ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Т.ЖАМБАЛЦЭРЭН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ “ХҮНСНИЙ БАТАЛГААТ БАЙДАЛ-2024” ФОРУМД ОРОЛЦОВ

Нийгэм, Эдийн засаг

        Филиппин улсын Манила хотод 4 сарын 09-12-ны өдрүүдэд  зохион байгуулсан уг форум нь хоёр жил тутамд Ази Номхон далайн бүсийн орнуудад хүнсний баталгаат байдлыг хангахад тулгарч байгаа шинэ сорилтууд, даван туулах шинэ инноваци, цаашдын төлөв хандлагын талаар ярилцах, мэдлэг, туршлагаа солилцож, харилцан суралцах зорилгоор зохион байгуулагддаг арга хэмжээ юм.

Энэ удаагийн форумын гол сэдэв нь уур амьсгал-хүнс-байгалийн уялдаа холбоог сайжруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх байсан бөгөөд ирээдүйн хүнсний системийн өөрчлөлт, санхүүжилтийн хүртээмж, төр, хувийн хэвшлийн түншлэл, хүнсний системийн өөрчлөлт-уур амьсгалд тэсвэртэй байдал, хүнсний аюулгүй байдал, шим тэжээл, урт хугацаанд хүнсний баталгаат байдлыг хангахад улс оруудын оролцоо, бүс нутаг хоорондын мэдлэгийг хуваалцах, технологийн хэрэглээ зэрэг өргөн агуулгын хүрээнд хэлэлцлээ.

Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнудирдагчдын болон CAREC-ын орнуудын хуралдаанд тусгайлан оролцсон бөгөөд АХБ-ны Зүүн Азийн газрын захирал ноён Muhammad Ehsan Khan, Зүүн Өмнөд Ази, Номхон далайн бүсийн хөдөө аж ахуй, хүнс, байгаль, хөдөөгийн хөгжлийн секторын захирал ноён Jiangfeng Zhang, Хөдөө аж ахуй, хүнс, байгаль, хөдөөгийн хөгжлийн секторын ахлах захирал ноён Qingfeng Zhang нартай албаны уулзалт хийв.Эдгээр уулзалтын хүрээнд АХБ-аас одоо хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн явц, Засгийн газрын бодлого, форумын хүрээнд яригдсан гол асуудлуудын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, худалдаа үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалтын болон техник туслалцааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, төслийн үр дүн, сайн туршлагыг олон нийтэд, бүс нутгийн орнуудад сурталчлах, мэдээлэл солилцоог сайжруулах зэрэг өргөн агуулгын хүрээнд ярилцаж, санал солилцов.

Мөн 2024 оны 10 дугаар сард Монгол Улсад хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн форумыг хамтран зохион байгуулахаар тохирсон бөгөөд уг форум нь хүнсний баталгаат байдал болон хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээний үр ашгийн хуваарилалтыг сайжруулах хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлт-хүнс, хөдөө аж ахуйн асуудлаар хэлэлцэх юм.