П.ДЭЛГЭРБАЯР МЭРГЭЖЛИЙН СҮМОД ОРОХООР ШИЙДЖЭЭ

Бусад
Арлын Японыг зорьсон монгол залуусын нэг болох бүх Японы аварга шалгаруулах оюутны сүмо бөхийн тэмцээнд түрүүлж, Оюутны ёкозүна болсон Японы биеийн тамирын дээд сургуулийн оюутан П.Дэлгэрбаяр мэргэжлийн сүмод орохоор болжээ. Тэрбээр сүмогийн дэвжээнд дадлага, сургалт хийхээр Нарүто дэвжээг сонгосон байна. Энэ дэвжээг одоо озэки асан Болгарын Котоошюү удирдаж байгаа.
Дадлагын хугацаа 6-12 сар гэх ч П.Дэлгэрбаяр яг хэзээ башёд барилдаж эхлэх нь тодорхойгүй байна. Үүний тулд Котоошюү “Маш олон зүйл зааж өгөх шаардлагатай. Сонирхогчдын сүмо мэргэжлээс огт өөр гэдгээс эхлээд нэг дэвжээнд хамт олноороо амьдрах гээд олон юм бий. Дэвжээндээ дасаад, сүмо бөхийг ойлгодог болохоор нь мэргэжилд барилдуулна. Дан ганц хүч чадлаар хол явахгүй. Япончуудын хайр, хүндэтгэлийг татсан бөх болох ёстой” гэжээ.