Батлан хамгаалах салбарынхан говийн бүсэд ойн, төмөр замын дагуу ногоон зурвас байгуулна

Нийгэм, Эдийн засаг

Э.БАТ-ЭРДЭНЭ

Батлан хамгаалах салбарынхан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн дэвшүүлэн тавьсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж буйгаа илэрхийлж, өчигдөр БХЯ-ны дэргэдэх Офицеруудын ордонд танилцуулах зөвлөгөөнийг зохион байгууллаа. Уг зөвөлгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, БХЯ-ны сайд Г.Сайханбаяр тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцлоо. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарын оролцооны нэг онцлог нь говийн бүсэд ойн зурвас, төмөр замын дагуу ногоон зурвас байгуулах зорилт тавин ажлаа Зүүнбаянгаас эхлүүлжээ. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах салбараас 2021-2030 он хүртэл долоон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

Тодруулбал, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуу ногоон зурвас байгуулах төсөл, мод үржүүлгийн газар байгуулах төсөл, Батлан хамгаалах яамны харьяа байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги салбаруудад ногоон хотхон байгуулах, агро-ойжуулалтыг хөгжүүлэх төсөл, хот хоорондын авто замын дагуу ногоон зурвас байгуулах төсөл, заган ойг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх төсөл юм. Дээр нь батлан хамгаалах салбарын алба хаагчдыг амьдарч буй орчиндоо мод тарих, ногоон байгууламжаа нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл, батлан хамгаалах салбарын алба хаагчдад агро-экологийн мэдлэг олгох, экологийн сургагч багш бэлтгэх төсөл зэрэг арга хэмжээг Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро-Экологийн сургууль, Монголын тариаланчид гурил үйлдвэрлэгчдийн холбоо, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтран хэрэгжүүлэх юм.

Батлан хамгаалах салбар энэхүү төслийн хүрээнд 2030 он гэхэд нийт 27 сая мод тарьж, ургуулан ногоон орчинг бий болгоно. Модыг нэг газраас огтолж нөгөө газарт тарих бус өөрсдөө ургуулж тарих нь чухал. Тиймдээ ч уг төслийн хүрээнд 2022 онд Улаанбаатар хот болон хангайн бүс, говийн бүсэд байрлах Зэвсэгт хүчний есөн ангийн байршилд долоон мод үржүүлгийн газар, хоёр мод үржүүлэг-Агро экологийн сургалтын төвийг байгуулахаар ажиллаж байна. Энэхүү сургалтын төвүүдийг байгуулснаар жилд нэг сая тарьц, суулгацыг бэлтгэхийн зэрэгцээ сургалт, судалгааны ажлыг явуулах боломжтой болно. Мод үржүүлэг-Агро экологийн сургалтын төв, мод үржүүлгийн газруудыг 2022 оноос 2024 он хүртэл үе шаттайгаар байгуулснаар 2024 оноос эхлэн жилд 9,504,000 ширхэг тарьц, суулгац бэлтгэж бусад төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр нийлүүлэх юм.

