БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛАНД АЛТАН СОЁМБО БҮТЭЭВ

Соёл урлаг, Спорт

Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид орон нутагтаа цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, сэтгэл зүйн байдалд нь нөлөөлөх зорилгоор Баян-Өлгий аймгийн Бөхөн уулнаа 42 метр урт, 24 метрийн өргөнтэй алтан соёмбыг бүтээсэн байна.

Алтан соёмбыг тус ангийн Уулын нэгдүгээр ротын ажиллагааны офицер, ахлах дэслэгч Д.Даваадоржоор ахлуулсан 15 цэргийн алба хаагч есөн хоногийн хугацаанд гүйцэтгэжээ. Энэхүү бүтээл нь барилгаар жишвэл 15 давхар орон сууцтай дүйцэх бөгөөд алтан соёмбынхоо хүрээг төмрөөр зангидаж, 20 гаруй тонн нутгийн чулуугаар дүүргэсэн байна. Нутгийн иргэд уулчин дайчдыг алтан соёмбо бүтээсэнд талархал илэрхийлж, цэрэг-эх оронч үзлийг түгээсэн бодит ажил боллоо хэмээн онцолжээ.