ЗАСГИЙН ГАЗРЫН ТАВАН “Ш”, ДУТУУ НЭГ “Ш”

Улс төр

 Х.ӨЛЗИЙБАЯР

  Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлигатай тэмцэх таван “Ш” ажиллагаа зарлав. Төрийн эрх мэдлийг ганцхан нам бүхэлд нь барьж байгаа, тэгээд ч энэ нам нь өөрийн нь МАН болохоор Засгийн тэргүүний хувьд жинхэнэ эр зориг. Гэхдээ энэ нь түүний өөрийн нь санаачилга ч биш, нэгхэн жилийн дараа УИХын сонгууль болох гэж байхад 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө бараг 100 хувь ухарч, бүр эсрэгээрээ ажилласан намаа уналтаас яаж хэрхэн аварч, эрх мэдлээ үргэлжлүүлэх билээ хэмээн толгойгоо гашилгаж байх үеэр аз болон “Нүүрсний хулгай”-н хэрэг илэрч залуус Сүхбаатарын талбайд хонон өнжин эсэргүүцлээ илэрхийлсэн нь санаа төрүүлсэн хэрэг.

 Чухамдаа нүүрс хулгай хийсэн бүх хүмүүс нь өнөөдөр эрх мэдэлтэй МАН-ын зүтгэлтнүүд байгаа болохоор УИХ, Засгийн газрын гишүүд үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг тэвдэж, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нь дээрх даргынхаа хэлснийг дуу хоолойг нь жаахан өөрчлөөд “Нүүрсний хулгайд манай намаас нэг ч хүн холбогдоогүй” хэмээн ичгүүр сонжуургүй мэдэгдэж байхад авлигачидтай шийдвэртэй тэмцэхээр ийн зарласан нь Ерөнхий сайдын эр зориг гэхээс өөр юу гэхэв. Түүний энэ зоримог алхам бол өөр хэнтэй ч биш өөрийн намтайгаа, өөрийг нь дээш татаж өдий зэрэгт хүргэсэн ахмад зүтгэлтнүүдтэйгээ, өнөөдөр УИХ-д шургалсан “төрийн түшээд” нэртэй хулгайч, худалч, авлигач, луйварчидтайгаа тэмцэнэ гэсэн үг. Яагаад өөрийн намынхантайгаа тэмцэнэ гэж....Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн таван “Ш” ажиллагаа гэж юу вэ.

ШҮҮР: буюу хууль ёсны орлогоосоо давсан хэрэглээгээ нотолж чадахгүй хүмүүсийг шүүрдэр ажиллагаа. Дугаар хорооны Дугар гуай бол хөөрхий авдаг тэтгэврээсээ илүү гарах нь бүү хэл тэр тэтгэвэр нь хэрэглээндээ хүрэхгүй л зүдэж байгаа. Тэгэхээр Засгийн газрын тэргүүн тэр том шүүрээ бариад нийслэл, аймаг сумын төвийн гэр хорооллоор явахын хэрэг мэдээж гарахгүй. Түүний оронд өглөө ажилдаа ирэхдээ тэр шүүрээ бариад Төрийн ордонд ороод ширүүхэн шүүрдвэл энэ шар байшин хоосроод л ирнэ. Ийм нөхцөл байдлыг мэдсээр байгаад ийм ажиллагаа зарлана гэдэг нэг бол маш их зориг, нэг бол худал “ПОП”-ролт гэхээс өөр юу гэхэв. УИХ-ын гишүүд, ер МАН, АНын том зүтгэлтнүүдийн тухайд зөвхөн хэрэглээ ч биш данс, хадгаламжин дахь мөнгө нь нэг хоёрхон жилийн хугацаанд хэдэн зуун сая, бүр хэд хэдэн тэрбум төгрөгөөр өсчихсөн байгаа. УИХ-ын гишүүн Н.Ганибал гэхэд л 2020 онд 89 сая, гэр бүлийн гишүүдийнх нь 76 сая төгрөг олсон гэж мэдүүлж байсан бол 2021 онд түүний орлого 384 сая болж өссөн байх жишээтэй.