Дээр дурдсанчлан Батлан хамгаалахын салбарын алба хаагчид экологийн мэргэжлээр мэргэшиж байна. Түүнчлэн салбарын бие бүрэлдэхүүнийг Агроэкологийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг ХААИС-ийн Агро-Экологийн сургуультай хамтран анхан, ахисан болон сургагч багш бэлтгэх гэсэн гурван шаттайгаар зохион байгуулж байна. Энэхүү төслийн хүрээнд Батлан хамгаалах яамны харьяа байгууллагууд, Зэвсэгт хүчний нэгтгэл ангиудаас суралцах хүсэл сонирхолтой алба хаагчдыг анхан, ахисан шатны сургалтад хамруулан, сургагч багш бэлтгэх шатанд сонгож сурган, мэргэжил олгож байхаар төлөвлөн хэрэгжүүлж байгаа. Одоогоор анхан шатны сургалтад давхардсан тоогоор 23,400 хүн, ахисан шатны сургалтад 2,300 алба хаагч, бэлтгэл болон чөлөөнд байгаа алба хаагч нар хамрагдсан. Сургагч бэлтгэх сургалтыг өнгөрөгч долоо хоногт Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро-Экологийн сургууль, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол дахь мод үржүүлгийн газрын материаллаг баазыг түшиглэн долоон хоногийн хугацаатай зохион байгуулсан төдийгүй сургалтад Батлан хамгаалах яамны харьяа 12 байгууллагын 18 алба хаагч, Зэвсэгт хүчний 43 нэгтгэл анги, 21 салбараас нийт 90 алба хаагч, салбарын ахмадуудаас 10, нийт 118 сургагч багшийг бэлтгэсэн байна. Алба хаагчдад агро экологийн мэдлэг олгож сургагч багш нарыг бэлтгэснээр анги, байгууллагын алба хаагчдад олсон мэдлэгээ зааж, сургах, мод тарих, ногоон байгууламж байгуулах ач тусыг сурталчлан таниулах, алба хаагчдыг үндэсний хөдөлгөөнд уриалж, идэвх санаачлагыг өрнүүлэх ач холбогдолтой.

Батлан хамгаалахын салбараас 2021-2030 он хүртэл хэрэгжүүлэх долоон төсөл, арга хэмжээг тайлбарлан хүргэвэл.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуу ногоон зурвас байгуулах төслийн хүрээнд: “Шинэ төмөр зам” төслийн Тавантолгой -Зүүнбаян чиглэлийн 416.1 км урт төмөр замын трасс нь 2020 оны цөлжилтийн үнэлгээгээр “хүчтэй болон сул цөлжилттэй газрын доройтолд өртсөн” ангилалд багтсан.Төслийн хүрээнд төмөр замын 416.1 км трассын хоёр талд хамгаалалтын хашаа, усалгааны систем бүхий тус бүр таван эгнээгээр говийн нөхцөлд ургах боломжтой 11 төрлийн 3.029,000 ширхэг мод, бутыг 646 га газарт 2022 оноос 2030 онд тарьж ургуулна. Мөн Тавантолгой -Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуу зургаан өртөө, зөрлөг тус бүрт нэг га буюу зургаан га газарт хүлэмжийн аж ахуй бүхий агро аж ахуйг байгуулан хөгжүүлж, мод бут тарихын зэрэгцээ хүнсний ногоо, жимс жимсгэнэ ургуулж, өртөө зөрлөгийн оршин суугчдын хэрэгцээний тодорхой хэсгийг хангах нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ онд 40 км зурваст дуслын усалгааны систем тоноглож, 400 мянган мод тарихаар төлөвлөн ажиллаж байна. Өнгөрсөн 2021 онд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дагуу 250 метр урт, найман метр өргөн талбайг хашаажуулан, услалтын систем байгуулан 360 ширхэг мод, бут тарьж, төслийг хэрэгжүүлэх техник эдийн засгийн үндэслэлийг Хөдөө аж ахуйн их сургуулийн Агро экологийн сургууль, Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран боловсруулж дууслаа.

Мод үржүүлгийн газар байгуулах төсөл: Энэхүү төслийн хүрээнд 2022 онд Улаанбаатар хот болон хангайн бүс, говийн бүсэд байрлах Зэвсэгт хүчний есөн ангийн байршилд долоон мод үржүүлгийн газар, Мод үржүүлэг-Агро экологийн сургалтын төвийг байгуулахаар ажиллаж байна Үүнд: Мод үржүүлэг -агро экологийн сургалтын төвийг: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн найман га талбай, Дорноговь аймгийн Өргөн сум Зүүнбаянд Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн 10 га талбайд.

