ШИНЭ нам, АРДЧИЛСАН нам орон нутгийн сонгуульд хамтран оролцоно

Нийгэм, Эдийн засаг

Тодруулбал, ШИНЭ нам, АРДЧИЛСАН нам орон нутгийн сонгуульд хамтран оролцох санамж бичигт гарын үсэг зурж, мэдээлэл хийлээ. Гарын үсэг зурахад Шинэ намын дарга Ц.Гантулга, Намын нарийн бичгийн дарга Б.Гантулга, Шинэ намын ХЭГ-ын дарга Л.Энхтуяа, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал, Б.Жаргалан, нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт тэргүүтэй төлөөлөл оролцлоо.

ШИНЭ нам найман аймаг, зургаан дүүрэгт 60 гаруй нэр дэвшигчээ АН-ын нэр дээр нэр дэвшүүлж байгаа аж. Тэд олон нам саналаа хувааснаар МАН-д давуу байдал болгож байна. Тиймээс улс төрийн чиг баримжаа нэгтэй намууд нэгдэж сонгуульд оролцох нь ардчиллаа хамгаалж байгаа хэрэг гэлээ. Өнгөрсөн 30 жилд Ардчилсан нам нэг л удаа Улаанбаатар хотод ялалт байгуулж, нийслэлийг удирдаж байсан юм.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал: Орон нутгийн сонгуульд АН Шинэ намтай хамтарч оролцох санамж бичиг байгууллаа. АН Засгийн газарт хамтарч орсон. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 86 нь АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр байгаа. Үүнтэй уялдуулж орон нутаг бүрдээ мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр танилцуулж байна.

Шинэ нам АН-тай олон асуудал дээр нэг үзэл баримтлалтай учраас энэ удаагийн сонгуульд хамтарч орж байна.

Шинэ намын дарга Ц.Гантулга: Шинэ нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН-ын туг дор хамтарч оролцохоор боллоо. АН-ын мөрийн хөтөлбөрийг дэмжиж, хамтран сонгуульд орох санамж бичигт гарын үсэг зурлаа. Манай нам найман аймаг, зургаан дүүрэгт 60 гаруй нэр дэвшигчээ АН-ын нэр дээр нэр дэвшүүлж байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд амжилттай оролцоно гэж итгэлтэй байна гэлээ.