Хабиб: 100 сая доллар өгвөл тулалдах талаар бодож үзье

Дэлхийн мэдээ

UFC холбооны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов энэ сарын 2-нд Москвад хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Эртнээс зарласан байсан тул спорт сонирхогчид түүнийг дахин тулалдах болсноо зарлах нь хэмээн хурлыг тэсэн ядан хүлээж байсан юм. Гэвч энэ хурлаас сүртэй том мэдэгдэл гарсангүй. Гол нь “Eagle Fighting Promotions” хэмээх Хабибын саяхан нэг сая ам.доллароор худалдан авсан холбооны талаар ярилцлаа. Ингээд хэвлэлийн хурал дээр түүний хэлсэн онцлох үгнүүдээс танилцуулъя.

“Нэгдүгээр сард болох Умарын тулааныг би үзнэ. Тэр үед Конор Макгрегортой тааралдах байх. Гар барин мэндлэх үү гэж та нар асууж байна. Амьдралд юу ч тохиолдож болно шүү дээ. Хүмүүс нэг нэгэнтэйгээ алалцаж байгаад эвлэрэх тохиолдол байдаг. Ямар ч гэсэн Конор тэр үеэр өдөөн хатгалга хийхгүй байх. Өөрийнхөө тулааныг бодоод сууж байх байлгүй дээ. Магадгүй UFC холбоо биднийг санаатайгаар уулзуулж болно. Тэд ийм юм хийхдээ гаргуун улсууд”

“Би одоо ч допингийн шинжилгээнд хамрагдсан хэвээр байгаа. USADA-д би зодог тайлсан тамирчин биш UFC-ийн аварга гэж тэмдэглэгдсэн байгаа болохоор дахиад зургаан сар шинжилгээнд хамрагдсаар л байх болно. Шинжилгээ авна л биз, надад хамаагүй. Би цэвэр тамирчин”

“Дана Уайттай уулзаж ярилцах гэж байгаа. Гэхдээ дахин тулалдах талаар ярих гээгүй. “Eagle Fighting Promotions” холбоогоо UFC-тэй хамтран ажилладаг болгомоор байна.  Холбооныхоо аваргуудыг шууд UFC-д тулалддаг болгох зорилготой. Бид арван жил хөгжөөд ч UFC-тэй өрсөлдөж чадахгүй. Тийм болохоор хамтран ажиллах хэрэгтэй”

“Би Гэтжид ялагдсан байсан ч зодог тайлах байсан. Зодог тайлна гэдгийг минь бараг  хүн мэдээгүй байсан. Ялагдаж үзээгүй болохоор ямар байдгийг би төсөөлж чадахгүй байна. Зодог тайлах шийдвэр гаргахад тун хэцүү байсан. Их спортоо орхисны дараа хэд хэдэн тэмцээн үзлээ. Тулалдмаар санагдаж байсан. Шинэ аваргууд цаашдаа олон гарна. Тэднийг өөртэйгөө харьцуулаад л суух байх”

“Дахин тулалдах уу гэдэг асуулт намайг үргэлж дагаж явах болно. Надад эргэн ирэх төлөвлөгөө алга. Илүү чухал зүйлд анхаарлаа хандуулмаар байна. Би ялалтаасаа таашаал авахаа больсон. Тийм болохоор зодог тайлсан бол нэг мөсөн л тайлна. Дана Уайт намайг буцаан авчрах гэж их мөнгө амлах байх. Сонирхолтой өрсөлдөгчөөр намайг буцааж чадахгүй. Хэнийг санал болгоно гэж? Нэгдүгээр сард Макгрегор, Порье хоёр тулалдана. Хоёуланг нь би боож ялж байлаа. Тэд надад бууж өгсөн, тэдэнтэй тулалдах спортын ямар ч сонирхол алга. 100 сая ам.доллар амлавал ч өөр хэрэг (инээв). Гэхдээ дахиад хэлье. Надад сонирхол алга”

“Үзүүлэх тоглолт, шоунд орох санал их ирдэг. Би супер тулаан олныг хийсэн хүн, шоунд орох төлөвлөгөө алга. Хандив цуглуулах, буяны тоглолт байж болох л юм. Гэхдээ би зодог тайлаад удаагүй байна. Надад амрах хугацаа өг л дөө”