ШУВУУ: Авлига албан тушаалын хэргээ шалгуулахгүйгээр гадаадад зугтаж гарсан этгээдүүдийг, гадаад орны хууль хяналтын байгууллага, олон улсын байгууллагуудын тусламжтайгаар эх оронд нь буцаан авчрах ажиллагаа гэнэ. Энд мөн л та бидний төлөө “чөмгөө дундартал ажиллаж” улс орноо хөгжүүлнэ, хүн ардынхаа амьдрал ахуйг эрс дээшлүүлнэ гэж энэ төрийн өндөр албанд занхайтал сууж байсан хүмүүс, МАН, АНын олон зүтгэлтэн хамаатай. Авто тээврийн баазын диспетчерээс дэвшин дэвшсээр Нийслэлийн Засаг дарга, УИХын гишүүн, Сайд хийж байсан Т.Бадамжунайгаас эхлүүлээд олон хүнийг чирч ирэх хэрэгтэй болно. Манай Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр хөрш, БНХАУ-ын дарга шиг тэднийг чирээд ирж чадах уу. Өнөө хүртэл зангаргаа тавилгүй сонгууль бүрийн ард нууцханаар “зөвлөөд” харийн гүрэнд тухлан хэвтээ түүнийг чирээд ирвэл энэ олон “Ш” ажиллагааг хятадаас хуулсан гэлгүйгээр ерөнхий сайдаа үндэсний баатар гэхээс яахав.

ШҮГЭЛ: Авлигын гэмт хэргийн талаар мэдээлэл хүлээн авах, мэдээлэл өгсөн хүнийг урамшуулах энэ ажиллагаа хэзээ бодит ажил болох юм бол. Чухам үнэнээр хэрэгжээд эхэлбэл эрх баригчдын ялангуяа танай МАН-ын том зүтгэлтнүүдийн талаар жинхэнэ бодит мэдээлэл өгөх хүн захаас аван гараад л ирнэ. Түрүүчээс нь гарч ирээд л хэлээд эхлэхээр ганцхан цагдаа хүчнийхэн гавлаад, зодож жанчаад барьж хориод л байгаа болохоос биш. Чухамдаа Монгол Улсын Ерөнхий сайдын авлигатай тэмцэх гээд байгаа энэ ажилд хууль хяналтын байгууллагынхан л чөдөр болж байгаа. ХЗДХ-ийн сайдын албыг тасралтгүй 20 жил хашсан Ц.Нямдорж нэгэнтээ сэтгүүлчдэд “энэ хуульзүйн салбар өнгөрсөн хугацаанд бүр дампуурчихаж” гэж хэлээд, “энэ хугацаанд та л ганцаараа энэ салбарыг тэргүүлж байсан юм биш үү” гэсэн асуултад таг болж амаа таглуулж байсан.

ШИЛЖҮҮЛЭН АВАХ: Авлигачдын хууль бусаар олж, улс ард түмнээс хулгайлан авч, оффшор бүсэд байрлуулсан болон, гадаад орнуудад барьж байгуулсан хөрөнгийг хураан эх орондоо авчрах. Энэ бас л өмнөд хөршийн минь 2012 оноос зарлаж амжилттай хэрэгжүүлсэн ажиллагаа. Ард түмний хөрөнгөнөөс хулгайлан, гадаадад байрлуулсан, харийн оронд орд харш барьж байгуулсан хулгайчдын ихэнх нь бас л МАН-ын зүтгэлтнүүд. Монгол Улсын Ерөнхий сайд байсан С.Баярыг манай өнөөгийн Ерөнхий сайд дийлэх үү. Үнэхээр энэ “ШИЛЖҮҮЛЭН АВАХ” ажиллагаа чухам энэ хүнээс эхлээд хөрөнгийг нь авчраад үүнийгээ Ерөнхий сайд улаан хивс дэвссэн хүндэт индэр дээрээс зарлачихвал бид итгэхээс аргагүй. Тэгээд л Ч.Сайханбилэгээр дараалуулаад маш олон хүн энэ ажиллагаанд өртөх ёстой. Гээд хамгийн олонхи нь МАН-ын, өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын өөрийн нь намын гишүүд байгаа шүү дээ.

