Ж.Буд-Эрдэнэ: Оюуны өмчийн газар хулгайчдыг өөгшүүлж, хамгаалж байгаад харамсч байна

Бусад

Дэлхийн оюуны өмчийн өдрийг жил бүрийн дөрөвдүгээр сарын 26-нд тэмдэглэдэг. Монгол Улсад энэ өдрөөр оюуны өмчийн төрийн болон ТББ-ууд жил бүр олон нийтэд хандсан арга хэмжээ зохион байгуулж тэмдэглэдэг уламжлалтай болоод багагүй хугацаа өнгөрч байна.

 

Харин энэ удаа, патентын нэгэн маргаантай асуудлын талаар “Саяан” нэрийн шоколад үйлдвэрлэгч, “Заан фүүдс” ХХК-ийн дэд захирал Ж.Буд-Эрдэнэ бидэнд хандлаа.


- Манайд хандсаны учир юу вэ. Танд ямар асуудал тохиолдов оо? 

- Оюуны өмчийн газартай холбоотой асуудлаар хандаж байна. Тус агентлаг патент эзэмшигчийн эрхийг хамгаалах ёстой байтал бусдын эзэмшиж буй патентыг зөвшөөрөлгүйгээр ашиглаж, ашиг орлого олж буй талыг хамгаалсан шийдвэр гаргаж байна. Зүй нь зохиогч, инноватор хүмүүсийнхээ эрх ашгийг хамгаалдаг, дэмждэг, урамшуулдаг, хөгжүүлдэг газар байх ёстой. Гэтэл тийм байж чадахгүй байна. Яагаад тийм мэргэжлийн бус дүгнэлт, шийдвэр гаргаж байна вэ гэдэгт үнэхээр гайхах багадаж байна. Ярих гэж буй зүйлээ шууд дүгнэлтээс нь эхэлчихлээ...

-Оюуны өмчийг хамгаалах эрх, үүрэг бүхий байгууллага нь оюуны өмчийг хамгаалж чадахгүй л юм бол цаашид хөгжлийн тухай, бүтээгч салбар хөгжих талаар ярихын ч хэрэггүй шүү дээ. Бүгд олборлогч, түүвэрлэгч, дамлагч хэвээрээ л үлдэнэ.

- Монгол Улсад оюуны өмчийг хамгаалах хууль нь байгаа боловч түүнийг хэрэгжүүлэх соёл, тогтолцоо, чадамж тун тааруу байна. Би ямар түүх ярих гээд байна вэ гэхээр 2013 онд албан ёсоор оюуны өмчийн гэрчилгээ авсан өөрийн патентаа өнөөдөр хамгаалж чадахгүй хохироод байгаагаа ярих гэсэн юм. Би өөрийн нэр дээр  2013 онд “Чихэр, шоколадны хэв, Монгол бэлгэдэл” нэртэй бүтээгдэхүүний загварын патентыг авсан. Монгол гэр, таван хошуу мал, шагайны дүрстэй бүтээгдэхүүний хэд хэдэн загварыг оюуны өмчөөр бүртгүүлж, зохиогч нь мөн гэсэн баталгааг төрийн холбогдох агентлагаас авсан гэсэн үг. Сонирхуулж хэлэхэд, би өөрөө патент судлаач гэх давхар мэргэжилтэй. Патент судлалын институт төгсч, сүүлд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын дэргэдэх академид мэргэжил дээшлүүлсэн. Тэгэхээр энэ талаар дор хаяж өөрийн эрхээ хамгаалах хэмжээнд ойлголт, мэдлэгтэй хүн.

Гэтэл миний патент дээрх хэв загвараар үйлдвэрлэсэн “Алтан говь” нэрийн гэр хэлбэртэй шоколад зах зээл дээр 2014 оноос хойш зарагдаж, тэрбум гаруй төгрөгийн борлуулалт хийгээд байна. Энэ асуудлаар би эдийн засгийн цагдаагийн албанд хандсан ч оюуны өмчийн байгууллагын шинжээчид патент эзэмшигчийнхээ эрхийг хамгаалах нь бүү хэл, хулгайн бүтээлийг хамгаалсан дүгнэлт гаргасанд гомдолтой байгаа юм.

- Оюуны өмчийн газрын дүгнэлт юу гэж гарсан юм бол.

