ШӨХТГ, ЭМЯ ажлаа хийж үнэн зөв мэдээлэл өгнө үү

Улс төр

Т.Эрдмаа

Сүүлийн үед зарим иргэнийн  олон нийтийн цахим хуудаст  “Эмч, олны танил хүмүүс, урлаг соёлынхон аливаа сурталчилгаанд  тоглохдоо сурталчилсан эм, хоол хүнсний бүтээгдэхүүнийхээ чанарт хариуцлага хүлээдэг, өгсөн мэдээллийнхээ үнэн зөвийг хариуцдаг болмоор байна!!!” гэсэн бичвэр гарах болов. Учир нь радио, телевиз, олон нийтийн цахим сүлжээгээр төрөл бүрийн эм, био бэлдмэлийн сурталчилгаа гарч байна. Үүнд Эрүүл мэндийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/ гээд холбогдох мэргэжлийн байгууллагууд нь хяналт, шалгалт хийдэг эсэх нь эргэлзээтэй.

Байнга явж байгаа учраас  бага насны хүүхдүүд хүртэл дуу, дүрсэнд оруулсан  тэр сурталчилгааг нь цээжлэн амандаа аялж байх вэ дээ. Мөн хөдөө орон нутгаас хөгшин, залуу гэлтгүй “Хотод ийм эм зарж байгаа юм байна. Утасны дугаар нь энэ. Үүгээр аваад явуулаадах” гэсэн “лүндэн” буулгагч нар олон.

Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд эмийг импортлох, худалдах зорилгоор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлах, хүүхдэд хандсан эмийн сурталчилгаа явуулах, жороор олгох эмийг сурталчлахыг хориглоно гэж заасан байдаг. Гэвч өнөөдөр энэхүү хуулийн заалт амьдрал дээр хэрхэн хэрэгжиж буй нь хэн бүхний нүдэнд илхэн. Эм болон бусад бэлдмэлийг хэрэглээд, хэзээ ч өвдөхгүй, бараг л үхэхгүй хэмээн  сурталчлан  борлуулахыг ч олон улсад хориглодог. Харин манай улсад эсрэгээрээ.  Хэн дуртай нь нэг эм болон эмийн төрлийн бэлдмэл оруулж ирээд түүнийгээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард иргэдэд сурталчлан борлуулж байна. Ийм учраас сүүлийн үед  зарим иргэн шүүмжлэх боллоо.

Энэ замбараагүй эм, био бэлдмэлийн сурталчилгаанд сүүлийн үед нэгэн дэвшил гарч гэж хэлж болно. Тодруулбал, “Эмийн зааврыг уншиж эмчийн зөвлөгөө авна уу” гэж сурталчилгааны төгсгөлд хэлдэг болсон байна лээ. Гэтэл тэр бүтээгдэхүүнийг зар сурталчилгаанд нь болж худалдан аваад хэрэглэж байгаа хүмүүс бүгд зааврыг орчуулж уншаад, эмчээс зөвлөгөө авч чадахгүй нь лавтай. Ийм учраас хэчнээн хүн эд, мөнгө, эрүүл мэндээрээ хохирч буйг хэн мэдлээ.

Харин үүнд хэн санаа тавих ёстой вэ гэвэл хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилготой Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар. Энэхүү байгууллагыг онцолсон учир нь  ШӨХТГ нь Монгол Улсын зах зээл дээр шударга чөлөөт өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хууль бус зар сурталчилгааг зогсоох, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах бүрэн эрхээ хэрэгжүүлэх үйл ажиллагааны стратеги, бүтэц зохион байгуулалт, бүтцийн нэгж, тэдгээрийн чиг үүрэг, орон тоог тодорхойлох үүрэгтэй билээ.  Гэвч энэ байгууллага “эс оршиж байна” хэмээн олон нийтийн цахим сүлжээгээр хэлэх болов.

 

Эрүүл мэндийн яамнаас ч зар сурталчилгаа хийж худалдан борлуулж буй эм, био бэлдмэлүүдэд хяналт тавих учиртай. Эрүүл мэндийн сайдын баталсан  Монгол Улсад хэрэглэж болох эм, био бэлдмэлийн жагсаалтад орсон эсэх талаар мэдээлэл өгөх үүрэгтэй. Гэтэл бас л таг чиг. Ийм учраас иргэд сурталчилгаа хийж борлуулж буй эм, био бэлдмэлийн талаар санаа зовниж өөрсдийн үзэл бодлоо цахим хуудсаараа дамжуулан шүүмжилж байна. Үүнийг холбогдох байгууллагууд нь анхааралдаа авч иргэдэд үнэн зөв мэдээлэл өгнө үү?

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

2024 оны гуравдугаар сарын 25. Даваа. №028 (5946)