Б.Түвшинжаргал: Өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр барьсан төмөр замаараа ачаа тээвэрлэх цаг ойртож л байна

Улс төр

Тавантолгой –Зүүнбаян чиглэлийн төмөр замын их бүтээн байгуулалтыг монголчууд өөрсдийн техник, тоног төхөөрөмж,  монгол инженер техникийн ажилтнуудынхаа хүч хөдөлмөрөөр босгож байна. Энэ том төсөл, их бүтээн байгуулалтыг монголчууд өөрсдөө хийж бүтээнэ гэхэд итгэхгүй, үгүйсгэж байсан нь ч цөөн бус. Гэвч Монголын төмөр замчид хийж, бүтээж чадна гэдгээ харууллаа. Энэ их бүтээн байгуулалт, их хөндийд барьж байгуулах төмөр замын захиалагч “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн Төрийн Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Түвшинжаргалтай ажлын талбарт нь уулзаж, ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхий сайд дорнын говийн төмөр замын  бүтээн байгуулалтын ажилтай танилцаад ямархуу сэтгэгдэл, дүгнэлттэй буцав?

-Их бүтээн байгуулалтын энэ төслийг анх  Монгол Улсын  Ерөнхийлөгч Х.Баттулга санаачилж, Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газар дэмжсэнээр өнөөдрийг хүртэл амжилттай үргэлжилж байна. Ерөнхий сайд гурав дахь удаагаа төслийн үйл ажиллгагаатай танилцаж байна. Бүтээн байгуулалтын маань ажил маш хурдацтай, богино хугацаанд үр дүнтэй явагдаж байгаа. Үүнийг хараад Ерөнхий сайд “Энэ төсөл маш богино хугацаанд чанартай, үр дүнтэй үргэлжилсээр төгсгөлийн шатандаа явж байна. Монголын үндэсний компаниудын инженер, техникийн ажилчид, ЗХЖШ-ын бүтээн байгуулалтын анги нэгтгэлүүд, өөрсдийн техник, тоног төхөөрөмжөөр энэ том бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийж чадаж  байгаад  баярлаж, талархаж байна. Гадныхныг харахгүйгээр, монголчууд бид энэ том бүтээн байгуулалтыг хийж чаддаг гэдгээ харуулж байна” гэж дүгнэн маш сайхан урмын үг хэлсэн. 

-Энэ бүтээн байгуулалтад оролцож байгаа инженер, техникийн ажилтнууд, цэргийн албан хаагчид нэг жилийн өмнө “Хуй салхи, хулангийн тоосноос өөр зүйлгүй энэ их талд яаж төмөр зам барина даа...” хэмээн итгэл муутай байснаа дурсан ярьж байна. МТЗ ТӨХК-ийн хувьд энэ том бүтээн байгуулалтын ерөнхий захиалагч болж, аж ахуйн нэгжүүдтэй хамтарч энэ их говийн ээрэм талд анхны шангаа татаж, зураг төслөө боловсруулж явсан хүний хувьд эргээд дурсах зүйл их байгаа нь мэдээж. Бүтээн байгуулалт бүхэнтэй хамт хүний  түүх бичигдэж байдаг шүү дээ.

