Булган, Алтай, Үенч сумын 66 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Ховд аймгийн Булган суманд ажиллах үеэрээ Булган, Алтай, Үенч суманд амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ЭЭЖҮҮДИЙН ОДОНГ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:

“Монголын сарангоо ээжүүд ээ,

Элбэрэлт эхчүүд ээ,

Булган, Алтай, Үенч сумын иргэд ээ,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, багачуудыг сэтгэл тэнүүн, аз жаргал дүүрэн өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одонг Хүүхдийн баяраар гардуулж чадаагүй ч нэг сарын өмнөөс засаг захиргааны түвшинд үе шаттайгаар гардуулж эхлээд байна.

Монгол Улсын хамгийн олон хүнтэй сумдын нэг, 10 мянган гаруй иргэнтэй Ховд аймгийн Булган суманд өнөөдөр ажиллаж, баруун гурван сумын эхчүүдэд “Эхийн алдар” одонг нь өөрийн биеэр гардуулж байгаадаа миний бие туйлын баяртай байна.

Булган сумаас 35 ээж, Үенч сумаас 14 ээж, Алтай сумаас 17 ээж өнөөдөр “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонгоо гардан авлаа. Үзэсгэлэнт ээжүүддээ болон гэр бүлд нь халуун баяр хүргэж, улам өнөр өтгөн болж, айл хотлоороо түвшин амгалан аж төрөхийг хүсэн ерөөе!

Мөн Алтай сумын иргэн Баатаржавын Эрдэнэхуягт төрсөн өдрийн мэнд хүргэж, аз жаргал хүсье.

Ээж хүний үрдээ гаргасан хэмжээлшгүй их хайр, олон шөнө нойроо хугаслан байж өсгөсөн чин сэтгэл, Монгол Улсын бяцхан иргэдийг эх орондоо ихийг хийж бүтээх ирээдүйн чадварлаг боловсон хүчин болгон хүмүүжүүлж байгаа эхчүүдийн нөр их хөдөлмөрийг төр өндрөөр үнэлж ирсэн.

Ийм учраас эхчүүддээ хүндэтгэл үзүүлж, жилдээ ганц удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одонг гардуулдаг уламжлалтай. “Эхийн алдар” одон Та бүхний үр хүүхдүүдийн чинь хүндэтгэл, бахархлын өчүүхэн ч болтугай илэрхийлэл болж чадах байх аа.

Өнөөдөр одонгоо гардан авсан Та бүхэнд болон Булган, Үенч, Алтай сумын нийт эмэгтэйчүүд, ээжүүдэд халуун баяр хүргэж, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын маань үрс маш олон болтугай” гэлээ.