Энэ онд хамгийн их хайлттай үгээр "цар тахал" тодорчээ

Дэлхийн мэдээ

CNN хэвлэлийн мэдээлсэнээр Америкийн Мерриам Вебстерийн толь бичигт цар тахал гэдэг нэр үг энэ оны онцлох үгээр тодорчээ. Тус толь бичгийн газраас “Заримдаа нэг үг бүхэл бүтэн эрин үеийг тодорхойлдог. Бид оны онцлох үгээ тодруулах судалгаа хийхэд нэг үг хамгийн түрүүнд гарч ирсэн. Бид “цар тахал” гэдэг үгийг 2020 оны онцлох үгээр нэрлэсэн” гэж мэдэгдсэн байна. Учир нь  хамгийн олон хайлт хийгдэж, өнгөрсөн онуудтай харьцуулахад олны анхаарлыг хамгийн их татсан үгсэд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр онцлох үгийг нэрлэдэг аж. АНУ-д "Ковид-19" халдвар авсан анхны өвчтөн эмнэлгээс гарах үед буюу  хоёрдугаар сарын 3-нд цар тахал гэдэг үгийн хайлт  нэмэгдэж эхэлсэн байна. Энэ үед тус үгний хайлтыг өнгөрсөн оныхтой харьцуулахад 1621 хувиар нэмэгдсэн бол гуравдугаар сар гарснаас хойш 4000 хувиар нэмэгдсэн байна. Гуравдугаар сарын 11-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний халдварт өвчнийг цар тахал хэмээн зарлах үед энэ үгний хайлт 115806 хувиар нэмэгджээ. Дашрамд дурдхад Мерриам Вебстерийн толь бичиг оны онцлох үгийг 15 дахь жилдээ дараалан тодруулж байгаа аж. Өнгөрсөн онд “тэд” гэдэг үг оны онцлохоор тодорсон бол 2018 онд шударга ёс, 2017 онд "феминизм", 2013 онд "шинжлэх ухаан",  2011 онд прагматик зэрэг үг нэрлэгдэж байжээ.