Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа

Улс төр

     Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 8-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

     Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барина
Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулж Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулж хэлэлцүүллээ. Тус төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина.
            Уг хууль нь төрөөс иргэдийг орон сууцжуулах зорилгоор орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх, орон сууцны сан байгуулах, хөрөнгө бүрдүүлэх, удирдах, зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулна.
            Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл зургаан бүлэг, 21 зүйлтэй, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуультай харшлах зүйлгүй. Хууль батлагдсанаар орон сууцжуулах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, санхүүжилтийн эх үүсвэрийг зах зээлийн зарчимд нийцүүлэн тогтвортой нэмэгдүүлж, хүртээмжийг дээшлүүлэх, бага, дунд орлоготой зорилтот бүлгийг түрээсийн, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцаар хангах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байна.
Орон сууцны тооллогын 2022 оны дүнгээс харахад манай улсын 941,547 өрхийн 32.1 хувь нь буюу 302,237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдардаг бол 29.7 хувь буюу 279,639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359,671 нь гэр сууцанд амьдарч байна.
           Нийслэлийн  50.1 хувь буюу 216,989 өрх гэр хорооллын бүсэд инженерийн дэд бүтцийн хангамжгүй байшин болон гэр сууцанд амьдарч байгаа нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын 75 орчим хувийг бүрдүүлж байна.

Хууль батлагдсанаар Улаанбаатар хотын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдарч, үр бүтээмжтэй ажиллаж, сурч боловсрох нөхцөл бүрдэнэ. Мөн иргэдийн өрхийн орлого, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, хөдөө, орон нутагт шилжин суурьшихад нь орон сууцны дэмжлэг үзүүлэх эрхзүйн боломж бүрдэнэ гэж үзэж байна.

    Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа
Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж байгаа 300 МВт-ын цахилгаан станцын төслийн барилга угсралтад зориулан импортоор оруулж ирэх тоног төхөөрөмж, түүний иж бүрдэлд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг дөрвөн жилийн хугацаагаар сунгалаа. Станцын барилга угсралтын ажлыг эрчимжүүлж, хууль тогтоомжийн хүрээнд холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Барилга, хот байгуулалт болон Эрчим хүчний сайд нарт тус тус даалгалаа.
“Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон нийслэлийн дунд хугацааны баримт бичгүүдэд нийцүүлэн хавсралтад туссан төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний Нийслэлийн үнэт цаасыг дотоодын зах зээлд 2024 онд багтаан арилжаалахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт зөвшөөрлөө.
Нийслэлийн дотоод үнэт цаасны хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтад Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл багтаж байна.
Өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, Улаанбаатар хотод томоохон төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх, эрчим хүчний суурь хэрэгцээг хангах шаардлагатай байна.
Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн нүүрсний ордыг түшиглэн 300 МВт-ын цахилгаан станцыг барих ажил үргэлжилж байна. Төслийн эхний ээлжийн 150 МВт-ын цахилгаан станцын барилга угсралтын ажлыг энэ оны аравдугаар сард дуусгахаар төлөвлөж байна.
Товч мэдээ
·      Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзлээ.
·      БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай Монгол Улсын Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд 2015 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төсөл”-ийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.
·      Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн мн/272 дугаартай шийтгэх тогтоол 123 хуудас, Төв аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн мн/58 дугаартай шүүхийн магадлал 71 хуудас, Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 179 дугаартай Б.Хурц нарт холбогдох  тогтоол 56 хуудас, шүүхийн шийдвэрийг төрийн нууцаас гарган, ил болгов.
·      Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар Мандалбаатарын Маргад-Эрдэнийг томиллоо. М.Маргад-Эрдэнэ тус агентлагийн Тамгын газарт Хуулийн хэрэгжилт, гэрээ конвенц хариуцсан мэргэжилтнээр 2018 оноос ажиллаж байна.
·      Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг 2024 онд тэмдэглэнэ. Түүхэн тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан Энэ оны батлагдсан төсөвтөө багтаан зохион байгуулахыг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэд даалгалаа.
·      Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2023-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн дунд хугацааны явцын тайланг хэлэлцэн дэмжээд, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хүргүүлэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгалаа.