НҮБ: 2021 онд хүмүүнлэгийн хямрал болж мэднэ

Дэлхийн мэдээ
Дэлхийн улс орнууд өгөх ёстой санхүүжилтээ хийхгүй бол ирэх 2021 онд хүмүүнлэгийн үйлс өнгөрсөн 75 жилд болж байгаагүйгээрээ хямарч мэднэ гэж НҮБ-ын Хүнсний хөтөлбөрийн захирал Дэвид Бизли мэдэгдсэн байна.
Сүүлийн дөрвөн жилд дэлхийн улс орнуудад болсон зэвсэгт мөргөлдөөний улмаас манай гаргийн өлсч байгаа хүний тоо 80 саяар өсч 135 саяд хүрсэн. Гэтэл коронавирусын цар тахал дэлгэрсний улмаас энэ тоо хоёр дахин өсч 270 сая болоод байна. Ийм нөхцөл байдал Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш өнгөрсөн 75 жилд тохиож байгаагүй юм.
Энэ хямрал нь улс орнууд нөөц хөрөнгөө цар тахлын эсрэг тэмцэхэд зориулан барж байгаатай холбоотой. “Бид 19 их наяд доллараа үүнд зарцуулчхаад байна, магадгүй энэ хөрөнгө 2021 он гэхэд бий болж чадахгүй ч байж мэднэ. Эдийн засгийн уналт үргэлжилсээр байхад хэрэглээ хоёр дахин өсч байна” гэж Дэвид Бизли COVID-19-тэй тэмцэхэд зориулсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тусгай хуралдаан дээр үг хэлэхдээ онцлон тэмдэглэжээ.
Түүний хэлснээр бол шаардлагатай хөрөнгө хуримтлуулж чадахгүй бол хүмүүнлэгийн хямрал зайлшгүй нүүрлэнэ гээд “Ирэх онд бүхнийг санхүүжүүлж чадахгүй шүү гэж би дэлхийн улс орнуудын удирдагч, найз нөхөддөө хэлээд л байгаа. Ийм болохоор ирэх онд дутагдал гачигдал, өлсгөлөн, цагаачлал руу онцгой анхаарах хэрэгтэй болно” гэжээ.
Үүний өмнө Дэвид Бизли коронавирусын цар тахал нь “библийн хэмжээний” өлсгөлөнд хүргэж мэднэ гээд үүнийг даван туулахад 6.8 тэрбум ам.доллар хэрэгтэй гэж аравдугаар сард хэлж байсан юм.