ШИЛЭН: Компани, аж ахуйн нэгжүүдийн удирдлага үйл ажиллагааг шилэн болгох ажиллагаа. Энэ бас л өнөөгийн МАН-ын зүгээс хэрэгжүүлэхэд тун хэцүү ажиллагаа, учир юу гэвэл хөдөө аймгийн нэг суманд 10 хүрэхтэй үгүйтэй хүнд ажлын байр бий болгоод, банкны зээлд дарагдаж, зарим нь бүр МАН-ынхны шүүрээд авдаг зээлээс хүртэж чадахгүй цалингаа л арай гэж тавьж байгаа компани гээд нэг том тамгатай иргэд бол энд огтоос хамаагүй, тэд тэртэй тэргүй олны нүдэн дээр “шилэн” хэлбэрээр ажиллаж байгаа. Тэгээд хэн гэж, мэдээж МАНын улс төрөөс шахагдаж гарсан хүмүүсийн тэргүүлдэг төрийн өмчит том том компаниудад л хамаатай. Жилийн жилд л алдагдалтай гэдэг атлаа удирдах зөвлөлийн гишүүд, дарга удирдлагуудаа хэдэн зуун сая, тэрбум төгрөгөөр шагнадаг ийм компаниудад чухам энэ ШИЛЭН ажиллагаагаа хэрэгжүүлээд улс, ард түмнийг хохироож байгаа ийм авлигачдаа шударегаар илчлээд эхэлбэл юутай сайхан. Чадах уу гэж дахиад л асууя. Эсвэл өмнө нь, бүр өчигдөрхөн ийм булайгаа дэлгэж хэвлэл, олон нийтийн сүлжээгээр цоллуулаад байгаа намынхаа зүтгэлтэн авлигачдаа чирээд ирвэл бас үнэмшихээс яахав. Ерөнхий сайдын энэ таван “Ш” ажиллагааны золиос нь АН-ын авлигач хэдэн нөхөр болоод өнгөрнө гэдэгт бараг л 100 хувь итгэж байна.

Харин тэднээс хамаагүй олон, тэгсэн атлаа хамаагүй их идэж завшсан МАН-ын авлигач, хулгайч, луйварчин дарга нараа чирээд ирж чадах уу гэдэгт л итгэл муутай байгаагаа хэлэх юун. Өөрийн чинь орлогч Шадар сайд С.Амарсайхан 938 сая төгрөгөөр зөвхөн өөрт хамаатай ажилтнуудаа 500 мянгаас эхлүүлээд 20 сая төгрөгөөр шагнасан баримт нь олон нийтийн сүлжээнд тарлаа. Энэ хүнд бас төв талбайн усан оргилуур гэж нэг юм бий. Үүнийгээ ШҮҮРДЭЖ үнэхээр чадах юм уу. Энэ талаарх ШҮГЭЛийг бол олон түмэн хэдийнээ үлээчихсэн шүү. Ганц Ерөнхий сайд ганцаараа гүйгээд энэ бүхнийг амжуулж чадах уу, байгуулагдсан цагаасаа хойш хэдэн мянган хүний Хөрөнгө орлогын мэдүүлгийг л хурааж цуглуулах ажил хийхээс хэтрээгүй АТГ нь хэрхэн ажиллах бол. Магадгүй том дарга нарынхаа бууны нохой Д.Тогтохсүрэнгийн “Нүүрсний хулгайд манай намаас нэг ч гишүүн холбогдоогүй” гээд хоолой мэдэн хашгирч байхад АТГ дөрөв таван гишүүний нь хэргийг Прокурорт шилжүүлсэн шигээ ажиллаад байвал бас ч гэж яахав сайн гэж магтаад байхгүй ч “Үгүй бас яахав, ажиллах нь” гэж итгэхээс.

Одоо юу дутаад байна аа

Одоо хэдийгээр сонгууль ойртохоор хашгирч байгаа боловч шударга юм шиг санагдуулж байгаа Ерөнхий сайдын энэ яриад байгааг хэрэгжүүлэхэд одоо юу дутаад байна вэ. Ердөө л ХУУЛЬЗҮЙН САЛБАРЫН ШУДАРГА байдал дутагдана. Өмнө дурдсан шиг энэ салбарыг бүтэн 20 гаруй жил удирдаж бүрэн дампууруулсан Ц.Нямдоржийн хэлснээр энэ салбар шиг авлигад ноцтой идэгдэж хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй хүнд үйлчилдэг, Ерөнхий сайдын таван “Ш”-ийн нэгэнд дурдсан шиг хэрэглээ нь цалин орлогоо хэдэн арав бүү хэл, мянга, сая дахин хэтэрсэн шүүгч, прокурор, цагдаагийн ажилтнуудыг хэн шүүрдэх юм. Цагдаагаас бусад нь Ерөнхий сайдын эрх мэдлээс хэтэрсэн харьяалалтай нь ойлгомжтой. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн тэргүүн асан Лүндэндорж нэгэнтээ “энэ олон шүүгч дотор ганц хүн тэрбумтан байж болдоггүй юм уу гэж” хэлсэн шүү дээ. Хэдийгээр шүүгч 3-4 сая төгрөгийн цалинтай ч хэдий хугацаанд тэрбумтан болж амжих вэ. Тэгэхээр энэ байгууллагад шигдсэн авлигачдыг шүүрдэхэд ахиад л Ерөнхий сайдын эр зориг хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Л.ОюунЭрдэнэ эрх баригч МАН-ын даргынхаа хувьд парламент, Монгол Улсын Ерөнхийлөгчид нөлөөлж эхлээд энэ салбарыг авлигачдаас бүрэн цэвэрлэж чадах уу гэдэг асуудал байна. Одоо ажиллаж байгаа авлигачдыг нь байтугай ажлаа өгчихөөд нүүрсний амбаартаа хэвтэж байгаа Ц.Нямдоржийн авлигын хэргийг илчилж чадахгүй гэдгийг 100 хувь баталгаатай хэлэх байна. Өөрийнх нь үгээр бол нүүрсний амбаар гээд байгаа тэр том барилгыг УИХ-ын гишүүний цалингаар яаж барьсныг хэлүүлчих зүрх зориг МАН-ын хэнд ч байхгүй. Тэгэхээр энд Ерөнхий сайд таван “Ш” биш зургаан “Ш” зарлах ёстой байж. Өөрөөр хэлбэл “ШҮҮХ” гэсэн нэг “Ш” дутаад байна.

