ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ВИЗИЙН ХУГАЦАА ДУУССАН ХЯТАД ИРГЭДИЙГ НУТАГ БУЦААВ

Бусад

Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас нутаг буцах боломжгүй байсан хөдөлмөр эрхлэгч БНХАУ-ын 250 иргэнийг хоёр улсын Засгийн газар харилцан тохиролцсоны дагуу өчигдөр /2021.01.07/ нутаг буцаажээ. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор тэднийг эх оронд нь буцаах ажиллагааг Гадаадын иргэн, харьяатын газар, Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан байна.  Эдгээр иргэд нь Монгол Улсад 2020 оны ес, аравдугаар сард хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн бөгөөд  оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан байж. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 840 мянган төгрөгийг сар бүр ажлын байрны төлбөрт төлдөг. Эдгээр иргэд  Монгол Улсад гурван сарын хугацаанд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй байсан ба улсын төсөвт дунджаар 600 орчим сая төгрөгийг татвар хураамж тушааж, аливаа зөрчилд холбогдоогүй байна. Цаашид хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа нь дуусч буй иргэдийг тухай бүр үе шаттайгаар нутаг буцаах юм.