- Би 2013 онд Оюуны өмчийн газраас бүтээгдэхүүний загварын патент авсныхаа дараа “Алтан говь” шоколадыг үйлдвэрлэгч “Есөн од” ХХК-ны захирал Нарангэрэл гэдэг эмэгтэйтэй уулзаж патентаа танилцуулсан байдаг. Надад ийм патенттай бүтээгдэхүүний загвар байна, та бүхэн шоколадаа монгол гэрийн хэлбэрээр хийвэл асар их боломж байгаа гээд патентаа худалдах, лицензээр ашиглуулах санал тавьсан.

 

 

Тэгээд хэд хэдэн удаа уулзаж, харилцан имейлээр мэдээлэл, дизайн зураг солилцсон. “Алтан говь” шоколадыг өөрийнхөө гэр хэлбэртэй хувилбараар дүрсжүүлж өгсөн и-мэйл одоо ч цахим шууданд хадгалаастай байгаа.

Түүний дараа тус компанийн зүгээс хариу өгч, патентыг худалдан авах, түрээслэхэд миний санал болгосон үнэ өндөр байгаа учраас боломжгүй гэснээр харилцаа дууссан. Тэгтэл тус компани 2014 оны хоёрдугаар сараас монгол гэрийн дүрс бүхий шоколадыг үйлдвэрлээд эхэлсэн байсныг би саяхан энэ салбарт үйлдвэрлэл явуулж эхэлснээсээ хойш мэдсэн. Би энэ хүртэл зөвхөн хайрцагны савлагаа нь монгол гэрийн хэлбэртэй гэж бодсон учраас тоогоогүй юм.

Тэд 2014 оны хоёрдугаар сараас монгол гэр хэлбэртэй шоколад үйлдвэрлээд эхэлсэн юм билээ. Өөрөөр хэлбэл, 2013 оны 11,12 дугаар сард надтай харилцаж, шоколадны хэвээ миний патент бүхий монгол гэр хэлбэрээр дүрсжүүлж авчихаад үүнийгээ ердөө хэдхэн сарын дараагаас үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байгаа юм. Иймээс би 2019 оноос холбогдох байгууллагад хандан шалгуулж эхэлсэн. 

-Тэгвэл үнэндээ патентыг зөвшөөрөлгүй ашигласан асуудал биш шууд утгаар хулгайлсан асуудал байна шүү дээ?

-Яг зөв. Ийм л түүх болсон.  

- Хамгийн гол зангилаа нь Оюуны өмчийн газар шүү дээ. Тус байгууллага нь танд патентын эрхийг өгсөнтэйгээ адилхан хамгаалах үүрэгтэй. Тэдний шинжээчид ямар дүгнэлт гаргав?

- Оюуны өмчийн шинжээчид “Патентын эрх зөрчигдөөгүй байна” гэсэн дүгнэлт гаргасан байна лээ. Шинжээчдийн дүгнэлт эхнээсээ авахуулаад дуустал хэт нэг талыг барьсанд асуудал байгаа юм. Миний патент дээрх зургийг “хэд хэдэн загварын, загвар хоорондоо уялдаа муутай. Гар зургаар илэрхийлсэн” гэж дүгнэсэн ч байх шиг. “Гараар зурсан” гэдэг бол үнэхээр мэргэжлийн бус тайлбар. Өнөөдөр хамгийн орчин үеийн гар утас, компьютер, нисэх онгоц бүгд патентаа гар зургаар хамгаалдаг. Үүнийг интернетээр чөлөөтэй үзэж болно.

Өөр зөндөө олон утга учиргүй, ямар ч логикгүй гэмээр тайлбарууд байна лээ. Яаж энэ хүний патентын эрхийг булзааруулах вэ гэж арга ядсан шинжтэй. Жишээ нь, Есөн Од ХХК нь уг бүтээгдэхүүнийг 2014 оноос үйлдвэрлэсэн, харин манайхыг “одоог хүртэл үйлдвэрлэсэн нь тодорхоогүй” гэж буруутгасан өнгө аястай. Энэ нь үйлдвэрлэгдээгүй бүтээгдэхүүний загварт патентын хамгаалалт хамаардаггүй юм шиг хуульд нийцэхгүй, маш буруу тайлбар.

