АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРЛИЙГ УУЛ УУРХАЙН ОЛБОРЛОЛТ, ЭКСПОРТ ХИЙЖ БУЙ КОМПАНИУДАД ОЛГОНО

Нийгэм, Эдийн засаг

М.Даваадулам

Монгол Улс, БНХАУ хооронд олон улсын тээвэрлэлт хийх С зөвшөөрлийг Эрдэнэс Тавантолгой ХК олгох болсонтой холбогдуулан "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас улс хооронд байнгын ачаа тээвэрлэх С зөвшөөрлийн талаар өчигдөр  мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт  төлөөлөгч Ж.Ганбат, Тээврийн хэлтсийн дарга Н.Элдэв-Очир, Худалдан авах газрын дарга Н.Цэрэнсамбуу, Санхүүгийн удирдлагын газрын дарга н.Гантулга нар оролцов.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт  төлөөлөгч Ж.Ганбат: Олон нийтийн хяналтыг тавих үүднээс, С зөвшөөрлийн олголтыг  Эрдэнэс Тавантолгой ХК-ийн вебсайтад бүрэн байршуулна

 “Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолоор нүүрсийг хил үнээр борлуулах, байнгын ачаа тээврээр хил нэвтрэх С зөвшөөрлийг олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүдэд өгч буй. Өмнө нь уг зөвшөөрлийг Авто тээврийн үндэсний төвөөс олгодог байсныг энэ оноос эхлэн уул уурхайн олборлолт, экспорт хийж байгаа компаниудад олгох Засгийн газрын шийдвэр гарсан.Тиймээс уг зөвшөөрлийг Эрдэнэс Тавантолгой ХК-аас олгохоор Зам, тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс шийдвэрлэсэн.Олон нийтийн хяналтыг тавих үүднээс, С зөвшөөрлийн олголтыг  Эрдэнэс Тавантолгой ХК-ийн вебсайтад бүрэн байршуулна. Тэгэхээр ямар зарчмаар, хэчнээн зөвшөөрөл яаж олгох талаар үзэхэд нээлттэй. Бид энэ оноос хилээр гаргах нүүрсийг биржийн журмаар, хил үнээр зарна. Цахимаар ил тод нээлттэй арилжаалахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байгаа. Хоёрдугаар сарын 1-нээс биржийн арилжааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангасан. Тухай бүрд нь энэ талаар мэдээлэх болно. Монгол Улс, БНХАУ хооронд олон улсын тээвэрлэлт хийх авто машины зөвшөөрлийг үнэт цаас байдлаар олгодог. Энэ нэгдүгээр сарын 15 хүртэл хуучин С зөвшөөрөл буюу өнгөрсөн оныхоор явж байгаа. Нэгдүгээр сарын 15-наас хойш Эрдэнэс Тавантолгой ХК-д ногдсон С зөвшөөрлийг компаниудад хэрхэн, яаж олгох талаар мэдээлэл өгнө. Бид эхний ээлжид хил үнээр худалдан борлуулах нүүрсний тээвэрлэлтийг гүйцэтгэх ААН-ийг ерөнхий гэрээний журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулна. Төрийн худалдан авах агентлаг тендер сонгон шалгаруулалт зарласан. Энийг нэгдүгээр сарын 18-нд дүгнээд, гэрээг нэгдүгээр сарын 20-доор байгуулах юм. Тендерт шалгарсан компаниудад 2023 оны С зөвшөөрлийг олгоно. Өнгөрсөн онд ам нөхцөлөөр зарж, худалдан авагчийн