Зургаа дахь “Ш”

Нийт 400 сая төгрөгийн авлига авсан нь газар дээрээ ил баригдаад байгаа “Эрдэнэс таван толгой” компанийн захирал байсан МАН-ын зүтгэлтэн Д.Хаянхярвааг авлигад идэгдсэн манай ШҮҮХ 40 сая төгрөгөөр торгоод, нийтийн алба хашихыг нь хэдэн жилээр хориглож байхад ШҮҮХ-ээс шударга ёс хүлээх үү. Хоёр жаахан охиныг замын цементэн хашлагад шахаж нудраад гэмтээчихсэн Маралмаа гэдэг жолооны эрхгүй бүсгүйн “Жолооны эрхийг нь гурван жилээр хасах” шийдвэр гаргаж байгаа авлигач ШҮҮХ-д хэн итгэх юм бэ. Тэгээд ч мөнгөтэй хүний өмнө мөрдөн байцаагч, улсын яллагч, өмгөөлөгч, шүүгч нь бөхөлзөж, хамтран ажиллаж ашгаа хуваан аваад ялыг нь зөөллөж, бүр үгүйсгээд өнгөрдөг энэ тогтолцоог Ерөнхий сайд хэчнээн дэлхийн энтэй байлаа ч ганцаараа шийдэж чадахгүй нь ойлгомжтой. Хамгийн гол нь Төр засгийн аливаа асуудлаар гаргах шийдвэрийг эрх барьж байгаа МАН-ынхаа хурлаар эхэлж хэлэлцээд үгээ нэгтгэж, бүгд кноп дарж гараа өргөөрэй хэмээн муусайн эрх мэдэлгүй хурганцруудаа захиргааддаг энэ намын дарга Л.Оюун-Эрдэнэ хуульзүйн салбар, шүүх, прокурорын байгууллагыг авлигачдаас цэвэрлэх талаар харъяа дээд байгууллагуудад нь ҮҮРЭГ өгч чадах уу.

Өөрөөр хэлбэл намын даргын хувиар У.Хүрэлсүх, Г.Занданшатар нарт үүрэг өгөөд эднийг хуу цэвэрлэж, шүүрдэж чадах уу гэдэг асуудал л үлдээд байна. Хэдийгээр Ерөнхий сайд өөрөө гүйгээд байтугай, өөрийнхөө албатыг гүйлгээд ч шүүрдэж чадахгүй байгууллагууд болох хууль сахиулах байгууллагуудад бас нэг “Ш” хэрэгтэй л байна санж. Ер нь хуулиа мөрддөг, авлигачдыг цэвэрлэх ажил хууль сахиулах байгууллагын хэр шудрагаас бүрэн хамаатай. Ийм болохоор тэр олон “Ш”- ээ энэ салбараас эхлэх ёстой байж. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд, эзэн Чингисийн уугуул нутгийн хүү, МАН-ын дарга, УИХ-ын гишүүн, шударга ёсны элч, дэлхийн энтэй улстөрч Л.Оюун-Эрдэнийн таван “Ш” ажиллагаа жинхэнэ бодит ажил болж Монгол Улсад шударга ёс тогтон цэнгэлийн манлайд хүрэн ард түмний гар газраа, хөл хөсрөө болон, энэ шударга улсыг үзэх гэж жил бүр 400 сая жуулчин наашаа хөлхөнө биз ээ.