ДЭЛХИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ӨДӨР /2022.09.27/

Соёл урлаг, Спорт

НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас санаачлан жил бүрийн есдүгээр сарын 27-ныг "Дэлхийн аялал жуулчлалын өдөр" болгон тэмдэглэдэг. Монгол Улс 1990 онд ДАЖБ-ын гишүүн болж, 2007 оноос хойш жил бүр тэмдэглэж байна. Энэ өдрийг тохиолдуулан БОАЖЯ, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэгтэй хамтран өнөөдөр жанжин Сүхбаатарын талбайд аялал жуулчлалын үзэсгэлэнг нээлээ. Арга хэмжээний үеэр аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудад түшиглэсэн аяллын маршрутаа танилцуулахаас гадна энэ салбарын боловсон хүчнийг бэлтгэдэг их дээд сургуулиудын 15 орчим төлөөлөл зочлох үйлчилгээний танилцуулга, аяллын зөвлөмж, салбарын хүний нөөцийг бэлтгэж буй их, дээд сургуулиудын элсэлтийн талаар мэдээлэл, зөвлөмж хүргэв. Түүнээс гадна цар тахлын дараах эдийн засгийг сэргээх тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг нэрлэж, Монгол Улсын Засгийн газраас ирэх 2023-2024 оныг “Монгол зочлох жил” болгон зарлаад буй. Тиймээс цаашид тус салбарыг цогцоор нь хөгжүүлэх тэр дундаа хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, чадавхыг бэхжүүлэх чиглэлээр бодлогоор дэмжиж ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Энэ ажлын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын нэрэмжит тэтгэлгийг анх удаа санаачлан аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй их, дээд сургуулиудын шилдэг арван оюутанд гардууллаа.  

Энэ жилийн хувьд дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас Аялал жуулчлалын нөхцөл байдлыг эргэцүүлэн бодож, төлөвлөх нь” уриан дор тэмдэглэж байгаа юм. Мөн Монголын аялал жуулчлалын 30 жилийн ой тохиож байна.