 

Мод үржүүлгийн газрыг: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Сонгинод Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хоёр га талбай, Төв аймгийн Батсүмбэр суманд Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн таван га талбай, Төв аймгийн Алтанбулаг суманд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн хоёр га талбай, Завхан аймгийн Улиастай хотод Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн хоёр га талбайд, Эрдэнэт хотод Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн гурван га талбайд, Говьсүмбэр аймгийн нутагт Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн дөрвөн га талбайд, Дорнод аймгийн Чойбалсан суманд Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн эзэмшлийн гурван га талбайд тус тус 39 га талбайд байгуулахаар ажиллаж байна. Энэхүү сургалтын төвүүдийг байгуулснаар жилд нэг сая тарьц, суулгацыг бэлтгэхийн зэрэгцээ сургалт, судалгааны ажлыг явуулах боломжтой болно. Мод үржүүлэг-Агро экологийн сургалтын төв, мод үржүүлгийн газруудыг 2022 оноос 2024 он хүртэл үе шаттайгаар байгуулснаар 2024 оноос эхлэн жилд 9.504,000 ширхэг тарьц, суулгац бэлтгэж бусад төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр нийлүүлнэ.

Батлан хамгаалах яамны харьяа байгууллага Зэвсэгт хүчний нэгтгэл ангиудыг ногоон хотхон болгох агро-парк байгуулах төсөл: Анги, байгууллагын өнгө үзэмжийг дээшлүүлэх, эрүүл ногоон орчинг байгуулах зорилгоор Батлан хамгаалах яамны харьяа байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл анги, салбаруудын нийт 50 байрлалд 2022 оноос 2030 он хүртэл хугацаанд төслийг хэрэгжүүлнэ. Энэхүү төслийн хүрээнд батлан хамгаалах яамны харьяа байгууллага, Зэвсэгт хүчний нэгтгэл ангиудын байрлалд 800 мянган мод бут, сөөг тарьж ургуулна. Эл онд Зэвсэгт хүчний 014, 256, 336, 350,353 дугаар ангиудыг жишиг эко ногоон хотхон болгохоор зорилт тавин мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Эдгээр жишиг ногоон хотхон байгуулах ангиудад 750 сая төгрөгийн төсөвт өртгөөр 45 мянган ширхэг мод, бутыг тарьж ногоон байгууламж байгуулахын зэрэгцээ зам, талбай, спорт хотхоныг хамт тохижуулан орчин нөхцөлийг сайжруулна. 2021 онд Зэвсэгт хүчний 015 дугаар ангийг жишиг ногоон хотхон болгох зорилтын хүрээнд 14 нэр төрлийн 8485 ширхэг мод, бут, олон наст ургамал бүхий ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий явган хүний зам, талбай гүйлтийн зам, спорт тоглоомын талбайг байгуулсан.

Хот хоорондын авто замын дагуу орон нутгийн байгууллагуудтай хамтран ногоон зурвас байгуулах төсөл: Замын тоосжилт, агаарын бохирдлыг бууруулах, орчны өнгө үзэмжийг сайжруулах, мал амьтны эрсдэлээс хамгаалах зорилгоор энэхүү төслийг орон нутгийн байгууллагуудтай хамтран Эрдэнэт хотоос-Төв аймгийн Жаргалант сум, Улаанбаатар хотын Налайх дүүргээс Говьсүмбэр аймгийн Чойр хот, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг Эмээлтээс эхлэн Баруун аймгуудыг холбон хатуу хучилттай зам дагуу 2022-2030 он хүртэл нийт найман сая ширхэг модыг 2000 км зурваст тарьж ургуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ онд Улаанбаатар хот -Баруун аймгуудыг холбосон хатуу хучилттай зам дагуу хоёр талаар нь гурван эгнээ 334.400 ширхэг шилмүүст ойн зурвас байгуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн онд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Эмээлт -Хүй долоон худаг -Төв аймгийн Аргалант сумын чиглэлд хатуу хучилттай замын дагуу 5.5 км-д 2500 ширхэг хайлаас тарьсан бөгөөд энэ жил үргэлжлүүлэн дөрвөн мянган ширхэг хайлаас тарина.