авсан нүүрс Цагаан хаданд овоорсон. Өөрөөр хэлбэл, худалдан авагчийн авсан нүүрсийг энэ онд хилээр гаргах ёстой. Үүнтэй холбоотой С зөвшөөрлийг олгоно. Ирүүлсэн хүсэлтийн тоо олговол зохих зөвшөөрлийн тооноос давсан тул хүсэлт гаргасан ААН-д шударга, тэгш хуваарилалт хийнэ.2023 оны нэгдүгээр улиралд Монгол Улсын хэмжээнд шинээр нийтдээ 7800 С зөвшөөрөл олгогдоно. Үүний 60 хувь буюу 4680 С зөвшөөрөл "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ноогдож байна. Зам тээврийн яам, Авто тээврийн үндэсний төвөөс олгосон. Боомтын үндэсний сэргэлтийн хорооноос баталсан битүүмжлэгдсэн тээврийн хэрэгсэлд хүсэлтээ гаргасан 10941 аж ахуйн нэгж байна. Авто тээврийн үндэсний төвийн нэгдсэн систем дээр "Эрдэнэс Тавантолгой" компани дээр хүсэлт ирүүлсэн 10296 хүсэлт ирсэн байна. Энэ хоёрыг нягталж үзээд, 7904 аж ахуйн нэгж нь тээврийн нэгдсэн системд хүсэлт ирүүлсэн. Зөрүү гарч байгааг анзаарч байгаа байх. Бидний бодитоор олгох нь 4680 С зөвюшөөрөл. Бид ирэх сарын 1-нээс хил нөхцлөөр биржээр нүүрсээ арилжаална. Үүнтэй холбогдуулан бид биржээр арилжаалах нүүрсэн дээрээ 1698 С зөвшөөрлийг Төрийн худалдан авах ажиллагааны газраас зарлагдсан тендерээс шалгарсан аж ахуйн нэгжүүддээ олгоно. Үлдсэн 2982 С зөвшөөрлийг Цагаан хадан дээр байгаа, худалдан авагчийн авсан нүүрсийг хилээр гаргахтай холбогдуулан, хувь тэнцүүлэн тээврийн компаниудад олгоно. Олон нийтийн хяналтыг тавих үүднээс, С зөвшөөрлийн олголтыг  Эрдэнэс Тавантолгой ХК-ийн вебсайтад бүрэн байршуулна. Тэгэхээр ямар зарчмаар, хэчнээн зөвшөөрөл яаж олгох талаар үзэхэд нээлттэй. Засгийн газрын хуралдаан дээр нүүрсний үнэ тарифын талаар хэд хэдэн удаа яригдсан. Зам тээврийн хөгжлийн сайдаас өгсөн чиглэлийн дагуу тарифыг бид эргэж авч үзэж байна. Тодотгол оруулахаар өнөөдрөөс бид Төрийн худалдан авах ажиллагааны газарт хүсэлт өгсөн. Энд хэд хэдэн шалтгаан байна. Бидний тооцсон тариф дээр дахиад хоёр гурван зардлын асуудал байна. Нэгд, компаниудын зээл байна. Зээлийн хүүгийн зардал нь зардалдаа ордог учраас түүн дээр нь тодотгож өгье. Зарим урсгалт зардалтай холбоотойг нь тодотгож өгье гэдэг байдлаар, бидний тендер дээр зарласан үнэ дээр компаниудаас "Тариф дээр эргэж харж өгөөч ээ" гэсэн хүсэлт ирж байгаа юм. Дунджаар тарифаа бага зэрэг нэмэгдүүлэх байдлаар 20-30 хувийн нэмэхээр тооцож байна. Зохиомлоор үнэ буулгах асуудал гарахыг байг гэхгүй гэсэн асуудал яригдаж байна. Зам тээврийн сайдын баталсан жишиг тариф хамгийн бодитой тариф байх ёстой. Энэ тарифаас доош үнийг буулгах байдлаар асуудлыг авч үзье гэж Төрийн худалдан авах ажиллагааны газартай санал солилцоод явж байна.

