МАНАЙ УЛС ИЖ БҮРЭН ТОНОГЛОГДСОН ЯВУУЛЫН 3 АВТО ЛАБОРАТОРИТОЙ БОЛЛОО

Нийгэм, Эдийн засаг

   Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Оросын Холбооны Улсын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын газрын дарга, тус улсын Ерөнхий эрүүл ахуйч эмч Анна Юрьевна Попова тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Сайд Т.Мөнхсайхан хоёр улсын найрсаг харилцаа, эрүүл мэндийн салбар дахь нягт хамтын ажиллагааны талаар дурдаж, манай улсын эрүүл мэндийн салбарыг үүсгэн байгуулагдсан цагаас үнэтэй хувь нэмэр оруулж, нэн чухал дэмжлэг, туслалцааг тухай бүрт үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. ОХУ-ын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах холбооны хяналтын газартай 2018 онд хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, эл хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын хилийн дагуух бүс нутагт зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагааны чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж ирснийг онцлов.

Нэн ялангуяа лабораторийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх чиглэлээр бүрэн тоноглогдсон биоаюулгүй байдлын II, III зэрэглэлийн явуулын лабораторийг тоног төхөөрөмжийн хамтаар Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон зарим салбар төвүүдэд дэмжлэг болгон хангасан нь КОВИД-19 цар тахлын үед хилийн нэвтрэх цэгт хяналт, тандалт хийх, хариу арга хэмжээг зохион байгуулахад чухал ач холбогдолтой байсныг тэмдэглэв.



Энэ удаад ОХУ-ын Төрийн тэргүүний Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлалын үеэр дээрх хэлэлцээрийг шинэчлэн байгуулж байгаа нь цаашдын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
ОХУ-ын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбооны хяналтын газрын дарга, Ерөнхий эрүүл ахуйч эмч А.Ю.Попова Сайд Т.Мөнхсайханд хандан сайдын албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар санал солилцлоо.



Тэрээр манай улсад ОХУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Хилийн бүсийн халдварын эрсдэлийг бууруулах хөтөлбөр”-ийн хүрээнд зоонозын халдварт өвчнүүдийн лабораторийн оношилгоог газар дээр нь гүйцэтгэх, хариу арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэх иж бүрэн тоноглогдсон лаборатори бүхий автомашины түлхүүрийг гардуулан өгснөөр уулзалт өндөрлөв.