Ногоон цэцэрлэгт хүрээлэнг Наадмаас өмнө бүрэн нээнэ

Нийгэм, Эдийн засаг

   Рио Тинто Монгол 18 сарын турш тасралтгүй ажилласны үр дүнд өнөөдрийн байдлаар  бүтээн байгуулалтын ажил 90 орчим хувьтай үргэлжилж байна. 

Бид хатуу дэд бүтцийн ажлыг 100% дуусгаад байна. Үүнд талбайн хөрсийг бүрэн шинэчлэх, усалгааны системийг шинээр бүтээх, цөөрөм, хүүхдийн тоглоомын талбай, амфитеатр, шүүрдсэн бетонон зам, цавуудсан хайрган зам, гэрэлтүүлэг, олон улсын стандартад нийцсэн тэмдэг тэмдэглэгээ зэрэг багтана.  

Гэхдээ зарим тохижилтын ажлууд цаг уурын байдлаас хамааран илүү хугацаа шаардаж байна. Одоогоор гүйцэтгэж дуусаагүй байгаа тохижилтын ажлуудыг дурдвал: 

Зүлэг ургах хүртэлх арчилгаа:  Монгол орны уур амьсгалд тэсвэртэй сортын зүлгийг талбайн 80 хувьд тарьж, 40 мянга гаруй мод бут суулгаж буй бөгөөд 3 долоо хоногийн дараа зүлэг бүрэн ургах хүртэл арчилж тордоно.  

Скейтбоардын талбай: Монголын анхны олон улсын стандартын талбайн бүтээн байгуулалт ид өрнөж буй бөгөөд аюулгүй ажиллагааг хангах тал дээр илүүтэй анхаарах шаардлагатай болсон тул төлөвлөснөөс хойш ашиглалтад орохоор байна.  

Монголын хамгийн өндөр төрийн далбааны бүтээн байгуулалт: Рио Тинто групп нь цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд 60 метрийн өндөр төрийн далбааны бүтээн байгуулалтыг эхлүүлснээ баяртайгаар дуулгая. Энэхүү ажил нь ойролцоогоор 30 орчим хоногийн дараа бүрэн дуусаж, Үндэсний их баяр наадмаас өмнө далбаа мандуулах ёслолын ажиллагааг Ерөнхийлөгчийн Тамгын Газартай хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.  

Хүсэн хүлээсэн цэцэрлэгт хүрээлэнгээ нээх өдөр ойртсоор. Бүтээн байгуулалтын үед биднийг дэмжиж, саналаа өгч, ажил зогсолтгүй урагшлахад хувь нэмрээ оруулсан хүн бүрд баярлалаа.