Улсын Ерөнхий прокурорын газраас "ПРОКУРОР-СЭТГҮҮЛЧ" сургалтыг амжилттай зохион байгууллаа

Нийгэм, Эдийн засаг

Улсын Ерөнхий прокурорын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ПРОКУРОР-СЭТГҮҮЛЧ" сургалт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Прокурорын байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, Эрүүгийн болон Зөрчлийн хуульд заасан аливаа хэргийн талаар олон нийтэд мэдээлэхэд анхаарах асуудлын хүрээнд сэтгүүлчдийг чадавхжуулах зорилготой энэхүү сургалт нь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд давхардсан тоогоор 60 орчим сэтгүүлч хамрагдаад байна.

Энэ удаагийн сургалтыг Тээврийн прокурорын газартай хамтран “Хүүхдийн эрх” сэдвийн хүрээнд зохион байгуулсан ба Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Н.Эрдэмбилэг, Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор А.Золзаяа, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.Алтанцэцэг, Нийслэлийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Чагдар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чинзориг болон Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч А.Оюун-Эрдэнэ, Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Очирбат, Хүний Эрхийн Үндэсний комиссын Хүний эрхийн боловсрол хариуцсан ахлах референт Х.Цэцгээ нар сургалт хийлээ.

Тодруулбал, “Хүүхэд хамгаалал ба Зам тээврийн ослын статистик үзүүлэлт, урьдчилан сэргийлэх арга зам”, “Цахилгаан дугуйны /Sur-Ron/ техник үзүүлэлт, эрх зүйн орчин”, “Хүүхдийн эрх ба Хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо”, “Бүхий л эрсдэлээс хамгаалуулах эрх ба Хүүхэд гэмт хэрэг, зөрчлийн улмаас хохирсон байдал”, “Хүчирхийллээс хамгаалуулах эрх ба Хүүхдийн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал”, “Итгэл үнэмшилтэй байх эрх ба Шашны байгууллагууд”, “Замын хөдөлгөөнд оролцогч нарт анхаарах асуудал” гэсэн сэдвүүдээр хичээл зааж, санал солилцсон юм. Мөн Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Арвинбуудай тус прокурорын газрын чиг үүрэг, онцлогийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, үйл ажиллагаагаа танилцууллаа.