Хувь хүний мэдээлэл хамгийн их цуглуулдаг апп-уудыг тодруулжээ

Дэлхийн мэдээ

Мэдээллийн технологийн аналитик дүн шинжилгээний TelecomDaily агентлагийн мэдээлснээр, Оросын "ВКонтакте" болон "Одноклассники" сошиал сүлжээ, мөн Оросын төрийн үйлчилгээний портал сайт нь хувь хүний талаарх мэдээллийг хамгийн их цуглуулж байгаа талаар Риа Новости хэвлэл дамжууллаа. 

TelecomDaily агентлаг энэхүү дүгнэлтээ өөрийн хийсэн судалгаанд үндэслэн гаргасан бөгөөд Android болон iOs үйлдлийн системд суурилсан дэлхийн топ 100 аппликэйшнийг хамруулан судалсан байна. Апп бүрийг 30 үзүүлэлтээр харьцуулжээ. Апп-ыг төхөөрөмждөө татан суулгах явцдаа хэрэглэгч хэрхэн бүртгүүлдэг, бүртгүүлсэн хэрэглэгчийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангадаг эсэх үзүүлэлтийг онцгойлон  үзсэн байна. Тухайлбал, хэрэглэгчийн овог, нэр, суурин болон гар утасны дугаар, гэрийн хаяг, цахим шуудан, гэр бүлийн байдал, боловсролын түвшин, ажлын газрын мэдээлэл, байршлаа заавал мэдүүлэх тохиргоотой эсэх, ямар сүлжээгээр интернэтэд холбогддог  зэрэг мэдээллийг авч байгааг судалгаагаар тодруулжээ.

Ингээд хувь хүний мэдээллийг хамгийн их цуглуулдаг апп-ыг "ВКонтакте" тэргүүлсэн байна. Энэ апп хувь хүний мэдээллийг 83,3 хувийг  цуглуулдаг гэжээ. Удаад нь "Одноклассники" болон Оросын төрийн үйлчилгээний портал тус бүр 63,3, Facebook, "Тинькофф", "Сбербанк Онлайн" тус бүр 56 хувийн мэдээлэл цуглуулдаг байна. Үүнээс гадна Ozon, "Мегафон", HeadHunter, Tiktok, Wildberries, Aliexpress, "Юла", Uber, "Яндекс.Маркет", Instagram апп-ууд хувь хүний мэдээлэл цуглуулдаг байна.