-Жил гаруйн өмнө буюу 2019 оны тавдугаар сарын 24-нд эзгүй хээр энэ талд Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө ирээд анхны замын трассынхаа улаан шугамыг тавьж, шангаа татаж байлаа.Тэрнээс хойш удалгүй наадмын дараахнаас ажил жигдэрч эхэлсэн дээ. Өвлийн гурван сарын хугацааг хасах юм бол үндсэндээ есөн сарын хугацаанд  энэ том бүтээн байгуулалтыг ийм богино хугацаанд амжилттай өрнүүлж, хийж байгаа нь үнэхээр бахархууштай сайхан үйл явдал болж байна. Хамгийн гол нь манай монголчууд өөрсдийн  техник тоног төхөөрөмжөөр өөрийн инженер техникийн ажилтнууд, цэргийн албан хаагчдынхаа хүч, хөдөлмөрөөр энэ ажлыг хийж байгаа нь л бахархал юм. Мэдээж,  олон олон асуудлууд тулгарч байсан. Тэр болгоныг даван туулсаар энэ төсөл маань төгсгөлийн шатандаа ороод явж байна. Ер нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр замын бүтээн байгуулалтын зураг төслийг МТЗ ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнууд хийсэн.  .Мөн төслийн хувьд  594 хоолой төлөвлөгдөж хоёр компани  зураг төслийг хоёр хувааж зурсан. Нийт  2427 метрийн урттай 27 ширхэг гүүр төлөвлөгдөж зураг төслийг үндэсний ГБЭТ ХХК хийж гүйцэтгэсэн. Гүүрний хувьд хамгийн урт гүүр 226,1 метр, хамгийн богино гүүр 37 метрийн урттай байгаа. Монголчууд төмөр замын төмөр бетон, хүчитгэсэн гүүрийг анх удаа өөрсдөө барьж , өөрсдөө зургийг нь хийж , барилга угсралтын ажлыг үндэсний компаниуд хийж гүйцэтгэж байна. Энэ хугацаанд багагүй хүндрэл бэрхшээлүүдтэй тулгарч байсан. Нийт 27 гүүрийн хувьд 252 ширхэг дам нуруу, 956 ширхэг гадсан суурь, барьсан. Энэ болгоныг хийхэд цаг хугацаа, хүч хөдөлмөр, маш нарийн инженерийн шийдлүүд бүгд цогцолж хийгдсэн. Энэ гүүрэн дээгүүр маш хүнд даацын ачаатай галт тэрэг явах учраас чухал хариуцлагатай ажил. Монголын үндэсний компаниуд анх удаа ийм том замын ажил хийж байгаа, зарим нь гүүрийн салбарт ч анх удаа ажиллаж байгаа компаниуд байна. Ийм учраас манай гүүрийн зохиогч болон инженер, техникийн ажилтнууд өдөр, шөнөгүй зөвлөж тусалж, зааж, зааварлаж явсны хүчинд энэ гүүрийн ажил амжилттай үргэлжилж байна. Тухайлбал, манай зохиогч, инженерүүд нийт трассын дагуух 27 гүүрэн дээр өнөөдрийн байдлаар 13 удаа явж зааварчилгаа, зөвлөмж, зөвлөгөө өгч аргачлал боловсруулж,  хамтарч ажилласны хүчинд харьцангуй бага алдаа дутагдал гарч, ажил маань чанарын өндөр түвшинд  цаг хугацааны алдагдалгүй хийгдэж байна. Эцсийн үр дүнг харахад үндэсний компаниуд маань техник, тоног төхөөрөмжийн хувьд нэлээд бэхжлээ, инженер техникийн ажилтнууд нь ч дадлага, туршлага сууж байна. Зарим нэг тоо баримтыг хэлэхэд, таван компани өрмийн машин авлаа. Нэг өрмийн машин дунджаар 1,5 тэрбум орчмын үнэтэй байх жишээний. Зарим компаниуд  узель, миксер, помп, кран гэх мэт  нэлээд тоног төхөөрөмжүүдийг авсан байгаа. Инженер, техникийн ажилтнууд маань ч анх удаа хүнд даацын төмөр бетон гүүрийг барьснаараа ихээхэн дадлага туршлагатай болж дараа дараагийн төсөл дээр монголчууд  өөрсдөө зураад, барьж гүйцэтгээд, ашиглаад явах боломжтой болж байна гэдгээ үйл ажиллагаагаараа нотлон харуулж байна. Хоолойны хувьд ч ялгаа байхгүй 534 ширхэг хоолойны ажил бүрэн дууссан. Харин далангийн хувьд нийт 414,6 км трасст  26 сая метр куб далангийн материалыг богино хугацаанд манай үндэсний компаниуд хийж гүйцэтгэсэн. 

Caption

 

Даланд тоогоор бодоход  1,300,000 ширхэг машин шороо орсон гэсэн үг.Энэ их машин шороог манай компаниуд  30 см-ийн зузаантайгаар хамгийн өндөр даланг 14 метрийн өндөртэйгээр босгож, чанарын өндөр түвшинд  бүрэн хийж дуусгалаа.

Төмөр зам тавьж эхлэх тухай ярьж эхлэх тэр үеэс л “Овоолсон шороо яаж зам болох вэ... Сонгон шалгаруулалт нь ээдрээтэй байна...  Барилгын компаниуд ороод ирлээ... Монголчууд ер нь чадах юм уу, бид авто зам барьж байснаас биш төмөр зам барьж байсан туршлага байхгүй...” гэх мэт янз бүрийн л сайн муу, сайхан, муухай ярианууд гарч  байлаа. 

-Үгүйсгэсэн, үл итгэсэн энэ бүх хэл үгийг хийж бүтээсэн ажлаараа нам дарлаа. Энэ том төсөл, их бүтээн байгуулалтын ажлыг яг хэдэн хүний хүч хөдөлмөр, ямархуу техник, тоног төхөөрөмжөөр босгож байгаа нь сонин байна?

