг ардчилсан орон гэдэг. Тэгвэл нэг намын саналаар бүх асуудлыг шийддэг  болчихвол дэлхий ерөнтөц Монголыг таатай хүлээж авахгүй л байх. Улс орны тусгаар тогтнолд сөрөг нөлөөтэй. Ардчилал бол Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа шүү дээ. Тэгэхээр улс төрийн олон ургальч үзлээс салж болохгүй. Хамтарч ажиллах зарчмаа л баримталж явах нь зөв. 

-Монгол Улсад ардчилсан хувьсгал ялаад 30 жил өнгөрлөө. Гэтэл ардчилал сүйрэх нь, нэг намын дарангуйлал тогтож эхэллээ хэмээх эмзэглэл байна. Энэ талаар Таны бодол?

-Нэг намын байр суурь ингэж бэхжихэд хүргэсэн асуудал бол сонгуулийн технологи эсвэл аль нэг намын удирдлагын алдаатай холбоотой асуудал биш.  Миний ойлголтоор тухайн намын үзэлтэй холбоотой. Өнөөдөр манай улсад 35 нам үйл ажиллагаа явуулж байна. Дэлхий ертөнцийн даяаршлыг дагаад шинэ колоничлол, эдийн засгийн алуурчдын бодлого явдаг. Үүнийг дагаад манай улстөрийн намуудад либерал гэдгээс хэтрээд неолибериализм, бүр ультрлибериализмын байдал руу хэлбийж, Монголынхоо хөрснөөс салсан. Ийм учраас монголчууд нэг намыг сонгоод байна гэж би ойлгодог. Монголын нийгэм  бол дорнын соёлтой. Бүр 3000 жилийн төрт ёсны уламжлалтай улс. Жишээ нь, Их Монгол Улсын үед Чингис хаанаас хойш долоон үе хүртэл хаан өргөмжлөхөд Их хуралдайд гурван удаа татгалзах ёстой байсан. Тэр хүн гурван удаа өөрийнхөө дутагдалыг, сул талыг хэлж татгазалах ёстой. Үүнийг нь чуулган хэлэлцээд хаан болгоно. Энэ хооронд чуулган нь манай хаан өөртөө ийм үнэлэлт дүгнэлт өгдөг юм байна. Ингэж ажиллах нь гэдгийг нь ойлгодог. Хаан ч бас энэ хооронд өөрөө өөрийгөө ойлгож авдаг. Гэтэл өнөөдөр мөнгө бариад л дарга болно гэж дайрдаг болж. Манай нэг том гажуудал нь төрөө  мөнгөөр байгуулж байна. Энэ нь Монголын нийгэмд маш их хор хохирол авч ирсэн дээ. МАН 60 тэрбум төгрөгөөр төрөө үнэлж худалдаж байсан асуудал нэлээд шуугиан тарилаа.  Төрөө мөнгөөр байгуулж буй цаад тулгуур нь нам дамжсан олигархиудын сүлжээ амь бөхтэй байгаад байна. Миний харж буйгаар гурав, дөрвөн ийм сүлжээ байгаа юм. Өнөөдөр төрийн гол зорилт бол эдгээр сүлжээг төрөөс салгах явдал гэж харж байна.  

-УИХ-ын зарим гишүүн, эрх мэдэл бүхий албан тушаалтнууд мөнгө төгрөгтэй холбоотой хэрэгт холбогдож, ял шийтгэл аваад байна. Ийм хэрэгт нэр холбогдсон зарим нь ч сая УИХ-д гишүүнээр сонгогдсон. Та энэ байдлыг хэрхэн дүгнэж байна?

-Зөвхөн Монголд  төдийгүй дэлхийн бусад улсуудад парламентын засаглал хямралд орж байна. Жишээ нь, АНУ-ын конгресс нь улс төрийн хүчнүүдийн тэмцэлд идэгдээд явж байна. Монголд ялгаагүй бас л ийм байдал харагдаж байгаа юм. Зарим судлаачид парламентыг сонгохдоо жинхэнэ улс орныхоо амьдралыг мэддэг хүмүүсийг нэр дэвшүүлэх ёстой гэдэг. Гэтэл өнөөдөр мөнгө тараадаг худал хуурмаг суртал ухуулга явуулдаг, санал худалдаж авдаг байдлаар нэр дэвшиж,  сонгогдоод байна. 

