УЛААНБААТАР- ДАРХАН ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН АЖЛЫГ ГУРАВДУГААР САРААС ЭХЛЭХ ҮҮРЭГ ӨГЧЭЭ

Бусад

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгох ажлын хоёрдугаар шатны ажил ирэх гуравдугаар сард эхэлнэ. Нийт 202.42 км тавигдах тус замыг Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр барих юм. Энэ талаар Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар холбогдох аймгийн удирдлагуудтай цахимаар холбогдон үүрэг чиглэл өгсөн байна. Дархан-Уул аймгийн тухайд замын ажилтай холбогдуулан 10 газрын тавыг нь одоогоор чөлөөлөөд байгаа аж. Цаашид Хонгор сумын цэцэрлэгт хүрээлэнгийн блокон хашаа, Дархан хаалга, зам дагуух мод, “Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн тунгаасан усны шугам хоолой, “Магнай трейд”, “Шунхлай” компанийн  шатахуун түгээх станцыг нүүлгэн шилжүүлэх ажлыг ирэх хоёрдугаар сарын 20-ны дотор хийхээр төлөвлөжээ. Газар чөлөөлөлтийг хийснээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хоёрдугаар шатны ажил эхлэх боломж бүрдэх юм.