-Энэ том бүтээн байгуулалтад  6000 гаруй инженер техникийн ажилтан, 2800 гаруй машин техник, тоног төхөөрөмж, үндэсний 94 аж ахуйн нэгж, компаниуд оролцож байна. Энэ их  бүтээн байгуулалтад оролцож байгаа бүхэн маань дандаа дотооддоо үлдэж, бүх үйл ажиллагааг манай дотоодын компаниуд хийж байна. Гаднаас зөвхөн рейс төмрийг л ОХУ-аас авсан. Бусад бүтээгдэхүүнүүд бүгдийг  дотоодоосоо нийлүүлсэн. Мөн бүгд монголын инженер, техникийн ажилтнууд  оролцсоноороо энэ их олон хүний хүч хөдөлмөр, сэтгэл, зүтгэл, чармайлт, оюун ухаан шаардсан үндэсний том бүтээн байгуулалтыг монголчууд өөрсдөө хийж чаддаг юм байна гэдгийг бүтээж , босгож, барьж байгуулсан үйл ажлаараа, үр дүнгээрээ харуулсанд маш их талархалтай байдаг. .Анх монголчууд чадахгүй гадны компани барина гэж л яригдаж, төсөөлж байсан. Энэ төсөөллийг монгол ажилчид маань эвдэж чадлаа. Манай бүтээн байгуулалтын ажилтай танилцсан хүмүүс монгол хүнээрээ бахархах сэтгэл дүүрэн буцдаг. Энэ их бүтээн байгуулалтыг хийсэн, бүтээсэн нь  л бидний том амжилт. Барьж бүтээж чадсанаараа өөрийн эрхгүй монгол омогшил төрж, бахархаж   явдаг аа.

-Төлөвлөснийхөө энэ оны арванхоёрдугаар сард төмөр замаа хүлээн авах нь ээ. Төмөр замын цаашдын хувь заяаны асуудал тухайлбал ашиглалтад орсноос нь хойш хэн хариуцан ажиллах бол гэсэн асуултанд Танаас баттай хариулт сонсмоор байна?

-Гүүрийн ажил маань есдүгээр сарын нэгэнд  дуусах байсан боловч  энэ зун бороо их орж, 5-6 удаагийн үер буусны улмаас мөн сар гарангийн хугацаанд цементийн хомсдол үүссэн  зэргээс  шалтгаалаад  нэг сараар хойшилж  аравдугаар сарын нэгэн гэхэд гүүрийн барилга угсралтын ажил   дуусахаар болж байна. Мөн өнөөдрийн байдлаар 54 км Зүүнбаян талаасаа дээд бүтцийн угсралтын ажил бүрэн  дууссан. Одоо УБТЗ, ЗХ-ний бүтээн байгуулалтын дөрвөн анги  таван байршлаас гар аргаар дээд бүтцээ угсраад явж байна. Өдөрт дунджаар 500-1000 метрийн дээд бүтцийн барилга угсралтын ажил хийгдэж байна.  Энэ эрчээрээ явбал арванхоёрдугаар сард  бүрэн дуусна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Төмөр замаа арванхоёрдугаар сард дуусгаж, хүлээж аваад эхний удаа Тавантолгойгоос –Улаанбаатар чиглэсэн шахмал түлшний үйлдвэрийн нүүрсийг тээвэрлэх, мөн задгай чингэлгээр коксжих нүүрсийг  Замын-Үүдээр дамжуулан Эрээн рүү  авто тээврээр тээвэрлэх гэсэн төлөвлөлтүүдийг хийгээд явж байгаа юм. Үндсэн суурь бүтцийг МТЗ эзэмших цаашдаа ямар компани операторыг нь хийж  явах вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа. Манай компани ярилцаж байгаад энэ тал дээр нэг чиглэл гаргах байх. Ирэх жилийн эхний  нэгдүгээр сараас өөрсдийнхөө хүч хөдөлмөрөөр барьсан  төмөр замаараа эхний галт тэргэндээ ачаагаа ачаад тээвэрлэх цаг хугацаа маш ойрхон байна гэж харж болно.

-Ер нь төмөр замын ачаа тээврийн даац хүчин чадал  Монгол улсын эдийн  засгийн экспорт, импортын ачаан дээр бүрэн хангаж чадаж байгаа юу?