-Манай улстөрийн намуудын төлөвшил  зөв гольдролдоо орж хөгжих боломж хэр байна вэ?

-Энэ их олон зүйлээс хамаарна. Үүнд Улстөрийн намуудын тухай хууль гол үүрэг гүйцэтгэх учиртай. 2010 онд баталсан хуулиар бол улстөрийн нам үзэл суртлын байгууллага байсан. Гэтэл 2015 онд уг хуульд өөрчлөлт оруулахдаа нам нь бүлгийн болоод хувийн эрх ашгийн байгууллага гэсэн байгаа. Эрх ашгийн байгууллага мөн гэж хуульд тунхаглаад  намуудын төлөвшлийг хараад суувал хэзээ ч бүтэхгүй. Ийм учраас одоо Улстөрийн намын тухай хуулийг өөрчлөхдөө энэ асуудлыг эргэж харах ёстой. Улстөрийн намын тухай хуулийг өөрчлөх нэг л субьект бий. Тэр нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Учир нь Үндсэн хуульд Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийн илэрхийлэл гэж заасан шүү дээ. Түүнээс биш эрх баригч нам бид олуулаа, төр барьж байна, хууль баталдаг тул би санаачилна гэх юм бол бусад намууд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тэгэхээр Улстөрийн намуудын тухай хуулийг санаачлахдаа Ерөнхийлөгч өөрөө толгойлоод бусад намуудын төлөөллийг оролцуулж боловсруулах ёстой. Ингэвэл намуудын төлөвшил жинхэнэ утгаараа хэрэгжинэ. Хоёрдугаарт үзэл. Манайхан гадаадад курс, сургалтад сууж, англи  хэл хальт сурсан хүмүүс нэг ном уншиж ирчихээд  нэг нам байгуулах гэж оролдоод байна. Уг нь Монголынхоо нийгмийг таньсан, түүхээсээ сургамж авсан, ухаарсан үзэл томъёолсон нам монголд хэрэгтэй. Мэдээж, хүн төрөлхтөний үнэт зүйл ардчилал, эрх чөлөө, чөлөөт эдийн засгийг авалгүй л яахав. Гэхдээ мухар сохроор хэдэн сурах бичиг уншиж ирчихээд түүнээсээ иш татаад нам байгуулаад гүйж болохгүй л дээ. Ийм учраас нам байгуулж буй хүмүүс үзлийн асуудалд маш няхуур хандах хэрэгтэй юм. 

-Орон нутгийн сонгууль удахгүй болох гэж байна. ИТХ-ын төлөөлөгчөө хэрхэн сонгох ёстой гэж бодож байна вэ?

