Youtube-д САЯ гаруй дагагчтай Э.Золжаргал: Сайхан бодол сайн зүйлсийг л дагуулдаг

Бусад

Өрөөний булангаас өөрийн сонирхлоороо бичлэг хийж эхэлсэн түүний youtube суваг одоогоор НЭГ САЯ 360 МЯНГАН дагагчтай. Хүний нутгаас эрдэм өвөрлөхөөр АНУ-ыг зорьсон тэрээр “George Mason”-ий их сургуулийг нягтлан бодох чиглэлээр төгссөн бөгөөд одоо дэлхийн шилдэг санхүүгийн компаниудын нэг болох “Ernst & Young”-д ажилладаг.

Youtube бол Э.Золжаргалын нэмэлт орлого олдог хоёр дахь ажил. Түүний бичлэгийг дэлхийн 58 орны хүмүүс үздэг. Хамгийн их үзэлттэй бичлэг нь 86 сая хандалт авчээ. Гэрээсээ ажиллах боломжийг эрэлхийлж youtube-д ASMR бичлэг хийж эхэлсэн ч одоо тэрээр SILVER болон GOLDEN button-ыг эзэмшдэг. Ажил, амьдралаа тэнцвэртэй авч явахыг хичээдэг үзэсгэлэнт бүсгүй маань анх хэрхэн эхэлж өдийг хүртэлх амжилтыг цогцлоосон болоод алдаа, оноо, амьдралдаа шантарч байсан үе гээд олон сэдвийн хүрээнд яриа дэлгэснийг хүргэж байна.

YOUTUBE БОЛ МАШ ИХ БОЛОМЖИЙН ЭХ ҮҮСВЭР

-Сайн байна уу. Юуны түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байцгаана уу. Намайг Э.Золжаргал гэдэг. Улаанбаатар хотод төрж өссөн. Ахлах анги хүртлээ Монголд амьдарч байгаад АНУ-ыг зорьсон. “George Mason” их сургуулийг нягтлан бодох чиглэлээр төгссөн.

-Таны youtube суваг үнэхээр сонирхолтой юм билээ. Ер нь ASMR гэж юу вэ? Та яагаад энэ төрлийг сонирхож, өөрийн сувгийг нээх болсон бэ?
-Би анх ASMR бичлэгүүдийг үзээд маш их сонирхож, гайхаж байсан. Тухайн үед хүмүүсийн анхааралд өртөж буй шинэ сэдэв байлаа. Би өөрийн гэсэн youtube сувагтай болно гэж боддог байсан ч бодит болгохын тулд нэлээд хугацааг зарцуулсан. ASMR гэдэг нь “Autonomous Sensory Meridian Response” гэдгийн товчлол. Нэг ёсондоо хүнийг дуу чимээ, дүрсээр тайвшруулдаг гэж хэлж болно. Ихэнх үзэгчид стресс бухимдлаа мартагнах гэж мөн нойр хүрэхгүй үедээ энэ төрлийн бичлэг үздэг.

-Зарим хүмүүс сөрөг өнцгөөр харж, шүүмжлэлтэй ханддаг шүү дээ. Ийм зүйлстэй нүүр тулж байв уу?
-ASMR төрлийн бичлэг хүмүүст танигдаж эхлээгүй байхад их шүүмжлүүлдэг байсан. Эхэндээ сөрөг сэтгэгдэл, элдвээр доромжилсон үгсийг хараад хүндээр хүлээж авдаг байв. Гэхдээ хүн бүр өөрсдийн гэсэн үзэл бодолтой шүү дээ. Би заавал надаас өөр бодолтой хүмүүсийн санааг өөрчлөх шаардлагагүй. Харин намайг ойлгож, дэмждэг хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд анхаарч эхэлсэн. Үргэлж сайн сайхныг бодож явахад бүтдэг. Сайхан бодол сайн зүйлсийг л дагуулдаг.

Ихэнх үзэгчид стресс бухимдлаа мартагнах гэж мөн нойр хүрэхгүй үедээ энэ төрлийн бичлэг үздэг.

Аливаа юмыг шүүмжлэхээсээ өмнө эхлээд ард нь ямар их хөдөлмөр байгаа бол гэж бодож үзэх хэрэгтэй. Муухай үгээр дайрч доромжлохоосоо өмнө хийж бүтээх гэж оролдож буй зоригийг нь үнэлж болно шүү дээ. Нэг контентын ард ямар их хөдөлмөр байдгийг анзаарч, зөвхөн өөрийн тань сэтгэлд нийцээгүйн улмаас хэн нэгний урмыг битгий хугалаарай гэж хэлмээр санагддаг.

