“АЗ ЖАРГАЛТАЙ ТЯНЬЖИН ХОТ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН

Соёл урлаг, Спорт

Энэхүү үзэсгэлэнд нийт 60 ширхэг гэрэл зургийн шилдэг бүтээлийг дэлгэн үзүүлж байна. Тяньжин хот нь хойд Хятадын хамгийн том далайн боомтыг түшиглэсэн эдийн засгийн нээлттэй хот бөгөөд "Бохайн тэнгисийн сувд" гэж нэрлэдэг. Хоёр мянга гаруй жилийн түүхтэй Тяньжин хот XIX зууны дунд үеэс үйлдвэр. худалдааны боомт хот болж хөгжсөнөөр, хойд Хятадын санхүү, эдийн засаг, худалдаа, бизнесийн хамгийн том төв болжээ. БНХАУ-ын Засгийн газрын шууд харъяа хот бөгөөд Хятадын хойд хэсгийн хамгийн том далайн эргийн нээлттэй хот юм. Тяньжин хот нь зүүн талаараа Бохай тэнгис, хойд талаараа Яньшань уул, Хойд Хятадын тэгш тал дахь Хайхэ голын цутгалуудын уулзварт оршдог. БНХАУ-ын 2020 оны хүн амын тооллогоор нийт 13,866,009 хүн амтай. Хойд, урд, баруун талаараа Хэбэй мужтай баруун хойд талаараа Бээжингийн нутаг дэвсгэртэй хиллэдэг. Баруун хойд зүгт 96 км-т орших Бээжин хоттой Тяньжин хотыг хурдны галт тэргээр холбожээ.

Дэлхийн алдарт Nature index  тодорхойлсноор, Тяньжин хот шинжлэх ухааны судалгааны үр дүнгээрээ дэлхийн  шилдэг 25 хотын нэг бөгөөд Тяньжин Их Сургууль, Нанкай Их Сургууль, Тяньжин Технологийн Их Сургууль, Тяньжин Анагаах Ухааны Их Сургууль, Тяньжин Политехникийн Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Тяньжин Их Сургууль, Хэбэй Технологийн Их Сургууль, Тяньжин Багшийн Их Сургууль зэрэг хойд Хятадын олон нэртэй их дээд сургуулиуд Тяньжин хотод байрладаг юм байна. Дашрамд дурдахад Монгол Улсын гадаад худалдааны дийлэнх нь энэ л боомт хотоор дамжин өнгөрдөг билээ.