САРОШ ЗАЙВАЛЛА: ХУУЛИЙГ ЗӨВХӨН ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ АШИГЛАХ ЁСТОЙ

Соёл урлаг, Спорт

Английн нэрт хуульч Сарош Зайваллагийн "Нэр төрийн баталгаа" номын нээлт Санхүү эдийн засгийн их сургуулийн лекцийн танхимд боллоо. Номын нээлтэд зохиогч С.Зайвалла өөрийн биеэр оролцож, сонирхолтой лекц уншсан юм. Ноён Сарош Зайвалла нь улс орнуудын Засгийн газартай холбоотой хэрэг маргааныг өмгөөлж, заргаа авдгаараа алдартай нэгэн бөгөөд энэ номдоо шүүх дээр тохиолдсон ялсан болон ялагдсан тухай адал явдлууд, тэр дотроо Монголын нэгэн хэргийг хэрхэн шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж ажилласан тухайгаа бичсэн байна. Тодруулбал Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал П.Цагааны урилгаар Монголд ирж, Эрдэнэт үйлдвэрийн Казакстаны Балхашмысаас авах авлагыг /20 сая ам.доллар/ барагдуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, БНХАУ-д Монгол Улсыг төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байсан Ц.Сүхбаатар болон СЭЗИС-ийн багш нар, хуулийн ангийн оюутнууд хуульчид урилгаар оролцлоо. Сургуулийн номын санд С.Зайваллагийн "Нэр төрийн баталгаа", П.Цагааны "Хууль зүйн латин-англи-орос-монгол толь" номоо хандивлав. Түүнчлэн "Нэр төрийн баталгаа" номыг Интер ном, Аз хур номын дэлгүүрээс худалдаж авч болох бөгөөд esan.mn цахим номын сангаас уншиж болох аж.

Энэхүү номын нээлтэд оролцсон БНХАУ-д Монгол Улсыг төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байсан Ц.Сүхбаатар уг номыг Монгол хэлнээ орчуулсан бөгөөд тэрбээр энэ тухайгаа “Цаг хугацаа, мэдлэг шавхсан орчуулга болсон” гэдгийг үг хэлэхдээ онцолсон юм.