“Шударга” улс төрчийн удам “шахаа” Анхаа

Улс төр

УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж их хурлын дэд даргаар ажиллаж байхдаа, “Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс” корпораци хувьчилж авсныг эсэргүүцэж олон удаа мэдэгдэл хийж, “Би энэ луйврын эсрэг сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ. Надад одоо нам, дарга хамаагүй шүү. Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гээд ингэж байна гэдэг. Энэ бол дэндүү жижиг асуудал” хэмээн бухимдаж байв. 

Гэтэл удаа ч үгүй, түүний хүү Н.Анхбаяр Эрдэнэтэд 2.5 тэрбум төгрөгийн  бараа “шахаж” “Анлимитед” компаниар 760 мянган ам.долларын  ашигтай ажилласныг АН-ын дарга асан С.Эрдэнэ илчилснээр Цэндийн Нямдоржийн Анхбаяр гэдэг дуулианы эзэн цоо шинээр тодорсон.  Хамгийн шударга, хэнээс ч айдаггүй хэмээн бараг л тахигдах шахаж байсан Ц Нямдоржийн хүүгийн бизнесийг олон нийтэд ил болгосон С.Эрдэнэ, “2003-2006 онд Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд байхад “Эрдэнэт”-д 2.5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн хүн бол түүний хүү Анхбаяр гэгч. Ц.Нямдорж энхийн цагаан тагтаа царайлаад л явж байна” хэмээн бухимдаж, “Ц.Нямдоржийн хүү зах зээлд 50 мянган төгрөгийн үнэтэй сүлжээний кабелийг 300 мянган төгрөгөөр буюу зургаа дахин өсгөж шахсан байна. Төрийн байгууллагад хувь компани бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг. Энэ бол дэлхийн хаана ч байдаг л төр хувийн хэвшлийн уялдаа холбооны асуудал хэмээж байв. 

Аливаа зүйл хэзээ  нэгэн цагт илэрдгийн зарчмаар аавын нүүрээр шахсан бизнес нь ил болсныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд ороход шударгын туйл болсон Ц.Нямдорж, хэвлэлийн хурал зарлаж, “2004, 2006  онд нэг удаа миний хүү гэрээ хийсэн юм билээ. Ном журмын дагуу тэр ажлуудаа хийгээд больсон.  Үүнийг нуугаад байх зүйл байхгүй. Хууль зөрчсөн нэг ч зүйл байхгүй. Миний хүүхэд “Эрдэнэт” рүү гэрээ хийхээр явахад би таньдаг хүнээсээ “хууль номын дагуу хийгээд өгөөч” гэж гуйсан юм. Хүүхэд нь юм хийх гэж байхад хэн ч гэсэн таньдаг хүндээ хэлдэг.  2004 оноос хойш 12 жилийн хугацаа өнгөрсөн байна.  Нэг удаагийн гэрээ нь 300 сая төгрөг хүрэхгүй үнэтэй юм билээ” хэмээн ширэн нүүрлэж байв. 

Ийм товчхон атлаа том намтартай Нямдоржийн Анхбаяр гэгч залуу өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга хэмээх том албан тушаал хашиж, гадаадын улс орнуудад Монгол Улсыг төлөөлж байна. 

Нямдоржийн Анхбаяр,  Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, Шинэ Зеланд Улсын Веллингтон хотын Виктория их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, хууль зүйн ухааны магистр аж. Тэрбээр, УИХ-ын Тамгын газарт туслах ажилтан, УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд референт, Гадаад харилцааны яамны Гэрээ, зүйн газарт мэргэжилтэн, атташе, Гадаад харилцааны яамны Гэрээ, зүйн газрын дэд захирал, Монгол Улсаас АНУ-ын Сан-Франциско хотод суугаа Ерөнхий Консул, Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга, Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын Хүний эрхийн хэлтсийн дарга, Гадаад харилцааны яамны Консулын газрын дэд захирал, Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирлаар ажиллаж байжээ.

С.Баяр 

Эх сурвалж: Монголын мэдээ сонин (Дугаар 073 /5373)