ЯПОНЫ ЦЭРГИЙН ИНЖЕНЕРҮҮДТЭЙ ХАМТАРСАН “ЗАМ-2024” СУРГАЛТ, ДАДЛАГА ЭХЭЛЛЭЭ

Бусад

      Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан “Зам-2024” сургалт, дадлага эхэллээ. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа хамтарсан сургалт, дадлагын нээлтийн арга хэмжээнд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Кикүма Шигэрү, тус Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Ирики Ёохэй нарын хүмүүс оролцлоо. 

        Бригадын генерал Ч.Цогтжаргал хамтарсан сургалт дадлагын нээлтэд хэлсэн үгэндээ Монгол, Япон хоёр орны Батлан хамгаалах яамд хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас хамгийн урт хугацаанд, тууштай хэрэгжиж байгаа нь “Зам” сургалт, дадлага гэдгийг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн цэргийн чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг цохон тэмдэглэв. Мөн тэрээр Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний Хуурай замын цэрэгтэй цэргийн инженерийн салбарт  харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

      Хоёр улсын цэргийн инженерүүдийн хамтарсан “Зам” сургалт дадлага эхэлснээс хойших 10 жилийн хугацаанд давхардсан тоогоор 500 гаруй инженер техникийн офицер, ахлагч авто зам болон ус өнгөрүүлэх гүүр хоолой барих мэргэжлийн ур чадвараа ахиулж чадсан. Үүний сацуу Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлэхээр төлөвлөж байгаа “Инженерийн рот”-д үүрэг гүйцэтгэх зам, барилгын мэргэжлийн сургагдсан бүрэлдэхүүний тоог жил бүр нэмэгдүүлж байгааг ч Монгол Улсын талаас онцлон дурдсан юм. 

         Нээлтийн арга хэмжээний дараа талууд сургалт дадлага явагдах газар оронтой танилцсан юм. Энэ жил “Зам-2024” хамтарсан сургалт дадлага Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийг түшиглэн явагдана.