АЛДАРТ А.В.АЛЕКСАНДРОВЫН ЧУУЛГАТАЙ ХАМТРАН ТОГЛОЛОО

Соёл урлаг, Спорт

   Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг зохион байгуулах хорооны төлөвлөгөөний дагуу тус чуулгын хамт олон Хэнтий, Дорнод аймгийн ард иргэдэд уран бүтээлээ толилуулаад ирсэн билээ.

Тэгвэл энэхүү түүхт ялалтын ойн өдрөөр Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон Байлдааны гавьяаны улаан тугийн хошой одонт, А.В.Александровын нэрэмжит Оросын армийн дуу бүжгийн Эрдмийн чуулгатай хамтарсан тоглолтоо Их жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Хоёр улсын цэргийн чуулгын найрал дуучид Монгол улс, Оросын Холбооны улсын төрийн дууллыг хамтран дуулж эхлүүлсэн энэхүү тоглолт цэрэг эх орны болон ардын урлагийн шилдэг бүтээлүүдээр баялаг, сэтгэлд уянгалж, зүрхэнд хоногшсон дуунууд, хийморь сэргээж, урам зоригийг бадраасан хөгжим, бүжгүүдээр дүүрэн байв.

Энэ үдэш 1941 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Беларусийн вокзал дээр анх удаа дуулж фронтын дайчдыг үдэж байсан алдарт "Ариун дайн" цуурайтаж, бүх Оросын нэрийн хуудас болсон  “Катюша”, “Смуглянка”, “Калинка”, “Журавли” эгшиглэж, Донын Казакуудын бүжиг, “Орос ардын бүжиг”, “Цэрэг бүжгийн чуулбар” бүтээлүүд нүд баясгаж, ОХУ-ын Ардын жүжигчин Вадим Ананьев, ЦДБЭЧ-ын дуучин СТА Д.Бат-Орших нарын гоцлон дуулсан “Эх, дороги” дуу үзэгчдийн талархлыг хүлээж, алга ташилтын хур буусан үдэш байлаа. 

Тоглолтын дараа Монгол Улсын Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дэргэдэх цэргийн чуулгууд, рок попын оддын хамтарсан үдшийн цэнгүүн зохион байгуулагдсан юм.

 Одоо Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч нарын чуулга уулзалтад зориулсан тоглолт уран бүтээлийн бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна.