М.ДАВАА
Монгол улсад геологийн салбар үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ой саяхан болж өнгөрсөн. Геологи, хайгуулын салбар бол уул уурхайн хамгийн чухал бөгөөд тогтвортой хөгжлийг хангах, улс орны хөгжилд бодит хувь нэмэр оруулах суурь салбар билээ. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ салбарын ажил зогсонги гэж хэлж болохоор байдалд хүрсэн. Ингэснээр улс орныг урт хугацаанд эрдэс баялгийн найдвартай нөөцөөр хангах ажлын эрч саарах хандлагатай болсон. Хөрөнгө оруулалт буурсны гол шалтгаан бол хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчин тогтворгүй байгаатай холбоотой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлдэг.Геологийн салбарт төр засгийн зүгээс онцгой анхаарч, гадаадын хөрөнгө оруулалт татах нь нэн тэргүүний тулгамдсан асуудал байсаар ирсэн ч ахиц, хөгжил тийм ч таатай бус гэдгийг салбарын гэлтгүй хүмүүс бүгд мэдэж байгаа. Тулгамдаж байгаа бэрхшээлтэй асуудлууд ч олон байгаа байх. Ингээд тус салбарын ажил байдлын талаар Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга Т.Мөнхбаттай ярилцлаа.
-Энэ жил танай салбарын 85 жил тохиож байна. Тэгээд ч энэ бол бага тоо биш юм. Геологийн салбар бол уул уурхайн хувьд хамгийн чухал салбар. Тиймээс түүхэн ой тохиож байгаа энэ үед та бүхнээр ажил, амжилтын сонин юу байна вэ?
-Юуны өмнө энэ жил геологийн салбарын түүхт 85 жилийн ой тохиож байна. Тиймээс хамт ажиллиж байсан геологичид болон монголынхоо бүх геологичиддоо баярын мэнд хүргэе. Түүхэн ойгоо тохиолдуулан геологичид бид “Эрдэм шинжилгээний хурал” зохион байгууллаа. Энэ удаагийн хурлын онцлог нь түүхт ойтой холбоотойгоор салбарын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид, геологичид болон оюутнуудыг өргөнөөр хамруулснаас гадна Герман, Япон зэрэг оронд ажиллаж байгаа геологичид маань цахимаар оролцож, өөрсдийн илтгэл бүтээлээ хэлэлцүүлсэнд оршиж байгаа юм. Геологийн салбарын ажлын үр дүн нэг үеэ бодвол сайжирч л байна. Эрдэс баялгийг судлах геологийн салбар маань шинжлэх ухааны үндэслэл болон судалгаан дээр тулгуурлан явагддаг тул бид ШУ-ны академийн Геологийн хүрээлэнтэй нягт хамтран ажилладаг. Эхлээд бүс нутгийн геологи тектоник буюу том дүр зургаар нь геологийн судалгаануудыг яаж эхэлдэг вэ гэсэн сэдвээр геологичид бид нэлээд сайн ярилцаж зөвлөлдсөн. Түүнчлэн баруун монголд хийгдэж байгаа судалгааны сүүлийн үеийн судалгааны шинэлэг чухал мэдээллүүд, тэнд үүссэн чулуулаг, геологийн тогтоцуудын тектоник гарал үүслийн талаар нэлээд мэдээлэл танилцуулагдлаа. Мөн насжилтын талаар шинэлэг судалгааны үр дүн гарч эхэлж байна. Геофизикчид маань ч ажил амжилтаасаа салбарынхантайгаа хуваалцсан нэлээд үр дүнтэй сайхан хурал болж өнгөрсөн.
-Тэгвэл геологийн салбарт шинэ хөрөнгө оруулалт хэр их хийгдэж байна вэ?
-Геологи хайгуулын чиглэлээр хөрөнгө оруулалт татахад манай улсад бүрэн боломж байна. Суурь судалгаа нь олон жилийн өмнө хийсэн мэдээллүүд бөгөөд сүүлийн 30 орчим жил хийсэн хайгуулын ажлын мэдээллүүд хангалттай биш байна. Тийм болохоор зайлшгүй л сайжруулах шаардлагатай байна. Хөрөнгө оруулагчид гадаадаас орж ирэхгүй байна, харин дотоодын хөрөнгө оруулагчид маань энэ салбарт хөрөнгөө оруулахгүй байгаа шалтгаан нь өөрөө манай улсын хууль тогтоомж олон удаа өөрчлөгдөж, тогтворгүй байдагтай холбоотой. Мөн энэ салбараа дэмжихгүй байгаатай ч холбоотой. Тэгээд ч энэ салбарт хайгуулын ажил хийхэд өндөр өртөгтэйгээс гадна асар өндөр эрсдэлтэй. Хэдийгээр ШУ-ны үндэслэл дээр тулгуурлан хайгуулчид судалгаагаа хийгээд явдаг ч гэсэн ашигт малтмал олдох, тэр нь ямар хэмжээтэй байх түүнийг олно гэдэг нь нэг асуудал. Түүний дараа дараагийн үе шатууд нь хөрөнгө мөнгө босгох, түүнийгээ ашиглах буюу уурхай болгоход зайлшгүй банк, санхүүгийн байгууллагуудаас зээл тусламж авах хэрэг болдог. Харамсалтай нь үүнийг баталгаажуулж, хамгаалах хууль нь өнөөдөр хангалттай биш байна.
