УЛААНБААТАР ХОТЫГ ХОЁР ХУВААХ ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ХАГАРАЛ БИЙ

Бусад

Улаанбаатар хот газар хөдлөлийн идвэхтэй бүст оршдог. Улаанбаатар, Эмээлтийн бүст жилд 1000 гаруй газар хөдлөлт бүртгэгдэг хэмээн Одон орон геофизикийн хүрээлэнгийн мэдээлэлд дурджээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хот дарьтай торхон дээр сууж байна гэсэн үг. Японы эрдэмтэд Онцгой байдлын ерөнхий газартай хамтарч 2019 онд Улаанбаатар орчимд газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ хийсэн. Тэгэхдээ  Улаанбаатар хотын дундуур буюу Налайх, Хонхороос Нарангийн энгэрийн хогийн цэг  хүртэл 50 км газарт том хагарал байгааг тогтоожээ.  Энэ нь Улаанбаатар Эмээлт орчмын долоо дахь том хагарал аж. Уг хагарал 1000 гаруй жилийн өмнө хүчтэй газар хөдлөлтөөс үүссэн байна. Хэрэв энэ хагаралд газар шилгээвэл долоон магнитудын хүчтэй байхыг эрдэмтэд тогтоожээ. Долоон магнитудаас дээш хүчтэй газар хөдлөхөд газар эвдэрч цуурдаг гэсэн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл Улаанбаатар хотыг зүүн урдаас нь баруун хойшоо чиглэлд хоёр хуваахуйц хэмжээний томоохон хагарал илэрсэн гэсэн үг. Чухам хэзээ вэ гэдэг л оньсого мэт олон нууцыг  энэ хагарал өөртөө хадгалж байна.

 

 

.