Заган ойг нөхөн сэргээхэд оролцох төсөл: Төслийг ХААИС-ын Агроэкологийн сургууль, Монголын тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн холбооноос боловсруулсан судалгаанд үндэслэн Дорноговь аймгийн Мандах сумын нутаг Ганзага уул, Улаанбадрах сумын нутаг Бага Номгон уул орчмын заган ой бүхий нутаг дэвсгэрийг таван сая ширхэг заг буюу жилд дунджаар 550 мянган ширхэг заг тарьж нөхөн сэргэхээр төлөвлөж байна. Загын үр, тарьц, суулгацын нөөцийг бүрдүүлсний үндсэн дээр 2022 онд Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Ганзага уул орчмын сүйдэж, нөхөн сэргээх шаардлагатай 15.2 мянган га талбайд заган ойн нөхөн сэргээлтийг эхлүүлнэ. 2021 оны арванхоёрдугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт орших Заган ойгоос 20 кг загын үр түүж, үрслүүлэн тарьж ургуулах бэлтгэлийг хангаж байна.

Батлан хамгаалах салбарын алба хаагчдыг амьдарч буй орчиндоо мод тарих,  ногоон байгууламжаа нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх төсөл: Төслийн хүрээнд батлан хамгаалах салбарын ажилтан, албан хаагчид өөрийн эзэмшлийн газар болон сайн дурын үндсэн дээр мод тарих, орчны ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, хөнгөлөлттэй нөхцөлөөр тарьц суулгацаар хангах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэхүү төслийн хүрээнд салбарын алба хаагчид нийт 810 мянган мод тарихаар тооцож байна. Салбарын алба хаагчдад мод, бут тарих, ногоон байгууламж байгуулж байгуулах ажилд мод үржүүлгийн газруудаас жилд 115 мянган тарьц суулгацаар дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангана.

Батлан хамгаалах салбарын алба хаагчдад агро-экологийн мэдлэг олгох, экологийн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулах төсөл: Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүнийг Агроэкологийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг ХААИС-ийн Агроэкологийн сургуультай хамтран анхан, ахисан болон сургагч багш бэлтгэх гэсэн гурван шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж ХААИС-ийн Агро-экологийн сургуультай сургалт зохион байгуулахаар “Хамтран ажиллах гэрээ” байгуулан ажиллаж байна. Энэхүү төслийн хүрээнд Батлан хамгаалах яамны харьяа байгууллагууд, Зэвсэгт хүчний нэгтгэл ангиудаас суралцах хүсэл сонирхолтой алба хаагчдыг анхан, ахисан шатны сургалтад хамруулан, сургагч багш бэлтгэх шатанд сонгож сурган мэргэжил олгож байхаар төлөвлөн хэрэгжүүлж байна. “Хамтран ажиллах гэрээ” сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу Агро-экологийн мэдлэг олгох анхан шатны сургалтыг 2021 оны арванхоёрдугаар сарын 13-24-ний өдрүүдэд 14 хоногийн хугацаатай, ахисан шатны сургалтыг 2022 оны нэгдүгээр сарын 03-14-ний өдрийг хүртэл 10 хоногийн хугацаатай цахим системээр зохион байгуулсан.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 350 дугаар тогтоолд заасан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарих, ургуулах ажилд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг татан оролцуулах ажлыг зохион байгуулах” арга хэмжээг хэрэгжүүлэхээр бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийн боломж, тооцоог боловсруулан ажиллаж байна.

