Өчигдрөөс өнөөдөр бүтдэг. Өнгөрсний хөрсөн дээр ирээдүй цэцэглэдэг нь энэ орчлонгийн жам юм. Хэн нэгний туулсан амьдрал, гаргасан амжилтын тухай өгүүлэх хэрэг гарвал өвөг дээдэс нь хэн байсан юм бэ гэдгийг эргэж харахад хүрдэг. Өөрөөр хэлбэл, удам сайтын үр, угшил сайтын унага гэдэгчилэн өндөр дээд эцэг өвгөд нь аль нутаг усных вэ, эцэг эх нь хэн бэ, ямар гэр бүлд өсч торнисон бэ, ямар амьдралыг туулж өнөөдрийн амжилтанд хүрсэн бэ гэж ирээд л сонирхон өөр хоорондоо хэлэлцдэг нь монгол ёс бөлгөө. Энэ л жишгээр, УИХ-ын сонгуулийн Нэгдүгээр тойрогт нэр дэвшин өрсөлдөж буй Даваагийн Цогтбаатарын угсаа гарвалтай танилцлаа. Тэрбээр өвөг дээдсээ Цэцэрлэг Мандал Уулын аймгийнх гэж танилцуулна лээ. Шинэ цагийн Монгол Улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны хуулиар Архангай аймаг, Баянхонгор аймгийн хангайн сумд нь түүний өндөр дээд өвөг дээдсийн тоонотоо дугуйлсан нутаг болж таарах нь. Даваагийн Цогтбаатарын өвөг эцэг /аавынх нь аав/ Батын Цэрэнбалжир нь Заг, Жаргалант, Галуут сумдын нутгаар нутаглаж явсан алс холч ухаантай, жирийн малчин байв. Бага насандаа “Чин сүжигт номун хан”-ны хийдэд шавилан суудаг байсан. Тэрээр Баяннуур багийн тоо бүртгэгчээр ажиллаж байсан ба цагийн аяст хөтлөгдөн Баянхонгор аймаг үүсгэн байгуулагдахад аймгийн төвд суурьшин 1-р арван жилийн сургууль /одоогийн Номгон ахлах сургууль буюу олны мэддэгээр Баянхонгор аймгийн төвийн нэгдүгээр арван жилийн сургууль/-д аж ахуйн ажил, сахиул, галчаар ажиллаж байжээ.
Авга тал нь ч бас их оюунлаг удамтай. Тухайлбал авга эгч Цэрэнбалжирын Цэвэлээ нь 100 буудалт даамны аймгийн 4 удаагийн аварга, оюун ухааны спортын алдартан. Авга эгч Цэрэнбалжирын Лхагвамаа нь урлаг соёлын ардын авьяастан. Түүнд тоглохгүй хөгжим үгүй, дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ, авъяасын ундарга. Эгч дүү хоёр хоёулаа олон мянган алдар суутныг төрүүлсэн ардын багш нар.
Ээжийнх нь аав Шархүүгийн Жаргалыг Баянхонгорынхон андахгүй. Нагац өвөө Баян-Овоо сумын уугуул. Баянхонгор аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн дарга, Автотээврийн 18-р баазын үйлчилгээний хэсгийн дарга, баазынхаа намын үүрийн дарга, гарын даа, бөх тайлбарлагч, бөхийн шүүгч, сонины идэвхтэн бичигч зэрэг ажлыг нэр төртэй гүйцэтгэж, олноо хүндлэгдсэн эрхэм хүмүүн байв. Жаргалын том хүү Цэрэнгомбо нь ажил хөдөлмөр удирдах ур чадвараараа манлайлан аавынхаа мэргэжлиийг өвлөн автотээврийн газрын даргаар үр бүтээлтэй ажиллаж байсан ба удаах хүү Бямбасүрэн нь арван жилийн хоёрдугаар сургуулийн анхны пионерын удирдагч, Өвгөнжаргалант пионерын зуслангийн дарга зэрэг ажлуудыг хийж байсан ба хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг төр, засаг үнэлэн 1980 оны Москвагийн олимпод залуучуудын төлөөлөл болон оролцуулж байсан байна. Түүний нагац ах нарын үлдээсэн жим мөрөөр үр сад нь жимлэж буйг энд дурдъя
Эцэг Ц.Даваа нь өөрийн залуу насаа алсын тээврийн жолоо мушгин халуунд нь халж, хүйтэнд нь хөрж, хань, ижил үр хүүхдүүддээ зориулсан эгэл жирийн хөдөлмөрч ахмад тээвэрчин бий. Эх Ж.Дорждулам нь ч бас жолооч. Зан сайтай хосынд айлчин гийчин тасарна гэж үгүй. Ийм л айлд Цогтбаатар өсч торнисон. Тэднийх хоёр хүү, хоёр охинтой. Даваагийн Цогтбаатар айлын бага хүү. Холын бодолтой эцэг, эх нь хүүхдүүдээ ажил хийж, хүний үг дааж сургах үүднээс зуны амралт эхэллээ, гутал хувцасыг нь бэлдэж өгөөд хөдөө явуулна.