ОДООГООР МАНАЙ СУВГИЙН НИЙТ ҮЗЭЛТИЙН ТОО 391 САЯЫГ ДАВААД БАЙНА

-Youtube гэдэг бол нэг ёсондоо дэлхийн үүд хаалга шиг санагддаг. Хүссэн зүйлээ үзэж, сурч болно. Зарим хүмүүсийн амьдралыг өөрчлөх, орлогын эх үүсвэр ч болж байна. Та энэ тухайд ямар бодолтой байдаг вэ? Энэ зах зээлийн талаар яриач?

-Youtube контентыг хүмүүс ихэвчлэн сонирхлоороо эхлүүлдэг. Дараа нь орлогынхоо эх үүсвэр болгодог. Таны хэлсэнтэй санал нийлж байна. Youtube бол маш их боломжийн эх үүсвэр. Би их сургуульд сурахынхаа хажуугаар цагийн ажил хийдэг байлаа. Харин youtube-д бичлэг байршуулж эхэлснээр гэрээсээ гаралгүй, хүссэнээрээ ажиллах боломжтой болсон.

-Таны сувгийг дэлхийн аль орнуудаас ихэвчлэн үздэг вэ?
-Миний youtube суваг АНУ, Энэтхэг, Турк, Их Британи, Мексик, Вьетнам, ОХУ, Малайз зэрэг дэлхийн 58 орноос ихэвчлэн хандалт авдаг. Одоогоор манай сувгийн нийт үзэлтийн тоо 391 саяыг даваад байна. Хамгийн их үзэлттэй видео маань 86 сая хандалттай байна.

-Энэ бол үнэхээр гайхалтай өндөр үзүүлэлт байна. Youtube сувгаа хэрхэн хөтөлж өдий зэрэгт хүргэсэн бэ? Тийм нууц бий юу?
-Эхний гурван сар миний сувгийн үзэлт өдөрт 100-1000 байсан. Youtube-ээс орлого олох эсвэл хурдан танигдаж хөгжихийн тулд тухайн үеийнхээ трендийг дагаж, үзэгчдэд сонирхолтой бичлэг нийтлэх нь чухал. Мөн бичлэгээ тогтмол оруулах нь хандалтад нөлөөлдөг. Англи хэлээр тайлбар бичих нь олон улсын үзэгчдийг татахад тустай.

Сонирхлоо орхихгүй байхаар шийдсэн. Энэ л өнөөдрийг хүрэхэд тусалсан.

-Маш олон савангийн бичлэг байсан. Хаанаас худалдаж авдаг вэ. Бас дараа нь тэдгээр саван болон сүйтгэсэн гоо сайхны хэрэгслүүдээ яадаг бол?
-Хамгийн анх манай үзэгчээс мөнгө явуулж, гоо сайхны хэрэгсэл аваад бичлэг хийж болох уу гэх санал илсэн. Тухайн үед хачирхалтай санагдаж байсан ч үзээд алдахаар шийдэж байлаа. Одоо бол үзэгчдээс mailbox хаягаар бараа хүлээж авч, бичлэг хийдэг. Бичлэгт ашигласан савангуудаа зарим үед хаяна. Харин заримдаа бүтэн болгож янзлаад хандивладаг.

-Нэг бичлэг хийхийн тулд  ард нь юу өрнөдөг вэ. Та тусгай студид хийдэг үү?
-Анх би өрөөнийхөө буланд бичлэгээ хийдэг байсан. Одоо харин бүтэн нэг өрөөг студи болгон тохижуулж, бичлэгээ хийж байна. Бичлэгээ хийхээсээ өмнө ямар сэдэвтэй байхыг төлөвлөнө. Дараа нь гэрэлтүүлэг, арын фон ямар байх зэрэг бэлтгэлээ базаана. Ингээд бичлэгээ хийсний дараа эвлүүлэг хийж, сувагтаа нийтэлдэг.

Анх амаргүй үе зөндөө тохиосон. Бичлэгүүд маань олон хүнд хүрэхгүй, орлого олдоггүй байхад больдог ч юм билүү гэж бодож байсан. Гэхдээ өөртөө амралт өгч, бодлоо чөлөөлсөн.