-Үүнийг танай салбарын геологичид яаж харж, дүгнэж байна вэ?
-Ер нь манай улсын хэрэгжүүлэн ажиллаж буй олон талын оролцоо буюу иргэний нийгмийн хөдөлгөөн, орон нутгийн төлөөлөл зэрэг байгууллагуудтайгаа төрийн байгууллага нь, мэргэжлийн байгууллага буюу хөрөнгө оруулагч гэсэн гурван тал нүүр тулан сууж байгаад тулгамдаж буй асуудлуудаа хамтран ярилцаж чадвал орон нутгийн иргэд асуудлыг ойлгоно гэж бодож байна. Үүн дотор зарим нэг бүлэглэлийн эсэргүүцэл явдаг болохоос биш олонхи иргэд орон нутаг, улсаа хөгжүүлээсэй гэж хүсдэг. Ойлгоцолд хүрснээр мэдээж тэнд ажлын байр олноор бий болж, ханган нийлүүлэлт явагдахаас гадна улс эх орон, иргэд аль аль талдаа л ашигтай байна шүү дээ. Тэгэхээр бид хаана хаанаа энэ асуудал дээр ойлголцолд хүрэх нь л чухал гэж харж байна. Хийхээр төлөвлөж буй ажлаа иргэддээ энгийнээр, ойлгомжтой хэлбэрээр таниулах хэрэгтэй. Түүнээс гадна төр засгаас уул уурхайн тал дээр тогтвортой бодлого баримтлан, хууль тогтоомжоо боловсронгуй болгох нь хөрөнгө оруулалт татах хамгийн чухал нөхцөл юм.
-Танай салбарын мэргэжилтнүүдийн ажлын ахиц хэр байна гэж та үздэг вэ?
-Монголын геологийн холбоодын нэгдсэн зөвлөл нь Монгол Улсад геологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, бүх төрлийн геологийн судалгааг эрчимжүүлэх, геологичдын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, салбарын ажиллагсадын нэгдмэл ашиг сонирхлыг илэрхийлэх, хамгаалах зорилготой. Тийм ч учраас зөвлөлийн үйл ажиллагаа маань геологичдынхоо нэгдсэн зорилгод нийцээд явж байгаа. Цаашид бид ихийг хийх ёстой, томоохон ажлууд биднийг хүлээж байна. Дээрээс нь судалгаа, шинжилгээний ажлууд сүүлийн жилүүдэд салбарын мэргэжилтнүүд дор дороо өөрсдийнхөө хичээл зүтгэлийг гаргаж, салбартаа мэргэжлийн түвшнийг ахиулж, олон улсын харилцааг өргөжүүлэх дүр зураг ажиглагдаж байна.
-Геологичид ажилгүй болж байна, геологийн чиглэлээр суралцах суралцагсдын тоо буураад байна гэх яриа их гарч байна. Яагаад ийм байдалд хүрчихвээ?
-Геологи хайгуулын чиглэлээр хүүхдүүд суралцах нь багасч байгаа. Энэ нь үндсэндээ энэ салбарын талаар төрөөс баримтлах бодлоготой л холбоотой. Төр маань геологи хайгуулын ажлыг бүрэн ойлгохгүй, дэмжихгүй байна. Энэ салбарт найдвартай ажлын байр, ирээдүй бий гэдэг ойлголтыг өгөхгүй байна. Тэгснээр залуучууд мэргэжил сонгохдоо геологи, геофизик, геохими, өрмийн чиглэлээр сурахгүй байна. Яагаад гэхээр ажлын байр нь баталгаатай биш, олдохгүй байна. Үүнийг шийдэх бүрэн боломж байгаа, мэргэжилтнүүдийг бэлтгэх багш профессоруудын баг хангалттай. Харамсалтай нь анги бүлэг нь бүрдэхгүй бол бүхэл бүтэн нэг, хоёр үе алдахаар болоод байна. Үүн дээр төр, хувийн хэвшлүүд аль аль нь анхаарал хандуулах ёстой.
0 Сэтгэгдэл