Худалдан авах газрын дарга Н.Цэрэнсамбуу: С зөвшөөрлийг олгохдоо ямар компаниас хэдэн санал ирж байна, түүнийх нь 38 хувьд олгож байгаа

Монгол улсын MNS 53-46-21-17стандарт байдаг. Энэ стандартад ачаа тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүд хэдэн тээврийн хэрэгсэлтэй байх  вэ, ердийн болон  шингэн ачаа тээвэрлэх зориулалт нь 21-50 өөрийн ба бусад эзэмшлийн гэсэн стандарттай. Стандартын дагуу шалгуур үзүүлэлтээ тавьсан байгаа. Үндсэндээ өмнөх ам нөхцлөөр явж байхад ч бай ямар ч байсан норм, дүрэм стандартынхаа дагуу л үйл ажиллагаагаа явуулж байх ёстой. Өнгөрсөн жил зам тээврийн сайдын тушаалаар цар тахлын үе гээд нэг жилийн хугацаатай ХХГ-үүд 10 тээврийн хэрэгсэлтэй байх ёстой гэсэн түр тушаал гаргасан. Энэ тушаал харин өнгөрөгч арванхоёрдугаар сарын 31-нээр хүчингүй болсон. Тендерийн баримт бичигт яагаад өөрийн эзэмшлийн 10 гэдгийг тодотгож оруулсан гэхээр энэ хугацаанд 10 тээврийн хэрэгсэлтэй ААН-үүд битүүмжилсэн багт нь ороод, багаа үүсгээд үйл ажиллагаагаа явуулаад, эсвэл орно гэж зөндөө хүлээсэн байгаа юм. Тиймээс ААН-үүдийг тендер шалгаруулалтад орох боломжийг нь хангах үүднээс 21 ба түүнээс дээш,  үүнээс 10 нь өөрийн эзэмшлийнх байна гэсэн байдлаар баримт бичгийн шалгуур үзүүлэлтэд оруулсан. 21,50,100 гэдэг нь өөр өөрсдийн хүчин чадалд нийцүүлээд сонголтоо хийн шалгаруулалтад оролцоно л гэсэн үг. Нэгж үнийн дээд хязгаар гэдэгт ЗТ-ийн сайдын баталсан жишиг үнэ дээр нэмэх нь бусад зардлуудыг оруулаад тендерийн баримт бичигт заасан одоогийн үнийн дээд хязгаарыг тогтоосон. Зарлах явцад оролцогч ААН болон зам тээврийн сайдын зүгээс энэ тарифаа эргэж харах шаардлага байна гэсэн мэдээллийг гаргасан. Үүний дагуу битүүмжилсэн багтай байхтай холбоотойгоор кэмпийн тухайд маш их зардал гарсан байна, хөрөнгө оруулалтын зардлууд нэлээд байгаа учир холбогдох тооцоо зардлуудыг нарийвчлан тогтооё гэдэг байдлаар үнэ тарифт өөрчлөлт оруулахаар байгаа. Албан ёсоор үнэ тарифт өөрчлөлт орлоо гэхэд худалдан авах ажиллагааны газрын цахим системд тодруулга байдлаар мэдээлэл нь байршина. 2023 оны нэгдүгээр улиралд Гашуунсухайт хилийн боомтоор 7800 С зөвшөөрөл Хятадын талтай тохирсны 60 хувь буюу 4680-г нь ЭТТ ХК олгохоор холбогдох дүрэм журам нь гарсан байгаа. Битүүмжилсэн тээврийн багт орсон 10941 тээврийн хэрэгсэл байна. Автотээврийн Үндэсний төвийн тээврийн нэгдсэн системийн  С зөвшөөрөл авах хүсэлтээ гаргадаг мэдээллийн системээр нийтдээ 10296 тээврийн хэрэгсэл хүсэлтээ ирүүлсэн байгаа. Гэтэл 7904 тээврийн хэрэгсэл үлдээд байгаа, эдгээрийг хувь тэнцүүлсэн байдлаар С зөвшөөрлийг нь олгох шийдвэрийг нь гаргаж байна. Харин үүнийгээ хоёр нөхцлөөр ангилсан. Нэгдүгээрт, хил нөхцөлтэй зарах нүүрсний тээвэрлэлтийг хийлгэх сонгон шалгаруулалтыг зарласан. Энд шалгарсан ерөнхий гэрээ байгуулсан ААН-үүдэд С болон тээврийн баг гэдэг зохицуулалт нь олгогдоод явах учраас 1698 С зөвшөөрлийг биржээр борлуулахад шаардлагатай гээд дараа нь олгохоор үлдээсэн. Харин 2982 зөвшөөрлийг хувь тэнцүүлсэн байдлаар олгоно. Битүүмжилсэн баг/ Бөмбөлөг /гэдэг ойлголт сүүлд журамд өөрчлөлт оруулснаар Тээврийн баг гэсэн зохицуулалтаар үйл ажиллагаа явагдаж байгаа. С зөвшөөрлийг олгохдоо ямар компаниас хэдэн санал ирж байна, түүнийх нь 38 хувьд олгож байгаа. Түүнээс хэн нэнгэнд нь илүү их хэмжээгээр  олгосон юм байхгүй. Нөгөө талаасаа Хятад компани, Монгол тээвэрчид гээд байгаа бүх зөвшөөрөл, холбогдох шийдвэрүүдийг нь тухайн холбогдох салбарын яамд нь аль хэдийн олгосон энэ чиглэлээрээ үйл ажиллагаа явуулаад явж байгаа, одоо ч ЭТТ ХК-ийн вэбсайтруу ороод үзэхэд тээвэрлэлтийн мэдээллүүд бүгдэд  ил байгаа. Нөгөө талаасаа С зөвшөөрөл, тээвэрлэлттэй холбоотой авлига өгсөн хэд хэдэн компаниудын нэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлагдсан, одоогийн байдлаар шүүхээр шийдвэр нь гараагүй.   Тендерийн баримт бичгийн шалгуур үзүүлэлтэд аливаа хэрэг маргаанд оролцоогүй нь шүүхээр батлагдсан тохиолдолд хуулиар эрх бүхий болсон гэж үздэг.