Сэтгэлийн шарх аниагүй он жилүүд үргэлжилсээр...

Улс төр

Аль ч  улс оронд ороо бусгаа түүх бишгүй. Гэхдээ Монгол Улсад 1937 онд нийгмийнхээ сор болсон боловсрол мэдлэгтэй, зон олноо гэсэн сэтгэлтэй хүн бүрийг хоморголон баривчилж, эрүүдэн шүүж, буудан хөнөөсөн гашуун түүх эхэлсэн. Улс орноо гэсэн сэтгэлтэй хүн бүрийг нухчин дарах энэ үйл явц Монгол Улсад хүний эрхийн эрхэм зүйл үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх,  айдас хүйдэсгүй   Ардчилсан нийгэмд амьдарч эхэлсэн 1990 он хүртэл МАН-ын засаглалын бүхий л хугацаанд үргэлжилсэн. 

Хэрэв Монгол Улсад ардчилсан нийгэм ялаагүй байсан бол өнөөг хүртэл хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгаж ар гэр, үр хүүхэд, удам судраас нь төр уучлалт гуйхгүй байсан гэдэгт эргэлзэх хэрэггүй. Учир нь ардын нэртэй МАН өнөөдөр ч гэсэн төр барих хугацаандаа өөрсдийн хийсэн хамаг булхай, луйвраа хав дарж ард иргэдээ харанхуй бүдүүлгээр дуудаж, халаасыг нь тэмтэрч олсон хэдэн төгрөгийг нь торгууль, татвар нэрээр ховх сорж буйд санал нэгдэхгүй хүн цөөхөн байх. Монголчууд 1990 онд Монголын Ардчилсан холбоо байгуулж тэмцэсний үр дүнд Ардчилсан нийгэмтэй болж чадсан. Ийм учраас учир битүүлэг, хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдээ өмөөрч, тэдний гэгээн дурсгалыг мөнхжүүлсэн.  Төр засаг нь ч уучлалт гуйж хэлмэгдсэн иргэдээ цагаатгах ажил өнөөг хүртэл үргэлжилж байна. 

Тэртээ 1937 оны есдүгээр сарын 10-ны шөнө МАН монгол түмний элгийг эмтэлж, сэтгэлийг сийчэж эхэлсэн гунигтай, хар бараан өдрийг монголчууд мартах ёсгүй. Өнөөдөр төр засгийн эрх барьж буй МАН албан ёсоор ард түмнээсээ уучлалт гуйгаагүй л байгаа. Харин ч  ард түмний нэр барьж төрийг төрлийн холбоо болгож хар бараан сүүдрээ улам лавшруулж буй гэхэд хилсдэхгүй. Монголчууд өнөөдөр төрийн эрхээ ардчилсан  сонгуулиар цогцлоодог  болсон ч байдал өөрчлөгдөөгүй гэдгийг ямагт санах нь зүйтэй байх. Ийм учраас Хэлмэгдэгсдийн өдрийг дахин бүү давтагдаасай гэж Монгол Улс даяар иргэддээ бөхийж, хүндэтгэл үзүүлж ирсэн билээ. 

Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байх тухай УИХ-ын шийдвэр 1996 онд гарсан юм. Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга,  УИХ-ын дарга Г.Занданшатар нар өчигдөр Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. Мөн улс төрийн намууд, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, иргэд энэ үеэр Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм. 

Монгол Улсын Цагаатгах Ажлыг Удирдан Зохион Байгуулах Улсын комисс нь БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1990 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 56 дугаар зарлигаар зохион байгуулагдсан. Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн дэргэдэх уг комиссоос мэдээлснээр улс төрийн хэрэгт шийтгэгдсэн иргэдээс өнөөдрийн байдлаар нийт 31 314 иргэнийг цагаатгаад байна. УИХ 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг баталж, 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгож байв. Улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн 31 604 хүнд холбогдох 10226  хэргийг цагаатгажээ. Бүрэн бус мэдээгээр Монголд 37 мянган орчим хүнийг хэлмэгдүүлсэн гэж үздэг. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлэв.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу нийт 71 тэрбум 815 сая төгрөгийн нөхөх олговрыг цагаатгагдсан хэлмэгдэгч, түүний гэр бүл, үр хүүхэд, ач, зээ, ах, эгч, дүү, ач дүү, зээ дүү зэрэг 19,225 иргэнд олгожээ.