-Манай энэ төмөр замын гол эдийн засгийн ач холбогдол нь гэвэл Тавантолгой –Зүүнбаян чиглэлийн төмөр замын  трассын дагуу 32 ашиглалтын  тусгай зөвшөөрөл байгаа. Тусгай зөвшөөрөл удахгүй үйлдвэр,  уурхай болоод бүтээгдэхүүнээ хямгийн хямд  өртөг зардлаар олон улсын зах зээл дээр гаргах, тэр бүтээгдэхүүний өөрийн өртгийг  багасгах зэрэг нь энэ төслийн хамгийн ач холбогдолтой зүйл юм. Нэг жишээ хэлэхэд, өнөөдөр Монгол Улсад нэг тонн нүүрсийг нэг км-т 32 ам доллараар тээвэрлэж байгаа. Харин энэ төмөр замаар бид нэг тонн нүүрсний нэг км дэх тээврийн зардлыг дөрөв  дахин багасгаж найман ам. доллараар тээвэрлэх юм.Тэр зөрүү мөнгө нь Монголдоо үлдэх, Монголын эдийн засгаа тэтгэх, аж ахуйн нэгжүүдийн татварын орлого гээд олон олон зүйл Монголдоо үлдэх ач тустай. Уул уурхайгаас гарч байгаа бүтээгдэхүүний өөрийн өртөг багасах, манай улсын төсөвт орох төсвийн орлого нэмэгдэх эдийн засгийн маш том ач холбогдолтой  төсөл л дөө. Мөн замаа дагасан 1000 гаруй ажлын байр бий болох, төмөр замаа дагасан дэд бүтцүүд хөгжих эхлэл суурь нь тавигдах юм.

-Санхүүжилт гэдэг үгийг аж ахуйн нэгжүүд нэг их хэлсэнгүй нь сайшаалтай санагдаж байлаа. Яагаад гэхээр Монгол Улс хэмнэлтийн горимоор ажиллаж байгаа. Гэтэл аж ахуйн нэгжүүд тэр бүр “...санхүүжилт байхгүй Ерөнхий сайдаа”, “...ажил зогссон” гэж бараг хэлсэнгүй. Энэ бүгдийг төр, засаг онцгой анхаарч байгаагийн үр дүн гэж харах уу? Эсвэл аж ахуйн нэгжүүд өөрсдийн нөөц бололцоогоор нэг км ч болсон урагшлуулъя гэсэн сэтгэлтэй нь холбоотой юу?

-Манай  аж ахуйн нэгжүүд  үндэсний хэмжээний томоохон бүтээн байгуулалтад оролцож байгаадаа нэгдүгээрт,  бахархаж байгаа, хоёрдугаарт энэ том бүтээн байгуулалтад өнөөдрийн байдлаар боломжийн санхүүжилтийг олгоод явж байгаа. Дээр нь  аж ахуйн нэгжүүд маань ч гэсэн өөрсдийн нөөц болоцоогоо дайчлаад, санхүүжилтээ өөрсдөө шийдээд, гаргаад бүтээн байгуулалтыг зогсоочихгүйн тулд цаг хугацаатай уралдан, энэ төслөө хугацаанд нь амжилттай дуусгаж, хүлээлгэж өгөхийн төлөө сэтгэл, зүтгэл гаргаж ажиллаж байгаад би хувьдаа үндэсний компаниуддаа баярлаж, талархаж байгаа. Өнөөдөр мөнгө байхгүй  гээд ажлаа зогсоохгүй, зохицуулаад  мөнгөө олоод төслөө үргэлжлүүлээд явж байгаа нь  манай компаниудын хариуцлагын асуудал,  энэ том төслийн ач холбогдол  гэж харж болно.

-Таны ярианаас сайж­руул­сан түлшийг Улаанбаатар руу хамгийн хямд зардлаар тээвэрлэх боломж  нөхцөл бүрдэх юм байна гэж ойлголоо. Энэ асуудлыг жаахан тодруулбал? 

-Сайжруулсан түлшний нүүрсийг  Тавантолгойгоос-Өмнөговь-Дундговийн засмал замаар тээвэрлэж байгаа. Энэ нь байгаль орчинд болон замд маш ихээр  эвдрэл гэмтэл үүсгэх , тухайн нүүрсний өөрийн өртгийг  нэлээд  их  нэмж байгаа. Төмөр замаар тээвэрлэхэд мэдээж тухайн шахмал түлшний өөрийн өртөг багасах, мөн байгаль экологи талдаа сөрөг нөлөө багатай, авто замдаа халгаа багатай гэх мэт ач холбогдолтой. 

-Цаг зав гарган ярилцсан Танд баярлалаа. Амжилт хүсье.

Ц.ЭНЭРЭЛ

Эх сурвалж: Монголын мэдээ сонин (Дугаар 073 /5373)