Өнөөдүүл нь ч зунжин хөдөөний ах дүү, хамаатны айлуудаар зуны амралтаа өнгөрүүлэн хичээл эхлэхийн өмнөх өдөр ирнэ. Тэрээр Баянхонгор аймгийн Богд суманд авга эгч Ц.Лхагвамаагийнхаа хөвгүүдтэй барилдаж, Бөмбөгөр, Бууцагаан суманд авгын талын хамаатан Хувцагаан ахындаа ямаа хариулж, Заг, Жаргалант, Галуут сум, Мандалын хангайд авга ах Х.Сандагсүрэнгийндээ үнээ эвэлгэж, Өлзийт сумын Бийрийн хөндий, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум, Таацийн гол, Баянтээгийн уурхай хавиар хурдан морь унаж өсчээ. Ийм л амьдрал дунд түүний бага нас өнгөрсөн. Тэр утгаараа тээвэрчин хосын дөрвөн хүүхэд харьцангуй эрт бие даацгаажээ. Хөвгүүд хөдөлгөөнтэй хэдий ч эцэг, эхийн нэрийг халууцуулсан удаагүй. Даваагийн Цогтбаатар спортод сонирхолтой, сурлага сайтай, тэр тусмаа тооны төрлийн хичээлд үеийнхнээ манлайлж, анги хамт олноо тэргүүлнэ. Алдаа гарган эцэг, эхийн нэр хүндийг сэвтээх ёсгүй гэх ухамсар Даваагийн дөрвөн хүүхдийн тархинд балчир үеэс нь суусан гэж хэлж болно. Тэр математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгссөн. Бага ангийнхан нь буюу хос бичигтний сургуулийн найзууд нь түүнд “Тооны аварга, тоодон Цогоо” хэмээх хөөрхөн нэрийг хайрлажээ. Баянхонгор аймгийн Хоёрдугаар арван жилийн сургуулийнхан Даваагийн Цогтбаатарыг андахгүй. Өнөөдөр тэр сайн яваа хүнлэг нэгэн учраас хүний дайтай яваагаа анхны багш Д.Дуламсүрэн, багш Н.Тогоохүү, З.Нямдулам, Ц.Лонжидмаа, Н.Мөнхцэцэг, М.Мөнхбат, Ц.Галчулуун зэрэг оюунлаг багш нарын маань гавьяа, хичээл зүтгэл хэмээн онцолсныг энд дурдах байна.
Бодож байж хөдөлдөг, төлөвлөж байж бүтээлэг санхүүч
Гэр бүлийн хүмүүжил, суурь төлөвшил амьдралын үндэс. Бас насан туршид нь тухайн хүнийг тодорхойлох жанжин шугам болох нь ч бий. Даваагийн Цогтбаатарын тухайд хамт ажиллаж байсан, удирдлагад ажиллаж байсан нөхөд нь эхэлсэн, эхлүүлсэн ажлынхаа ард нь гардаг, барагтай л бол алдаа гаргадаггүй нягт нямбай, алсыг харж, ойрыг тооцоолдог айхтар гэж хэлж болохуйц хүн хэмээн тодорхойлох юм билээ. Бас энэ чанарт нь итгэж, хамтарч ажиллахад амар байдаг бөгөөд үүрэг хүлээлгэж, хариуцлага үүрүүлэхэд санаа амар байж болох удирдагч хэмээсэн.
Итгэлээ үлдээхэд эргэлзэхгүй байж болох тийм хүн чанар Даваагийн Цогтбаатараас үнэртдэг гэх. Санхүүч мэргэжил нь Даваагийн Цогтбаатарыг ясны төлөвлөгч, зохион байгуулагч болгожээ. Өнөө цагт чин сэтгэл, үнэнхүү зүтгэлээр ажлын ард гардаг хүн цөөрсөн шүү дээ. Тэр дундаа төр, түмний төлөө сэтгэлээ юүлдэг, зүтгэдэг хүн бүр ховор. Ийм цагт Даваагийн Цогтбаатар шиг эрдэмлэг, боловсролтой, чадварлаг боловсон хүчний эл чанар төрд тусаа өгөх нь зүй. Ажлыг хэцүү, хатуу гэлгүй барьж авч ард нь гардаг. Ачааны хүндийг үүрэн зүтгэх хүч гэвэл түүнийг л онцлох байна. Төмрийн хүдрийг боловсруулах тусам ган болдог шиг жинхэнэ монгол дайчин эрээр жингийн цувааг хөтлүүлэх аваас алсын замд ачаа нь тэгширч, бодол нь уужуу болж, хал үзэж, хашир суудгийг ажил үйлсээрээ харуулж яваа эрхэм бол Даваагийн бага хүү Цогтбаатар. Ямар ч асуудалд түрүүлж дуугардаггүй, түргэдэж өндөлздөггүй, бодож гэмээнэ хөдөлдөг, төлөвлөж гэмээнэ бүтээдэг нь түүний зан. Хүний энэ л чанарыг монголчууд эртнээс “хүндээ хөнгөнөөс өгдөггүй” тулхтай хүн хэмээн хүндэлж, төрөө түшүүлж ирсэн уламжлалтай билээ.
