Бизнес эрхлэгчдийн нягтлан бодох бүртгэлийн салбарын хуулиудын мэдлэгийг дээшлүүлэх, мэдлэг, мэдээллээр хангах, бүх нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, ММНБИ-ийн ерөнхийлөгч Б.Түвшин нар гарын үсэг зурлаа. Түүнчлэн хоёр байгууллагын удирдлагууд МҮХАҮТ, татвар, мэргэшсэн нягтлан бодох, аудит зэрэг мэргэжлийн холбоодын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Санамж бичиг зурах үйл ажиллагаанд ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Б.Оюунбаатар, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Г.Алтанзаяа нар мөн оролцов.
ММНБИ-ийн ерөнхийлөгч Б.Түвшин хэлэхдээ “Энэхүү санамж бичиг зурагдсанаар МҮХАҮТ, ММНБИ бизнес эрхлэгчдийн нийтлэг үйл ажиллагаа болон улсын төсөв, санхүүгийн үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд судалгаа, шинжилгээтэйгээр хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Бизнесийн орчны шинэ үе эхэлж байна” гэсэн бол МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин “ААН, байгууллага, компаниудын хувьд нягтлан бодох бүртгэлтэй холбоотой ялангуяа, татвар, татварын тайлантай холбоотой асуудлууд хамгийн чухал байдаг. Энэ талд суралцах, сайжруулах, мэдлэг, мэдээлэлтэй болох зайлшгүй шаардлага бий. Иймд мэргэжлийн байгууллагуудтай хамтрах, олон улсын жишиг стандартуудыг Монголд зөв нутагшуулах, бий болсон жишиг стандартуудыг ААН-үүд илүү сайн ойлгодог байх нь хамтын ажиллагааны бас чухал үндэс, суурийн нэг. Гол нь ААН-үүдийгээ амар, хялбар, ямар нэг төвөг, саадгүйгээр татварын тайлан, тооцоогоо өгдөг мөн татвар, хураамжуудынхаа аргачлалуудыг сайжруулах чиглэлд илүүтэй хамтран ажиллах нь зүйтэй” хэмээн хамтын ажиллагааны чигийг тодорхойллоо.
Санамж бичиг зурсны дараа МҮХАҮТ, ММНБИ, ТМЗН-ийн төлөөллүүд татварын орчин, татварын хуулийн хэрэгжилт болон тулгамдаж буй асуудлын талаар ярилцсан бөгөөд татварын тогтолцооны асуудлаар судалгаа хийх, санал боловсруулах чиглэлд хамтран ажиллахаар тогтлоо.
0 Сэтгэгдэл