Шуурхай мэдээ: Их Британи "Pfizer"-ийн вакциныг зөвшөөрлөө

Дэлхийн мэдээ

Их Британи улс "Pfizer/BioNTech" компанийн бүтээсэн Covid-19-ийн эсрэг вакциныг олон нийтэд хэрэглэхийг зөвшөөрсөн анхны улс боллоо. Мөн ингэснээр энэхүү вакцин нь Covid-19-ийн эсрэг вакцинуудаас олон нийтийн хэрэглээнд нэвтэрсэн анхны вакцин болох юм. Тус улсын Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний хяналтын албанаас уг вакциныг аюлгүй гэж үзсэн учраас зөвшөөрөл олгожээ. Их Британи одоогоор 40 сая тунг захиалаад байгаа ба ирэх долоо хоногоос иргэдээ вакцинжуулалтад хамруулж эхлэх юм байна. Энэ нь 20 сая хүнд хүрэлцэхүйц хэмжээ юм.

АНУ-ын “Pfizer”, Германы “BioNTech” компаниудын хамтран бүтээсэн вакцины туршилтад 43 мянган хүн оролцсоноос ямар нэгэн ноцтой гаж нөлөө илрээгүй байна. Уг вакциныг гурван долоо хоногийн зайтай хоёр тунг хийх шаардлагатай ба -70 хэмийн хүйтэнд зургаан сар хүртэл хадгалах боломжтой бол өрөөний температурт тав хүртэл хоног хадгалах боломжтой аж.

Тээвэрлэлт, хадгалалтын хувьд бусад вакцинуудаас илүү онцгой нөхцөл шаардаж байгаа учир зарим улс орнуудад хүргэхэд хүндрэлтэй. Энэ вакциныг Европын Холбоо хамгийн их буюу 300 сая тун, АНУ 100 сая тун, Япон 120 сая, Их Британи, Канад, Австрали, Чили улсууд дор хаяж 10 сая тун авахаар урьдчилан тохиролцжээ. Үнийн хувьд тун тус бүр нь 20 ам.доллараар зарагдах төлөвтэй байна.