Аливааг том зургаар харж чадах улстөрч
Туршлага боловсролоос үнэтэй зүйл аж. Хоосон мөрөөдөхөөс цаашгүй болсон энэ цаг үед хийгүй үйлддэг, хэлсэндээ хүрдэг, зорьсноо биелүүлдэг санхүүчийг УИХ-ын нэгдүгээр тойрогт Ардчилсан намаас итгэл хүлээлгэн илгээж байгаа нь цаг үеэ мэдэрсэн, оновчтой сонголт болжээ гэдгийг хүлээн зөвшөөрөх байна. Тэртээ 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа өөрчилж, авлигач, хулгайчдын засаглалыг сонгоогүй, хуулийн засаглалтай Монгол Улс байх зарчмыг сонгосон. Тэгвэл өнөөдөр авлигач дарга нарын засаглал тогтож, урьдын адил нэг нам ноёрхох болсон байна. Үүнийг Ардчилсан нам нурааж, дарга ангийг халах ёстой. Хувьсгал хийхэд зангиа хэрэггүй гэдэг. Ардчилсан нам 1990 оны хувьсгалыг шинэ хэв маягаар хийхийн төлөө зүтгэх болно. Унтаа байдалтай мөртөө айдас түгшүүрт автсан урагшлахаа больсон нийгмийг өөрчлөх арга зам нь 2024 оны сонгууль юм. Тиймээс Даваагийн Цогтбаатарын унаж яваа морийг чангахан шиг ташуурдах хэрэгтэй байна. Ер нь бол мань хүн өөрийнхөө зарчмаар ергүүлж яваа. Уралдааны морьдыг бүтэн жил сойж, уяа сойлгыг нь тааруулж ганцхан өдөр уралдуулдгийг монгол хүн бүр мэдэх хойно. Олон бүлэг фракцид хуваагдсан нам хэмээн харж, дүгнэж байгаа ч энэ нь нэг намын асуудал биш эрх барьж буй МАН-ын улс төрийн наадамд салхи зүсэн айрагдах айргийн тавын нэг байж яагаад болохгүй гэж. Зурхайгаас эргэсэн морьдыг хэн гээч уяачийн сойсон хүлэг вэ гэдэггүй, бүгд барианд орохыг нь хүлээн зогсдог нь монгол түмний ёс. Хувь хүнийх нь зүгээс ч, хувь улстөрчийнх нь өнцгөөс харвал эцэж цуцаж, эргэж хантайрсан байдал улс төрийн урт замд үгүй харагдана. Даваагийн Цогтбаатар ардчиллын үнэт зүйлст сэтгэл, оюунаа зориулж, хэн нэгний талд орж, ил далд хуйвалдаж, улааныг харж урван, шарыг харж шарвалзах улстөрч биш. Түүнийг хэзээд ард түмний талд зогсоно гэдэгт итгэдэг. Улс төрийн нам хэн нэгэн хийгээд, хэсэг бүлэг хүмүүсийн хийрхэл, талцал, өмч биш. Харин хүмүүнлэг, ардчилсан үзэл баримтлал бол хүн төрөлхтний чиг шугам юм гэдгийг олж харсан орчин цагийн лидер юм. Даваагийн Цогтбаатар улс төрийнхөө чиг баримжааг “хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч зөв гольдролоороо явах учиртай” хэмээн эрс шулуухан хэлж байна. Намын хагарал хуваагдлын талаар тэрбээр улс төрд илэрдэг хувь хүмүүсийн амбицын асуудал гэж алсыг хардаг хүний ухаанаар харж байгаа аж. Энэ утгаараа бага ярьж, ихийг хийдэг, аливааг том зургаар хардаг ирээдүйтэй улстөрч гэж дүгнэж болохоор.
Өндөр хариуцлага хүлээхэд бэрхшээл дагаж гарч ирдэг нь жам. Түүнд итгэ. Тэгээд л орхи. Тэр чадна.
0 Сэтгэгдэл