-Монголын түүхэнд их өвөрмөц он болж байна.  Оны эхэнд Ерөнхийлөгч эрс шинчлэлт хийнэ гэж зарлалаа. Төрийн дээд гурван албан тушаалтан гар нийлэн ажиллах боллоо. Шинэ Үндсэн хуулийнхаа нөхцөлд бид зохицон амьдрах болсон. УИХ-аа сонгочихлоо. Ерөнхийд нь ажиглаж байхад монголчууд бид дөрвөн жил тутам сонгууль явуулж, төр засгаа хуйвалдаж унагах зэргээр будилж явсаар ирлээ. Алдаанаасаа сургамж авч тогтвортой төртэй,  удирдлагатай, зарчимтай байх хэрэгтэй байна. Монгол Улс 1990 онд хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлийг өөрийн хөрсөн дээр буулган хүлээж авах зорилт тавьж алдаж, онож л явна. УИХ-ын сонгууль намуудын үзэл, бодлого өрсөлдөөний түвшинд болдог. Харин орон нутгийн сонгууль нь  амьдралаа гардаж зохион байгуулдаг хүмүүсийг нэр дэвшүүлэн өрсөлдөх асуудал байдаг. Ер нь улс орны эрх ашгийн талаас харвал аль ч улс орон тэнцвэртэй тогтвортой байхын тулд олон ургальч үзэлтэй байж төр нь ганц нэг улс төрийн хүчинд давуу эрх өгч түшдэггүй. Улс төрийн хүчнүүдийн ухаалаг бодлого, зөвшилцөл, хамтын ажиллагаанд тулгуурлаж явбал тогтвортой хөгжилд хүрдэг жамтай. Тэгвэл манай улсад нэг улс төрийн хүчин үлэмж давуу байдалтай боллоо. Ялангуяа, орон нутагт намуудаар талцаж хуваагдахгүй амьдралаа мэддэг, олон түмэндээ нэр хүндтэй ажил хийж чаддаг улсуудаа ИТХ-д сонгох хэрэгтэй. Ингэж орон нутгийн засаг захиргаагаа байгуулах нь иргэдэд ашигтай. Би Хэнтий аймгийн Биндэр сумын хүн шүү дээ. Манай сумаас Ардчилсан нам аймгийнхаа ИТХ-д хоёр хүнийг нэр дэвшүүлсэн. Нэг нь сумынхаа Засаг даргаар гурван удаа сонгогдон ажилласан, Хэнтий аймгийн Ардчилсан намын дарга Н.Алтангэрэл гэж хүн бий. Нөгөө хүн нь ИТХ-ын дарга Мөнх-Очир юм. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд манай сумын өнгө төрх их өөрчлөгдсөн. Иргэдийн ахуй амьдрал, сэтгэл санаа ч бас өөрчлөгдсөн байгаа. Манай сум урьд нь 100 мянган толгой малтай болбол их баярладаг. Зуд болбол бараг тал хувь нь алга болдог эрээн, бараан амьдралтай явж ирсэн. Тэгвэл өнөөдөр 200 мянга давсан толгой малтай, айл бүр төмс, хүнсний ногоо тарьдаг болоод байна. Тэр ч бүү хэл, манай сум Баян-Өлгий аймагт талхны үйлдвэр нээгээд байгаа шүү дээ. Тэгэхээр иргэдийн аж амьдрал дээшилж буй тул нутагтаа очиход сэтгэл сэргэдэг юм. Хүмүүсийн нүдний гал хүртэл сэргээд ирсэн. Ийм учраас орон нутагт ажил хийж чаддаг, амьдрал мэддэг хүмүүсээ сонгох нь зүйтэй. Манай сумаас ИТХ-д нэр дэвшиж буй, хийж бүтээсэн ажилтай, нутаг орондоо нэр хүндтэй Ардчилсан намын хоёр хүнээ сонгоод явбал иргэдийн аж амьдралд их тус, нэмэртэй юм. Бусад орон нутагт ч гэсэн ийм хүмүүсээ сонгох нь чухал. Тэгж чадвал Монгол Улс хөгжиж дэвжихэд их тустай болно доо гэж бодож байна. 

-УИХ-ын сонгуулиар МАН хэт олонхи болсон. Одоо Орон нутгийн сонгуульд МАН-ыг сонгож байж ажил хийнэ гэсэн яриа гарах боллоо. Тэгэхээр нэг намын дарангуйлалд Монгол Улс орчихож байгаа биз?

-Миний бодлоор Монгол Улсад сүүлийн 20 гаруй жилд дэлхий ертөнцийн даяаршлын нөлөөн дор неолибериализм үзэл дэлгэрсэн. Энэ нь бүх зүйл эрх чөлөөтэй хувь хүний эрх ашиг нийгмээсээ дээгүүр байх ёстой гэсэн үзэл юм. Орон нутгийн сонгууль бол төрийн том асуудлаас гадна нутгийнхаа нийгмийн асуудлыг шийдэх, иргэдийнхээ аж амьдралыг өөд нь татах явдал юм. Тэгэхээр хэт улс төржиж туйлширч болохгүй. Монголчууд сумынхаа ИТХ, Засаг даргаа намгүйгээр сонгодог болъё гэдэг асуудал тавьж ирсэн. Өнөөдөр нам гэж нутаг, гол тэр ч бүү хэл, айл гэр нам гэж талцдаг болчихож. Энэ талцлаас аль болох ангижрах хэрэгтэй. Энэ тэр намын хүн гэхээс илүүтэй нутаг усандаа ажил хийж чадах уу үгүй юу гэдгийг нь харах нь зөв. 

Т.ЖАНЦАН