Төслүүдийг хэрэгжүүлснээр гарах үр дүн: Төмөр зам, авто замын дагуу хамгаалалтын ойн зурвас байгуулснаар төмөр зам, авто замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх (элсний нүүдэл, цасан хунгар, малын нүүдэл гэх мэт) нөлөөллийг бууруулж, эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллах боломжийг бүрдүүлнэ. Мод үржүүлгийн газруудыг байгуулснаар бүс нутгийн хөрс, уур амьсгалд тохирсон модны тарьц, суулгацыг бэлтгэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдэд нийлүүлж, тарьц суулгацын эрэлтийг тодорхой хэмжээгээр багасгаж, Анги байгууллагын орчинг ногоон хотхон болгосноор тэдгээрийн өнгө, үзэмжийг дээшлүүлэхийн зэрэгцээ экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хувь нэмрээ оруулна. Авто замын дагуу хамгаалалтын зурвас байгуулснаар газрын хөрсийг хамгаалж, элс цасанд дарагдахаас сэргийлэх ач холбогдолтой. Цөлжилт эрчимтэй явагдаж буй бүс нутгийн хөрсний үржил, шим сайжирч, элсний нүүдэл багасч, ургамлан нөмрөг нэмэгдэнэ. Алба хаагчдыг амьдарч буй орчиндоо мод тарих үйлсэд уриалж дэмжлэг үзүүлснээр өөрийн амьдрах ногоон эко орчинг бүрдүүлж, гэр бүлийн гишүүдэд ахуйн соёл, байгалиа хамгаалсан зөв төлөвшлийг бий болгоно. Алба хаагчдад агро экологийн мэдлэг олгож сургагч багш нарыг бэлтгэсгоэр анги, байгууллагын алба хаагчдад олсон мэдлэгээ зааж, сургах, мод тарих, ногоон байгууламж байгуулах ач тусыг сурталчлан таниулах, алба хаагчдыг үндэсний хөдөлгөөнд уриалж, идэвхийг өрнүүлнэ.

Г.Сайханбаяр: Зэвсэгт хүчний бүх ангиуд “Ногоон эко хөдөлгөөн” өрнүүлж байна

/Батлан хамгаалахын сайд/

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Батлан хамгаалах салбар 2030 он хүртэл 27 сая мод тарихаар болжээ. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хэлэхдээ.

Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн тодорхой төлөвлөгөөний дагуу ажлаа эрчимжүүлж байна. Өнгөрсөн жилээс хойш нийт долоон анги салбарт мод үржүүлгийн газруудыг байгуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хоёр мод үржүүлгийн газар хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Түргэний голын дэргэд хурдны замын урд 13 га газарт Ерөнхийлөгчийн нэрэмжит мод үржүүлгийн төв байгуулсан. Мод үржүүлгийг хийхийн тулд ой зүлэгжилт, мод тарьж ургуулахтай холбоотой мэргэжилтнүүд бэлдэх нь их чухал юм билээ. Үүний дагуу зэвсэгт хүчний бүх ангиудад “Ногоон эко хөдөлгөөн” өрнүүлээд явж байна. Энэ ажлыг гардаж хийх, мянган цэргийн албан хаагчийг анхан шатны мэдлэгтэй болгосон. Дээр нь 2030 он хүртэл нийт 27 сая мод тарина.

Я.Содбаатар: Шинэ төмөр замыг даган цөлжилтийг хязгаарлах ногоон зурвас бий болно

/Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөдөлгөөнийг дэмжин ард иргэд, аймаг орон нутаг, салбарын хэмжээнд бүгд идэвхтэй оролцож буйг тэмдэглээд, өнөөдөр Батлан хамгаалах салбар өөрийн хүрээнд болон улсын хэмжээнд “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд хийх ажлаа төлөвлөснөө танилцуулж нээж байна. Бид хэд хоногийн өмнө Хилийн цэргийн хүрээнд анги, салбар, отрядад хийгдэх ажлын талаар сонсож, үүрэг чиглэл өгсөн. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд батлан хамгаалах салбарт гурван том зорилт тавьсныг тэрбээр онцоллоо. “Нэгд, батлан хамгаалах салбарт, зэвсэгт хүчний анги, нэгтгэл, салбарын харьяа анги, хилийн заставууд харьяа газраа мод тарихаас гадна зэрэгцэн байгаль, цаг уурын хамгийн хүнд нөхцөлд байдаг говийн бүсэд мод тарьж ойн зурвас байгуулахад цэрэг армийнхан оролцохоо илэрхийлж буйг таатай хүлээн авч байна. Энэ хүрээнд зэвсэгт хүчнийхэн “Тавантолгой” болон “Эрдэнэс Тавантолгой” компанитай хамтарч говийн бүсэд өрнөж буй томоохон бүтээн байгуулалт болсон шинэ төмөр замуудыг даган цөлжилтийг хязгаарлах ногоон зурвас бий болгох юм” гэлээ.