Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуульд оролцсон нам, эвслүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа

Улс төр

Улсын Их Хурал (УИХ)-ын  2020 оны ээлжит сонгуульд оролцсон зарим нам, эвслийн төлөөллийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга /2020.0629/ хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.

Уулзалтад оролцсон нам, эвслүүд “Шударга сонгууль” нэртэй ажлын хэсэг байгуулсан гэдгээ, мөн УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр гарсан хэд, хэдэн хууль бус гэх үйлдлийг шүүх, прокурорын байгууллагаар шалгуулах хүсэлтээ танилцуулж, өргөдөл гомдлоо Монгол Улсын Ерөнхийлөгчид гардууллаа.

Тэд мөн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэх хэргүүдийг шалгахад өөрсдийн төлөөллийг оролцуулах хүсэлтээ хэлж, цаашид сонгуулийн хууль, тогтоомжийг нэр дэвшигч бүрт ашигтай байхаар батлах, мөрдөх хэрэгцээ шаардлага байгаа зэрэг асуудлаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцсон нам, эвслүүдийн өгч буй өргөдөл, гомдлыг хүлээн авч, танилцаад хуулийн хүрээнд шийдвэрлэхээ илэрхийлэв. Мөн сонгуулийн дүнг харвал, МАН-ыг оролцуулахгүйгээр нам, эвслүүд нийт сонгогчдын 50-60 хувийн санал авсан статистик тоо баримтад тулгаарлан зарим нам эвслүүдийг нэгдэж, нягтарч ажиллах ёстойг санууллаа.

Уулзалтад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Та бидний эвслийн дарга Н.Энхбаяр, Шинэ эвслийн дэд дарга Ц.Баттуяа, Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч, Гэр хорооллын хөгжлийн намын дарга Б.Батсүх нарын хүмүүс оролцлоо.