ЗЭВСЭГТ ХҮЧИН ШИНЭХЭН ОФИЦЕР, АХЛАГЧ НАРААР БҮЛ НЭМНЭ

Бусад

     ЗХЖШ-ын даргын тушаалаар энэ сарын 21-ээс ирэх сарын 22-ний хороонд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбарын офицер, ахлагчийн албан тушаалд энгийнээр ажиллаж буй хугацаа нь гүйцсэн алба хаагчдыг “Цэргийн анхан шатны  бэлтгэл сургалт”-д хамруулж эхэллээ.

     Энэ удаагийн сургалтыг Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн “Агаарын цэргийн Ахлагчийн хөгжлийн төв”-тэй хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм.

     Тус арга хэмжээнд ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн цэргийн мэргэжил олгох давтан сургалтын бодлого, төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, арга зүйч хурандаа Б.Банзрагч, Агаарын цэргийн ахлагч тэргүүн ахлагч Н.Баттөмөр, Агаарын цэргийн командлалын Сургалт, бэлтгэлийн хэлтсийн дарга хурандаа Д.Түмэндэлгэр болон бусад албаны хүмүүс оролцлоо.

     Хурандаа Б.Банзрагч алба хаагчдад хандаж хэслэн үгэндээ “Цэргийн анхан шатны бэлтгэл, сургалтад амжилттай суралцаж, цэргийн хүний эзэмших ёстой цэргийн хэргийн мэдлэг болон хандлагаа эрдэм мэдлэгээр баяжуулан, цаашид Зэвсэгт хүчний чадварлаг алба хаагч болохыг  хүсэн ерөөе” хэмээв.