Мөн хамгийн хачирхалтай нь, эдийн засгийн цагдаагийн алба хэрэг нээсний дараахан буюу өнгөрсөн оны есдүгээр сарын 20-нд “Алтан говь” шоколад Оюуны өмчийн газарт бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэг өгсөн байгаа юм. “Есөн Од” ХХК тийм л мундаг, өөрсдөө сэдэж зохиосон юм бол яахаараа 5-6 жилийн турш бүтээгдэхүүний загвараа патентад мэдүүлээгүй байдаг билээ? Хэн нэг нь зөвлөсөн байна л даа...

-Таны патенттай давхардаагүй байна шүү гэж хэлэх гээд арга ядсан дүгнэлт гаргасан бололтой?

- Шинжээчид, миний патентын загвар дээр гэр нь долоон хээтэй байгаа бол “Алтан говь”-ийн гэр дөрвөн хээтэй байгаа нь патентын эрхийг зөрчөөгүй байна гэж үзэж байгаа гэнэ. Энэ бол Nokia гэхийг Nokla гээд хуурамчаар үйлдвэрлэдэг “хулхи гаруудыг” өмөөрсөнтэй яг адилхан. Патентын хамгаалалттай бүтээгдэхүүнээ өмгөөлөх ёстой байтал патентгүй хулгайн бүтээгдэхүүнийг шинжээчийн дүгнэлтээр бараг патентлачихаж байна.

 

Патентлагдсан бүтээгдэхүүний загвар.

 

“Алтан Говь” брэндийн гэр шоколад.

Гадаадад оюуны өмчийн маргааныг шийдвэрлэхдээ шинжээчид нь ижил төсөөтэйг нь хувиар тооцдог аргачлал бий. Тийм юм огт байгаагүй. Оюуны өмчийн шинжээчид нөлөөнд автсан байх магадлалтай тул би цаашид  хуулийн байгууллагаар шалгуулна.

Ер нь оюуны өмчийн хулгай бол гэмт хэрэг. Шударга өрсөлдөөн талаас ч “Алтан говь” муу аргууд хэрэглэж байна. Хэрэглэгчдээ хүртэл хуурна. Сингапураас хямд шоколад авдаг байж “Бельги чанар” гэж рекламдах нь ерөөсөө хууль бус зүйл. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай мөн зар сурталчилгааны хуулиудыг зөрчиж байгаа асуудал.

- Оюуны өмчийн эрх гээд ярихаар санаандгүй давхцах асуудлыг ялгаж салгаж авч үздэг. Манай шинжээчдийн дүгнэлт энэ талаар хөндөв үү?

- Өөрийгөө магтсан болох байх, гэхдээ үнэнийг хэлье. Би Монголд бүхэл бүтэн цоо шинэ салбар - реклам сурталчилгааны салбарыг бий болгосон хүний нэг. Мөн урлагийн салбарын дээд шагнал “Гоо марал”-ыг санаачлан зохион байгуулж байлаа. Билгүүн номч Б.Ринчен гуайн хөшөөг санаачилсан, “Битлз”-ийн дууг монгол хэл дээр дуулсан цомгийн автор, орчуулагч нь гээд яриад байвал багагүй зүйл бий. Бүтээгдэхүүний загвар, архитектур дизайны бүтээл зэргээр Монгол, ОХУ, Австрали улсуудад патент авсан байдаг. Энэ бүхнийг ярьж байгаагийн учир нь би төрөөс нэг л зүйлийг хүсч байна. Тэр нь шагнал урамшил огт биш. Зүгээр л, батламжилж өгсөн оюуны өмчийн бүтээлийг маань хулгайч, луйварчдаас хамгаалж өгөөч гэж. 

-Цаашид та яах бодолтой байна вэ?

-Би энэ асуудлыг шударгаар шийдэж, зохиогч бүтээгчдийн эрхийг хамгаалаасай гэж хүсч олон нийтийн анхааралд хүргэх үүднээс хэвлэлд хандаж байна. Миний гол хэлэх зүйл, Оюуны өмчийн газар хулгайчдыг өөгшүүлж, хамгаалж байгаад харамсч байна. Гэхдээ Оюуны өмчийн газар саяхнаас шинэ даргатай болж, мөн өөрийн шинэ байрандаа нүүж орж байгаа юм билээ. Тиймээс шинэ уур амьсгал, шинэ хандлагад итгэх итгэл байна.

Ямартаа ч шат шатны байгууллагад хандаж, шударга ёсны төлөө эцсээ хүртэл явна. Шаардлагатай бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Олон улсын мэргэжлийн байгуулагад хандаж эрхээ хамгаалуулах болно.