“НҮҮДЭЛЧИН МОНГОЛ” СОЁЛЫН ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Бусад

    Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Ардын Чөлөөлөх армийн Хуурай замын цэргийн хамтарсан “Талын түнш-2024” хээрийн сургууль амжилттай явагдаж байна. 

     Энэ өдөр хоёр тал хамтарсан сургалт дадлагаа явуулахын зэрэгцээ хоёр орны цэргийн алба хаагчдын нөхөрлөлийг бататгах, Монгол үндэсний өв соёл, түүхэн уламжлалыг сурталчлах зорилгоор “Нүүдэлчин Монгол” соёлын өдөрлөгийг зохион байгуулав.

   Өдөрлөгийг зохион байгуулахад Дорноговь аймгийн ЗДТГ-аас бүх талаар дэмжин ажилласан ба үндэсний зоог, үндэсний урлагийн тоглолт, монгол бичгээр уран яруу бичих, сурын харваа, шагайн харваа, морь, тэмээ унах соёл, үндэсний үйлдвэрлэгчдийн бэлтгэсэн гар урлалын үзэсгэлэн худалдаа, их говийн ховор ан амьтныг илэрхийлсэн нүүдлийн музей, байгалийн гэрэл зургийн үзэсгэлэнг тус тус дэлгэж, мэдээлэл танилцуулгыг ч өргөн хэмжээнд хүргэв. 

    Монгол Улсыг сурталчлах өдөрлөгийн төгсгөлд хоёр орны цэргийн алба хаагчид “Буухиа”, “Мини биатлон” тэмцээнээр хурд хүч, цэц мэргэн, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж, нөхөрлөлөө улам бататган медалийн тавцанд хамтдаа зогслоо. 

     Нүүдэлчин монголчуудын өв соёлыг сурталчлахад хамтран ажилласан Дорноговь аймгийн удирдлага, хамт олонд болон соёл, спортын өдөрлөгт өдөржин саатаж, монгол түмний зан заншил, уламжлалтай танилцан нөхөрлөлийн түүхээ зузаатгасан БНХАУ-ын цэргийн алба хаагчдад сургуулийн Монгол талын удирдагч хурандаа Ц.Буяндэлгэр талархал дэвшүүллээ гэж "Талын түнш-2024" хээрийн сургуулийн хэвлэлийн бүлгээс ирүүллээ.