“НҮҮДЭЛЧДИЙН ДОМОГ” ТОГЛОЛТ “ЮНЕСКО”-ЫН ТАЙЗНАА

Соёл урлаг, Спорт

Бүгд Найрамдах Франц Улсад болж буй “Монголын соёлын өдрүүд” цогц арга хэмжээ үргэлжилж байна. Өчигдөр НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын байгууллага болох ЮНЕСКО-ын тайзнаа Монголын Үндэсний урлагийн их теартын уран бүтээлчдийн “Нүүдэлчдийн домог” тоглолт болов. Тоглолтыг нээж Монгол-Францын парламентын найрамдлын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Соёлын дэд сайд М.Батбаяр, Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү, “ЮНЕСКО”-ын Нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Ерөнхий захирлын орлогч Габриела Рамос нар үг хэллээ.

Соёлын дэд сайд М.Батбаяр хэлсэн үгэндээ Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэн 1961 оноос хойш “ЮНЕСКО”-ийн дэвшүүлсэн үзэл санаа, санал санаачилгыг дэмжиж хүн төрөлхтний сайн сайхны төлөө боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа холбоо , мэдээлэл технологийн салбарт идэвхитэй хамтран ажиллаж, хувь нэмэр оруулсаар ирснийг онцлов. Мөн Франц Улсын иргэдийг Монголд зочлохыг урьсан юм.

Харин “ЮНЕСКО”-ын Нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Ерөнхий захирлын орлогч Габриела Рамос “Монгол Улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганд оролцохдоо тогтвортой хөгжил, ногоон хөгжил цахим шилжилтийг асуудлыг хөндөн тавьсан нь чухал байсан. Монгол Улсын дэвшүүлж буй “Дижитал нэйшн” хөтөлбөрийг дэмжин хамтран ажиллах болно” гэв.

“ЮНЕСКО”-ын тайзнаа тоглогдсон “Нүүдэлчдийн домог” тоглолтыг Франц улсын иргэд, Европ дахь Монголчууд үзэж сонирхлоо. 1200 хүний суудалтай ЮНЕСКО-ын заал дүүрэн үзэгчтэй байв. Түүнчлэн энэ өдөр “ЮНЕСКО”-д гэрэл зурагчин Н.Бат-Эрдэнийн Монголын аж байдал, байгалийн онцлог, соёлын биет бус өвийг илэрхийлсэн “Үзэсгэлэнт Монгол орон”  гэрэл зургийн цахим үзэсгэлэн гарлаа.