А.Балдандорж: “АЛТАН ХӨВЧ” ТУУЛИЙГ УГ НЬ НАЙМАН ЦАГ ХАЙЛДАГ

Соёл урлаг, Спорт

Х.ӨЛЗИЙБАЯР

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цагаан сарын шинийн гурван, Монгол бахархлын өдрөөр тууль хайлдаг уламжлалтай. Монгол бахархлын өдөр буюу Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Авирмэдийн Балдандорж Монголын Ардчилсан холбооны хүндэтгэлийн танхимд “Алтан хөвч” тууль хайллаа. Өвлийн тэргүүн сасрын шинийн 3-нд Чингисийн музейд хайлах юм байна.

Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, Жилхэрийн удмын ес дэх үеийн туульч урианхай А.Балдандоржтой товч хөөрөлдөв.

-Таныг есөн үе дамжсан туульч гэлээ....?

-Тийм миний аав Монгол Улсын Төрийн шагналт Баатарын Авирмэд гэж байлаа. Би бүр багаасаа л аавыгаа дагаж тууль хайлахыг сурсан.

-Дагаж явсаар л сурах уу, тусгайлан заах уу...?

-Туульч болно гэдэг их хувь заяа. Тухайн туульчийнх хэдэн ч хүүхэдтэй бай, нэг нь л туульч болно. Гол нь дагаж явсаар л сурна. Түүнээс биш гэрийн хичээл ч юмуу, ороод заагаад байна гэж бараг үгүй. Манай удмынхан гэхэд л ааваас хүүд, ааваас хүүд л уламжлагдан өвлөж ирсэн. Би ааваасаа “Алтай магтаал”, “Аргил цагаан өвгөн”, “Алтан хөвч”, “Бөх мөнгөн хөвч”, “Довон хар бөх”, “Талын хар бодон”, “Наран хаан хөвөн”, “Арын өнчин яргай”, “Зул алдар хаан”, “Уян мөнгөн хадаас”, “Хүдэр мөнгөн тэвнэ” гэх мэт аавынхаа хайлдаг туулсийг өвлөн авсан хүн л дээ.

-Сая хайлсан “Алтан хөвч” туулийг бүтэн хайлбал хэдий хугацаа шаардах вэ...

-За даа найман цаг гаруй болно. Энд бол яахав хураангуйлсан хувилбарыг нь л хайлна шүү дээ. Түүнээс биш эхнээс нь жаахан хайлж байгаад орхичихно гэж үгүй.

-Таны урын санд яг хэчнээн тууль байна?

-Соёлын өвд дуу бичлэгээр бичүүлсэн 15 тууль архивт байгаа. Нийтдээ 600 гауй цагийн бичлэг. Одоо бичүүлээгүй зургаан тууль байна.

-Тууль хайлах ёс горим?

-Туулийг газар лус хөлдөхөөр, өөрөөр хэлбэл өвлийн гурван сард л хайлдаг. Учир нь газар лус хөлдөхдөө муу муухай бүхнийг барьж хөлддөг учраас. Ийм л цагт тэнгэр заяат олон түмнээ дээдлэн хайлдаг ёстой. Газар лус гэсээд ирэхээр тууль хайлах цээртэй.

-Ховд аймаг бол олон ястны өлгий, туульчдын өлгий. Туулчдын хойч үеийг хэр бэлдэж байдаг юм бол?

-Яахав, миний шавь хоёр туульч байна. Сонирхлын түвшинд бол хэд хэдэн хүн бий. Одоо миний хүү 15 настай, залгамжлуулна даа.

-Туульчдын гол хэрэглэл, зэмсэг, туулийг амьдруулж байгаа гол зүйл бол товшуур. Өөрсдөө хийдэг үү, өвлөөд л явдаг уу?

-Миний энэ товшуурыг гэхэд л аав маань намайг 13 настай байхад хийж өгч байсан даа.

-Тууль гэж энэ сайхан өв соёлыг авч яваа хүмүүс маань хуруу дарам цөөн байдаг. Туульсын нь бичлэгийг авч үлдэх, ном бүтээл болгон хэвлүүлэх, өв тээгчдээ дэмжих талаар төрөөс юу хийдэг юм бол?

-Яахав тууль хайлж байгаа бичлэгийг авч хадгалж байна, туулиудаа ном бүтээлд оруулан эмхэтгэж л байдаг. Хамгийн гол нь энэ өвийг авч яваа, хойч үеэ бэлтгэж өвлүүлж байгаа хүмүүсээ дэмжих талаар жаахан дутагдалтай. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчдээ дэмжихгүй л байх шиг. Соёлын яам ч тэр, аймаг орон нутаг ч тэр, иймэрхүү.