4 НАСНЫ СИНДРОМ

Бусад

   Хүүхэд 4 хүрэхэд тархины хөгжил эрс сайжирдаг тул танин мэдэх чадвар дагаад нэмэгддэг. Цаг хугацаа, орон зайн баримжаатай болох, би болон бусад хүнийг ялгах, бусдын сэтгэл санааг ойлгох зэрэгт хэрхэн хөгжиж байгаа нь илэрч гардаг.

Гэвч эдгээр танин мэдэхүйн чадвар нь гэнэт нэг өдөр суугаад төгсөрчихдөггүй. Хөгжих явцад санаа зовох, эргэлзэх зэрэг сэтгэл зүйн зөрчилд орж, өөрийнхөө сэтгэл зүй, мэдрэмжийг удирдаж чадахгүй байх тохиолдол гардаг. Жишээлбэл: гэнэт аашилж уйлах, бослого гаргах, бослого гаргалаа гэж бодож амжаагүй байхад эрхлээд хүрээд ирэх гэх мэт. Энэхүү сэтгэл зүйн өөрчлөлтийг 4 насны хана гэж үздэг байна.

4 настангууд маань энэхүү ханыг давж гарах явцад дараах тэрслүү үйлдлүүд гаргадаг. 

Жишээлбэл:

*Тэнэг гэх мэт бусдыг гомдоохоор доромж үгс хэлэх

*Дураараа аашлах

*Яг одоо хийе гэж байхад чинь гэх мэтээр томчуудыг зандрах

*Захиргаадахад дургүйцэх

*Сонсоогүй царайлах, үг дуулахгүй байх

*Сэтгэлд нь таарахгүй бол дүрсгүйтэх, уйлах, уурлах

*Хэлж тайлбарласан ч яагаад гэж давтан давтан асуух

*Цэцэрлэгтээ явахаас татгалзах, дургүйцэх

*Цохих зэргээр хүч хэрэглэх

*Нялх хүүхэд мэт аашлах, эрхлэх

Эдгээр тэрслүү үйлдлүүд нь томчуудын хувьд арга нь олдохгүй, төвөгтэй боловч 4 настангуудын хувьд өсөж том болж байгаагийн илрэл юм.🤗

2 насны синдром арай гэж дуусаад хүүхэд маань бараг гараас гарлаа гэж бодож амжаагүй байхад бий болдог энэ үзэгдэлд хүүхдүүдээс гадна аав ээж нар маань яах учраа олохгүй сандрах, хүүхдээ загнах, уурлах зэрэг сөрөг сэтгэл хөдлөлд автах тохиолдол байдаг. 

Тиймээс буруу хүмүүжүүлжээ хэмээн шаналах хэрэггүй.

Цухалдаж, сөрөг сэтгэл хөдлөлд автах ч хэрэггүй. Хүүхэд тань бие физиологийн өсөлт/ тархины хөгжлөөс улбаалсан сэтгэл зүйн зөрчил дунд чадлаараа торниж буй гэдгийг санаад тайван байгаарай.