Орост энэ сарын 7-ноос "COVID19"-ийн вакцинжуулалт эхэлнэ

Дэлхийн мэдээ
Оросын нийт хүн амд коронавирусээс сэргийлэх вакцин тарих ажлыг арванхоёрдугаар сарын 7-ноос эхлүүлэхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ерөнхий сайдын орлогч Татьяна Голиковад даалгасан байна. Ойрын өдрүүдэд Орост “Спутник V” вакцин хоёр сая тунг үйлдэрлэнэ гэж Владимир Путин онцолжээ. Вакциныг эхлээд хамгийн эрсдэлтэй хоёр бүлэг болох эмч, багш нарт тарих юм байна.
Вакциныг оросын иргэдэд сайн дурын үндсэн дээр, үнэгүйгээр тарина. Вакцинжуулах ажлыг оросын дөрвөн бүсэд Батлан хамгаалахын олон зориулалттай зөөврийн эмнэлгүүдээр тарьж эхлэхийг “Россия 24” телевизээр шууд дамжуулан үзүүлэх юм байна. Өндөр албаны сайд дарга, түшмэлүүдийг ч гэсэн сайн дурын үндсэн дээр вакцинжуулах юм.
Орост өнөөдөр хоёр сая 347 мянга 401 хүн коронавирусын халдвараар өвчлөөд байгаа бол 1 830 349 хүн эрүүлжиж 41 053 хүн энэ өвчний улмаас нас бараад байгаа юм.