Түүнчлэн улсын хэмжээнд хэлмэгдэгчдийн дурсгалыг мөнхжүүлэх чиглэлээр бий болгосон нэрэмжит байгууллага, өргөн чөлөө, талбай 31, хөшөө 79, суварга 47, самбар 29, дурсгалын багана 27, музейн булан  16 зэрэг нийт 229 объект байна.

700 гаруй хэлмэгдэгчийн хэрэг материал олдохгүй байна

Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Д.Ууганбаяр мэдээлэл өгөхдөө “Монгол Улсын их хурал 1996 онд жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар хүндэтгэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн. Тэр цагаас хойш энэ өдөр 25 дахь жилдээ хүндэтгэл үзүүлж байна. Энэ жилийн тухайд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс байгуулагдсаны 30 жилийн ой давхцаж буйгаараа онцлог.

Хэлмэгдүүлэлтийн үеийн цаг хугацаа одоогоос 80 гаруй жилийн өмнө болж өнгөрсөн учраас зарим хүмүүсийн хэрэг материал олдохгүй, тогтоогдохгүй байна. Энэ асуудлыг хуулиараа Тагнуулын ерөнхий газрын тусгай архив, Улсын ерөнхий прокурорын газарт шалгаж байна. Одоогоор 1000 гаруй хүний асуудал ярьж байгаа ч зарим материалыг шийдвэрлэсэн бол 700 гаруй хүний асуудал үлдсэн. Хуулиараа цагаатгах тухай өргөдлийг хүлээн авах хугацаа 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусч байгаа юм. Цаашид энэ хугацааг сунгах эсэхийг УИХ-аар  шийдвэрлэхээр болжээ. 

Ж.Сүхбаатар:  Намайг “тэнэг Жамъянжавын охин” гэж доромжилж шоолдог байсан

Цэцэг өргөх ёслолын үеэр VIII Богд Жавзандамба хутагтын жаазтай зураг барьсан Ж.Сүхбаатар гуай “Хэлмэгдлийн хар шуурга миний амьдралыг 80 гаруй жил дайран өнгөрч байна. Миний өвөө болох VIII Богд Жавзандамба хутагтыг 1924 онд хор өгч, амийг нь хөнөөсөн. Харин том ах Лувсанданзанг 1937 онд хэлмэгдүүлэн хороосон юм. Би их сургууль төгссөн, эдийн засагч мэргэжилтэй хүн. Надтай хамт арван жилийн сургууль төгссөн хүмүүс намайг “Нөгөө зургаа барьчихаад, гуйлга гуйгаад л явах байх даа” гэж даажигнадаг юм. Хоёрдугаарт, 1937 оны гуравдугаар сарын 15-нд ахыг минь баривчилсны дараа миний аавыг баривчлах гэж оролдсон. Тэгсэн ээж нь “Энэ чинь тэнэг солиотой хүн байхгүй юу” гэж хэлээд, гурван үхэр тэрэгтэй Төв аймгийн Баянцагаан сум руу нүүсэн гэдэг. Түүнээс хойш одоо хүртэл намайг “Тэнэг Жамъянжавын охин” гэж ангийнхан доромжилж, шоолдог байсан хэмээн харуусч нулмис бөмбөрүүлж байв. Тэрбээр үгээ таслаад “Миний туйлын хүсэл бол одоогийн 28 дугаар сургуулийн хашаанд, ахыг минь буудан хороосон тэр газарт гэрэлт хөшөөг нь босгох. Тухайн үед ахын минь хураалгасан хөрөнгө гэхэд нэг тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдэж байсан. Өнөөдөр надад гэрэлт хөшөө босгох 150 сая төгрөг хэрэгтэй байна. Төрөөс нөхөн олговор гээд нэг сая төгрөг өгсөн. Тэр мөнгөний 300 мянгыг бичиг баримт хөөцөлдөхөд зарцуулсан. Үлдсэн 700 мянган төгрөгийг ах, дүү нартайгаа хуваан авсан. Энэ нөхөн олговор бол даажигнал гэж бодож байна” хэмээн ярьсан юм.

Т.ЖАНЦАН

Эх сурвалж: Монголын мэдээ сонин (Дугаар 073 /5373)