-Өөрийнхөө сонирхлыг орлогын эх үүсвэр болгож чаджээ. Энэ тийм ч амар байгаагүй байх. Шантарч бичлэгээ хийхгүй орхимоор санагдсан үе бий юу. Тэр үеэ хэрхэн давж гарсан бэ?
-Анх амаргүй үе зөндөө тохиосон. Бичлэгүүд маань олон хүнд хүрэхгүй, орлого олдоггүй байхад больдог ч юм билүү гэж бодож байсан. Гэхдээ өөртөө амралт өгч, бодлоо чөлөөлсөн. Тэгээд л энэ сонирхлоо орхихгүй байхаар шийдсэн. Энэ л өнөөдрийг хүрэхэд тусалсан даа.

ДЭЛХИЙН ШИЛДЭГ САНХҮҮГИЙН ДӨРВӨН КОМПАНИЙН НЭГ “ERNST & YOUNG”-Д АЖИЛД ОРСОН НЬ

 

-Таны үндсэн мэргэжлийн талаар яръя. Одоо хаана ажилладаг вэ?
-Би “George Mason”-ий их сургуульд нягтлан бодох чиглэлээр суралцаж төгссөнийхөө дараа ажилд орсон. Биднийг төгсөх жилд манай сургууль дээр маш олон компани танилцуулгаа ирүүлж, ажлын санал тавьж байлаа. Дараа нь ажилд орохыг хүссэн оюутнуудыг ажлын ярилцлагад урьсан. Тухайн үед би өөрийн сонирхсон газрууддаа бүртгүүлж, 2-3 шатны ярилцлага, шалгуурыг давж дэлхийн шилдэг санхүүгийн дөрвөн компанийн нэг “Ernst & Young”-д ажилд орсон. Тус компани нь Facebook, Google, Apple зэрэг нэр хүнд бүхий олон компанид санхүүгийн аудит хийдэг.

Хүмүүс юу гэж бодох бол, амжилтгүй болбол яанаа гэж битгий бодоорой. Зүгээр л хийж үзэхийг хүссэн бол туршаад үз.

-Одоо хоёулаа ярианы сэдвээ хувийн амьдрал руу нь чиглүүлье гэж бодлоо. Нэг хүүтэй юм байна. Ээж болох үеийн мэдрэмж ямар байсан бэ?
-Хүү маань гурван настай. Төрсний дараа хүүгээ энгэртээ тэврэх үеийн мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй нандин. Маш их аз жаргал, баяр баясгаланг надад бэлэглэсэн гайхамшигтай мөч байсан. Миний бие одоогоор хүүхдээ ганцаараа өсгөж буй ээж.

-Эх орондоо хэзээ ирэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Эх орондоо 2020 онд очих төлөвлөгөөтэй байсан. Гэсэн хэдий ч ковидоос болоод хойшлуулах шаардлага тулгарсан. Монголдоо хурдан очиж хайртай гэр бүл, найз нөхөдтэйгөө уулзахыг хүсэж байна.

-Нууц биш бол youtube орлогынхоо тухай хуваалцаач. Хэрхэн цалинждаг вэ. Энэ асуултыг маш олон хүн сонирхож байгаа байх?
-Хэрхэн хандалт авснаасаа шалтгаалаад youtube-ийн орлого сар бүр өөр байдаг. Амжилттай сайн ажиллаж чадвал зөвхөн орлогын эх үүсвэр болгоод зогсохгүй шүү дээ. Хамгийн гол нь хүссэн цагтаа ажиллаж, амралтаа зохицуулж болно. Миний хувьд хувийн карьер минь чухал учир үндсэн ажлынхаа хажуугаар хийдэг. Ерөнхийдөө youtube бол нэмэлт орлого өгдөг, хоёр дахь ажил.

-Өөрийн гэсэн youtube сувагтай болж, түүгээрээ цалинждаг болохыг хүсэж байгаа хүмүүст юу гэж зөвлөмөөр байна?
-Хүмүүс юу гэж бодох бол, амжилтгүй болбол яанаа гэж битгий бодоорой. Зүгээр л хийж үзэхийг хүссэн бол туршаад үз. Шантрах үе мэдээж гарна. Гэхдээ тэр болгоныг эцсийн үр дүн шиг бодож битгий бууж өгөөрэй. Тууштай, хийж буй зүйлдээ итгэл үнэмшилтэй байгаарай гэж зөвлөмөөр байна.

-Маш олон залуус гадаадад сурах, англи хэлийг сайн эзэмшихийг хүсдэг. Тэдгээр залууст юуг захих бол?
-Гадаад хэл сурах нь чухал. Түүнчлэн сурч, амьдрах гэж буй орныхоо соёлыг судлах нь төдий чинээ ач холбогдолтой. Энэ нь тухайн газраа хурдан дасах, ажил, амьдралаа зохицуулахад тустай.

-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа. Танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье.